ГАДААД МОНГОЛЫН “АМЬД БУРХАН” ДИЛАВ ХУТАГТ

Дилав Хутагт бол БНМАУ дахь Нарванчин хийдийн хамба лам байсан, хувилгаан хүн. Гучаад оны эхээр баривчлагдсан боловч эсэргүү тагнуулын хэрэг нь нотлогдоогүй учраас суллагдсан байна. Ирээдүйд учрах гай зовлонг таамаглаж байсан тул тэрбээр зугтахаар шийдэж, Хятад руу гарсан бөгөөд 1949 оны 2 сарын сүүлээр Америкийн Монголч эрдэмтэн Оуэн Латтимор түүнийг хоёр туслах монголтой нь хамт АНУ-д авчирсан гэдэг. “Хутагт”, “гэгээн” хэмээх үгсийг англи хэлнээ яг үндсэн утгаар нь “Living Buddha” буюу “Амьд Бурхан, Амилсан Хувилгаан” хэмээн орчуулдаг. Дилова хутагтыг “Гадаад Монголын уугуул” хэмээн ихэд онцолсон байдаг. Учир нь тэр цагт АНУ-д монгол цустан иргэд байсан боловч бүгд Халимаг, Өвөрмонголоос ирсэн хүмүүс байжээ. Чухам Ар Монгол буюу тусгаар Монгол улсаас ирсэн ганц л хүн байсан нь Дилав хутагт байжээ. Дилав хутагт Америкт ирээд Балтиморт, Жон Хопкинсын Их Сургуульд Латтиморын нэг судалгааны төсөл дээр ажиллаж байжээ. 1951 онд Вашингтоны их сургуулийн Алс Дорнодын тэнхимийн урилгаар Дилав Хутагт тус сургуульд зочилж Монголч эрдэмтэн Николас Поппетой уулзжээ. Тэр уулзалтад Паул Кирхофф нарын багш, өдгөө Висконсины Их Сургуульд багшилж буй Роберт Миллер нарын доктор, оюутнууд идэвхтэй оролцож, олон асуулт тавьж байжээ. Дилав хутагт бол маш эрдэм боловсролтой, цэцэн цэлмэг, эелдэг зөөлөн, сайхан хүн байсан тухай түүнтэй уулзсан америкийн эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ. Дилав Хутагт 1965 онд хорт хавдраар жанч халжээ.

Н.Поппе нь монгол, уйгар, якут, эвенк гэх мэт арван тав орчим хэлээр ярьж чаддаг байв. Н.Поппе Латтиморийн тухай бичихдээ: “...МкКартигийн хэрэг гэгч нь АНУ дахь Монгол судлаач Оуэн Латтиморын ахуй амьдралд хорт нөлөөгөө тусгасан хилс хэрэг билээ. Латтимор Зөвлөлт засаг, Социалист Монголын тухай ихэвчлэн сайн талаас нь бичдэг судлаач байв. Латтиморын хичээл зүтгэлээр Дэ вангийн дэргэд коммунист Хятадын эсрэг идэвхтэй тэмцэж байсан Онон Өргөнгөө, Хангин Гомбожав нарыг, тэднээс өмнө Дилова хутагтыг АНУ-д ирүүлээд байсан билээ. Энэ бүх үйл ажиллагааг нь Винконсин мужаас сонгогдсон сенатч Жозеф МкКарти мушгин, Зөвлөлтийн тагнуул, коммунист хэмээн буруутгасан юм. Тэр үед Афганистанд явж байсан Оуэн Латтимор яаралтай эргэн ирж, гэм буруугүйгээ нотлон мэдүүлэг өгчээ. 1950-1955 онд Сенатад олон удаа дуудагдан, байцаалтанд өртөн, мэдүүлэг өгч, эцсийн эцэст гэм буруугүй нь тогтоогдсон ч гэлээ Жон Хопкинсын Их Сургуульд үндэслэн байгуулсан Монгол судлалын хөтөлбөр нь сүйрэхэд хүрсэн юм. Ингээд Оуэн Латтимор 1963 онд Лийдсийн их сургуулийн урилгыг хүлээн авч, Их Британийг зорин, тэнд Монгол судлалын хөтөлбөрийг үндэслэжээ. Англи хэл сайн эзэмшсэн манай дээхэн үеийн бараг бүх сэхээтнүүд Лийдсийн их сургуулиас хэлнийхээ боловсролыг эзэмшсэн байдаг. Тэр бол Латтиморын үүсгэсэн хөтөлбөрийн нэг хэсэг билээ. Латтиморыг урвагчаар яллуулан, хамгийн хүнд хэцүү шийтгэлийг авч мэдэх тэр эгзэгтэй үед Дилова хутагт залбирал ном уншиж, түүнийг хүнд ялнаас хэлтрүүлсэн гэж ярьдаг. Түүний уншсан номыг  “fierce” буюу “хүчтэй, догшин, ширүүн” гэж тайлбарласан бөгөөд тэр нь ямар нэг “Ганшиг” уншсан байж болох юм.

Оуэн Латтиморын Жон Хопкинсын их сургуульд үүсгэсэн Монгол судлалын хөтөлбөрийн төслүүдийн хүрээнд Дилова хутагт, Онон Өргөнгөө, Хангин Гомбожав нар хийх ажилтай, цалинтай байжээ. Харамсалтай нь тэрхүү хөтөлбөр МкКартигийн нөлөөгөөр мөхсөн юм.  

Беркли дэх Калифорнийн Их Сургуульд 1942 онд хийж эхлээд 1960 онд дуусч хэвлэгдсэн “Монгол хэлний толь бичиг” хийх ажилд Маттай Халтод, Хангин Гомбожав, Серге Кассаткин нарын хамтран зүтгэсэн бөгөөд толь бүтээх ажлын зөвлөхөөр Н.Поппе 1950-иад оны эхээр ирж тусалж байжээ. Дараа нь Дилав хутагт ирж тусалснаар Н.Поппе тэр хоёр уулзан танилцах боломж бүрджээ.

Энэхүү толь нь  “Лессингийн толь” гэж алдаршжээ. Одоо ч хамгийн сайн Монгол-Англи тольд тооцогдсоор байгаа бөгөөд Фердинанд де Лессингийн удирдлага дор бүтээгджээ.  

Харин Дилав хутагтыг Сиэттлд айлчилж, нэрт монголч эрдэмтэн Николас Поппетой уулзсан тухай мэдээг 1951 оны 9-р сарын 16-ны сонинд тэмдэглэхдээ “АНУ дахь цорын ганц “Амьд Бурхан” Вашингтоны Их Сургуульд айлчлав” хэмээх гарчигтайгаар нийтэлж, “Гэгээн хутагт Вашингтоны Их Сургуулийн Алс Дорнодын салбарын профессор Н.Поппегийн урилгаар хүрэлцэн ирээд байна. Гадаад Монголын уугуул Дилова Беркли дэх Калифорнийн их сургуульд Монгол хэлний толь бичиг хийх ажилд туслан зусаад, даваа гарагт энд ирсэн юм” гэх мэтээр бичжээ.  

ТОО
0
0
0