МОНГОЛД ЛААНЫ ТОСОН МУЗЕЙ БАЙГУУЛНА.

Дэлхий дахинаа монгол хүнийг сурталчилж, монгол бахархлыг бадраан, монгол хүний хөгжлийг дэлхийн эрмэлзэл рүү хөтлөх зорилготой “Дэлхийн монгол хүн” нэртэй төсөл санаачилжээ.

Уг төслийг санаачлан ажиллаж байгаа “Старсофт” ХХК-ийн ерөнхий захирал Д.Өлзий-Орших: Монгол түмний дундаас оюун ухаан, авъяас билэг, эр зоригоороо тодрон гарсан түүхэн хүмүүсийг дэлхий дахинд сурталчлах, таниулах зорилгоор уг төслийг санаачилсан юм. Бид нийслэл хотынхоо төвд, Жуулчны гудамжинд “Дэлхийн монгол хүн” нэртэй лааны тосон музей байгуулна. Музей маань зөвхөн монголчуудад төдийгүй гадны зочид төлөөлөгч, жуулчдад зориулагдсан. Манай улсад ажил хэрэг, аялал жуулчлал, дамжин өнгөрөх зорилгоор гадныхан олноор ирж байгаа. Гадна, дотны жуулчид хамгийн түрүүнд очиж үзэх газрын нэг нь лааны тосон баримлын музей байх юм. Жуулчны гудамж буюу Урт цагаанд байвал тохиромжтой. Учир нь тэндээс жаахан дээшээ өгсөөд жуулчдын хамгийн түрүүнд сонирхдог Гандантэгчинлэн хийд байна. Хажууханд нь Дүрслэх урлагийн музей, урд нь Улсын их дэлгүүр бий. Удахгүй яг ар талд нь үлэг гүрвэлийн музей байгуулагдах гэж байгаа. Тэгэхээр Жуулчны гудамжийг жинхэнэ утгаар нь жуулчдад зориулсан газар болгох боломж бидэнд байна.

Музейд үндэснийхээ бахархлыг шингээж өгнө. Хүүхэд багачууд музейг үзэж сонирхоод тэндээс үндэс угсаагаараа бахархах мэдрэмжийг олж авах юм. Нүүдэлчин соёл иргэншлийн улмаас бидэнд яг энэ байна гээд өвлөгдөөгүй, түүхэн хүмүүсийн дүр төрхийг ард түмэнд, үр хойчдоо бодитоор нь харуулахыг зорьж байна. Түүнээс гадна, өдгөө Монгол Улсыг дэлхий дахинаа дуурсган алдаршуулж байгаа алдартнуудын бодит дүр төрхийг бүтээх юм. Монголчууд бид цөөхүүлээ ч гэлээ асар мундаг хүмүүс. Бидний сор болсон хүмүүсийн суу алдрыг дуурсгаж, мөнхлөн үлдээнэ. Ингэснээр хожим хойч маань, бидний ирээдүй болсон хүүхдүүд тэднийг хараад би ч гэсэн алдартай болж, дэлхийд үнэлэгдэж болох юм байна шүү гэх өөдрөг үзэлтэй, том зорилготой болох юм. Дэлхий нийт манай орныг зөвхөн Чингис хаанаар төсөөлөөд байдаг. Харин энэ музейгээс бусад “Дэлхийн монгол хүн”-ийг таньж мэдэх ач холбогдолтой.

Хэний дүр мөнхөрч үлдэхийг ард түмэн мэднэ. Олон нийтийн дунд санал асуулга явуулж байж шийдэх юм. Бид урьдчилсан байдлаар хорин хүний нэр гаргачихсан байгаа. Мэдээж, их эзэн Чингис хаан байх нь баараггүй. Мөн олимпийн наадмын анхны аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, олноо алдаршсан өндөр Гонгор гэхчилэн хүмүүсийг сонгоод байгаа. Гэхдээ эцсийн байдлаар хэнийг мөнхөлж үлдээхийг ард түмний санал асуулгын дүн шийднэ. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болохоор олон нийтийн саналыг нэн тэргүүнд тавих юм. Музейг үзэх гадныхан Чингис хааны тосон баримлыг харах гэж ороод манай улсаас ямар тамирчин олимпийн аварга болсныг, хэн сансарт ниссэнийг, дэлхийн дээвэр Эверестэд ямар уулчин амжилттай гарсныг, дэлхийг донсолгож байсан агуу түүхт баатруудын тухай мэдэж авах юм. Нэг ёсондоо Монголын бүх л бахархал болсон манлайлагчтай танилцана гэсэн үг. Лааны тосон музейг ихэнх улс бизнесийн зорилгоор хөгжүүлдэг. Гэтэл бид зөвхөн бизнес талаас нь харахгүй. Музейгээр ороод гарсан хэн ч одоо болон өнгөрсөн үеийн түүхтэй маш сонирхолтойгоор танилцах юм. Ер нь монгол хүний хүч чадал, оюун ухааныг бишрүүлэх үүднээс уг төслийг санаачилсан.

Нөгөө талаас аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэж, гадаад дотоодын жуулчдын тоо өснө. Нийслэл хотод маань жуулчдад үзүүлж харуулах юм ховор байна гэдэг. Тэгвэл лааны тосон музей жуулчдын заавал очдог газруудын нэг болно. Гадны жуулчид өмнө нь нийслэлд нэг л өдөр саатдаг байсан бол лааны тосон музейтэй болсноор хотод хоёр өдөр аялах боломжтой болно. Үүнийг дагаад Улаанбаатар хотод орж буй бүх төрлийн орлого хоёр дахин нэмэгдэх боломжтой.

Түүхэн талаас нь аваад үзэхэд, түүхэн бодит хүмүүсийг цаг үе, ахуй соёлтой нь бүтээх юм. Жишээ нь, Атилла хааныг бүтээлээ гэхэд тухайн үед хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл, ахуй соёлтой давхар танилцана гэсэн үг. Ингэж үндэснийхээ түүх соёлыг давхар сурталчилна. Үзмэр бүр өөр өөрийн цаг үеийн, Монгол Улсын нэрийг хэрхэн алдаршуулсан нь харагдахаар байх юм. Зөвхөн лааны тосон баримал гэлтгүй видео бичлэг, бодит дуу хоолой, эдэлж хэрэглэж байсан зүйлээр нь баяжуулах бодолтой байгаа. Музейгээс гадна жуулчдад зориулсан нэгэн цогцолбор төвтэй болж болно. Жуулчны талбайд Монголын алдартнуудын хөшөө дурсгал, гарын үсэг, гарын хээ, хэлсэн үг, зураг, баримал гэхчилэн чөлөөт үзэсгэлэн байгуулна. Бидний ажил одоогоор төслийн шатандаа явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд дэмжиж байгаа. Тэгэхээр бид тун удахгүй эх орноороо бахархах, гайхуулах нэгэн цогцолбор төвтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Монгол хүнийг дэлхийд сурталчлах энэ төсөлтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэн бидэнтэй холбогдож болно гэдгийг хэлье.        

ТОО
0
0
0