ЭКВАДОР ОРЧМЫН ИРВЭСИЙН АРЬС БАЙЖЭЭ.

Өвлийн цагт цас хамгийн анх хаана их цоохортож байгааг шинжиж үзээд тэр газарт Богд хааны Ногоон ордонг барьжээ. Мөн хэсэг газрыг дөрвөлжилж ухаад шороог нь буцаагаад хийхэд шороо нь илүү гарч байсан тул “сайн хөрстэй газар” хэмээн үзсэн аж. Эдүгээ энэ газарт Богд хааны Ногоон ордон ба Өвлийн ордон нь “түүхэн музей” болон үлдэж хаан, хатан хоёрын хэрэглэж байсан торгон хувцас, эд өлгийн зүйл нь зорин ирэгсдийн мэлмийд өртөж сэтгэлийг баясгаж байна.   

Богд хааны ордон музейн ховор үзмэрийн нэг нь “ирвэсийн арьсан бүрээстэй монгол гэр”. Тус гэрийн туурга болоод хаяавч нь муудаж ялзарсан учраас АНУ-ын ЭСЯ-ны хөрөнгө оруулалтаар сэргээн засварлажээ. Гааль дээр хураагдсан ирвэсийн арьсаар нөхөж сэргээхээр болсон боловч монгол ирвэсийн үсэрхэг хөвсгөр, илт зузаадаад таарахгүй байсан гэнэ. Эл гэрийг 1893 онд Хэнтий аймгийн бэйс Санлигдорж Богд хааны 25 насны төрсөн өдрөөр бэлэглэжээ. Гэрийн туургыг урлахад 150 ирвэсийн арьс орсон гэж тэмдэглэсэн бөгөөд арьсны ихэнх нь эквадор орчмын халуун орны цоохор ирвэсийнх болох нь тогтоогдсон. Бэйс Санлигдорж Торгоны зам, Цайны замын худалдаачдаас худалдан авч, урчуудаар хийлгэсэн байна хэмээн үзжээ.

Бас нэгэн үнэт өв болох Дондогдулам хатны сувдан хээтэй хантаазны нэг хээнд 4400 сувд орсон гэдэг. Нэг ч нүхгүйгээр бүтээгдсэн нь одоог хүртэл учир битүүлэг аж. Хантаазны бүх хээнд байх сувдыг одоогийн ханшаар нь тооцож үзэхэд ойролцоогоор тэрбум шахуу төгрөгөөр үнэлэгдэх юм.

Богд хаантай уулзах хүлээлгийн өрөөнд давхарласан 25 ширхэг алт, мөнгөн утсаар хатгаж чимэглэсэн олбог бий. “VIII Богд дээшээ долоон төрөлтэй. Дээд төрөл нь өндөр гэгээн Занабазар. Өндөр гэгээн Занабазараас дээш 16 төрөл бий. Нийлээд 25 төрөл болдог тул тэдгээр тодорсон дүрийн тоогоор 25 ширхэг олбог урлаж алт мөнгөн утсаар хатгасан байдаг. Тус олбогт Богд хаан залардаг байв. Харин зарим эрдэмтэд үүнийг Манжийн хаан болоод ард түмнээс өгсөн цол хэргэмүүд нь нийлээд 25 болдог хэмээн ойлгосоор иржээ.

ТОО
0
0
0