ХҮННҮ ГҮРНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛ

Монголчууд бид агуу түүхтэй дэлхийн долоон томоохон иргэншлийн нэгд тооцогддог. Өөрөөр хэлбэл дэлхий дээр одоогоор байгаа 14000 гаруй угсаатан ястнуудаас Хүннү, Сяньби угсааны хожмын монголчууд бидний түүх хамгийн агуу долоод багтдаг гэсэн үг л дээ. Түүхийн хуудас сөхвөөс хүннү нар бол монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг билээ. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төрт улсыг байгуулсан гэдэг. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төрт улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байрладаг байсан агаад Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болсон юм. Тэр ч утгаараа Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв.

Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн хэрэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрдэг байв. Харамсалтай нь Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулгаас болж, МӨ 53 онд хоёр хэсэг болон хуваагдаж, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн тухай түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Дашрамд сонирхуулахад Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ.

Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн гурван хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байсан бөгөөд улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирдаг байв. Харин вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжлагчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байсан гэх. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байсан бөгөөд Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын Монгол, Түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлдсэн хэмээн эрдэмтэд баталдаг. Түүнчлэн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй байсан агаад нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байсан төдийгүй ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ.

 

Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн тухай та бид бэлхнээ мэднэ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.

 

Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг юм. Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэлчдийн байгуулсан Хүннү гүрэн дорноос өрнө тийш Солонгосын хойгоос Иран Ирак хүртэл, Байгаль далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулж тухайн үедээ Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн болох Энэтхэг, Хятад, Перстэй эн зэрэгцэж байсан аугаа их сүр хүчний илэрхийлэл болж байсан юм. Төв Азийн энэ нүүдэлчдийн довтолгооноос эмээхдээ Хань гүрний хаад алдарт түмэн газрын цагаан хэрмийг бариулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тодорхой дурдсан нь бий.

 

Хүннү гүрэн асар уудам нутгийг эзлэн оршиж байсан ч төр улсын голомт, тархан сууж байсан газар нутгийн дийлэнх нь одоогийн манай улсын нутаг дэвсгэрт багтдаг тухай дээр дурьдсан. Өнөөдрийн байдлаар Хүннүгийн үеийн таван мянга орчим булш, 20 орчим хот, суурин, долоон оршуулгын дурсгалт газар манай улсын нутагт илрээд байгаа. Үнэн хэрэгтээ Монголд Модун шаньюйн тухай ганц ч кино, жүжиг, бүтээл, хөшөө алга. Кино хийж, хөшөө босгож амждаггүй юмаа гэхэд ядаж л Хүннү гүрний дэлхийн болон Азийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар нүүдэл угсааны улс гүрнүүдийн эрдэмтэн мэргэдийг оролцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж бүдэг бадаг үлдсэн түүхэн эх сурвалжуудын талаар нэгдсэн ойлголттой болоход илүүдэхгүй.

Хүннүгийн удам гэгддэг түүхэнд догшин Атилла хэрхэн өрнийг чичрүүлж байсан хүмүүний тухай өнөө ч европчууд шагшин гайхацгаадаг атлаа Хүннүчүүд Төв азиас тэр тусмаа Монголын тал нутгаас ирсэн гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүннүчүүд өнөөгийн Унгарчуудын бахархал. Мөн Ази, Европыг дамнасан Түрэгүүдийн ч өвөг дээдэс. Тэр утгаараа Хүннү гүрний алдар гавьяа тэдэнд ч бас хамаатайг үгүйсгэж болохгүй ч эх сурвалж нь монголчууд бидний алтан өлгийн Төв азийн тэгш өндөрлөг. Хүннүгээ “хүнд” алдчихгүй л юмсан даа.

 

 

Хүннү нар нь Төв Азид тогтсон анхны төрт улс, тухайн үеийн нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон төв болж байсныг таван зүйлээр тайлбарладаг. Тухайлбал,

Хүннү нь Хан улстай эн тэнцүү хүчирхэг орон гэж хүлээн зөвшөөрсөн төдийгүй 50 гаруй жилийн турш татвар авч байсантай холбоотой. Хан улс нь Хүннү улсыг довтолгооноос хамгаалж цагаан хэрмийг барьсан юм.

Соёл иргэншилийн онолоор буюу Л.Н.Гумилевын үзэж байгаагаар эрчимт хүчний хөгжлийн нэг нэг эргэлт долоон үе шатыг буюу 1200-1500 жил үргэлжилдэг гэж үзвэл Монгол угсаатны хувьд эрчимт хүчний нэг дэх оргил нь Хүннүгээс эхлэн 1200-аад жил үргэлжлэн Кидан гүрний мөхлөөр дуусаж байгаа цаг үетэй тохирдог.

Нүүдэлчдийн соёл иргэншлийг ач холбогдлоор нь суурин соёл иргэншилтэй эн тэнцүүхэн тавьж үзвээс чухамхүү Хүннү нарын үеэс нүүдэлчдийн соёлын өвөрмөц талууд болох байгаль дэлхийдээ нөлөө учруулахгүйгээр, түүнтэй аль болох зохицон мал аж ахуйгаа эрхэлж амьдарсаар иржээ.

Хүннү нар нь өндөр соёлтой хүчирхэг орон болохынхоо хувьд бусад орнуудтай өргөн харилцаатай байж, нүүдлийн ба суурин соёл иргэншлийн давуутай талуудыг харилцан солилцон баяжуулж иржээ. Тухайлбал, Хүннү нарын үеэс 12 жилийн он тоолол үүссэн бөгөөд түүнийг Хан үндэстэн авч хэрэглэсэн гэсэн үндэслэлийг АНУ-ын эрдэмтэн М.Л.Лач, Хятадын түүхч Чжао Инь нар баталсан юм. Энэ бол нүүдэлчдээс дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн зөвхөн ганц жишээ.

Зарим эрдэмтэд, судлаачид Лууг Төв Ази болон Монголын говь, тал хээрт анх үүссэн гэсэн дүгнэлт хийжээ. Хүннүгийн нийслэл Луут хот, дараа дараагийн улсуудын гол хот нь Орхоны сав дагуу нутаглаж байснаас үзэхэд Хүннү нарын нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, төв болох нь баталгаатай асуудал юм. Хүннүгийн Эзэн Шаньюйгийн хэрэглэж байсан Алтан Луут бүс Ноён уулын Хүннүгийн булшаас гарсан Лууны дүрс гэх мэт олдворууд бий. Луу хятадаас өмнө Монголд үүссэн байх үндэстэй Лууны яс манайд л бий ажээ. 

 

ТОО
0
0
0