МОНГОЛД АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ОЛОН УЛСЫН ХУРДНЫ ЗАМ БАРИНА

Монголоор дайруулж Орос, Хятадыг холбосон хурдны зам 2016 онд гэхэд ашиглалтад орно гэж албаныхан хэлж байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат:  Хурдны замын хувьд концессын зүйлийн жагсаалтад үндсэндээ хоёр хэсэг орсон байсан юм. Алтанбулаг-УБ, УБ-Замын үүд гэсэн хоёр тусдаа хэсэг төсөл дээр өмнөх Засгийн газрын үед тендер зарласан байсан. Алтанбулаг-УБ чиглэлийн зам дээр хэд хэдэн компани өрсөлдөж нэг компани шалгарсан. УБ-Замын үүд чиглэлийн зам дээр оролцогч ирээгүй. Сонирхогч байгаагүй гэсэн үг. Шинэ Засгийн газар байгуулагдаж шалгарсан компанитай ажлын хэсгээрээ уулзаж хэлэлцээ хийхэд хоёр замыг нэгтгэж нэг зам болгож өргөжүүлье гэсэн санал гарч, тэр дагуу Алтанбулаг-УБ-Замын үүд гэсэн төсөл хэрэгжих болсон түүхтэй. Одоо байгаа замын хажуугаар нь паралельний зэргэлдээ явах хурдны зам бөгөөд Н3 гэсэн Европоос Хятад руу явсан хурдны замын чиглэлийн дагуу баригдана. ОХУ, Хятад хоёрыг холбосон Монголоор дамжсан хурдны зам болох юм. Монголд өнөөдрийн байдлаар баригдаагүй өндөр чанарын зам болно. Нарийвчилсан чиглэлийг нь сонгогдсон компани тогтооно. Ямар нугалаа нугачаатай, уул хадны хаагуур явах вэ гэдгийг тодорхой болгох ажлыг салбарын яам нь хариуцна. Одоогоор мянгаад км гэж үзэж байгаа бөгөөд хурдны огтлолцохгүй зам гэсэн үг. Зам руугаа буцаж орж болдог зангилаануудтай, томоохон суурин газрын дэргэдүүр өнгөрөхдөө энэ зангилаа гарч, ордог павилионуудтай байх юм. Улаанбаатарын хажуугаар өнгөрөхдөө Улаанбаатарын замыг дагасан цагариг замуудын нэг хэсэг болоод явна. Консорциумд Монголын авто зам, барилгын толгой компаниудаас гадна Европ, Хятадын компаниуд ч бий. Хурдны замын төслийг олон улсын туршлагаас суралцах том боломж гэж харж болно. Манай компаниуд одооны байгаа түвшнээсээ өчнөөн өндөр түвшинд очно гэсэн үг. Мэргэжил, чадвар, мэдлэг, тоног төхөөрөмжийн хувьд гээд бүх талаараа туршлагажих том төсөл учраас дагалдах бизнесүүд ч өргөнөөр хөгжих бүрэн боломжтой. Тодорхой банк, санхүүгийн байгууллагуудтай мөнгө босгох асуудлаар урьдчилсан байдлаар гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа. Манай улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Энэ зам бол олон улсын зураг дээр байдаг Н3 гээд Европыг Хятадтай холбосон зам. Хоёрдугаарт энэ зам бол Ази, Европыг холбосон хамгийн дөт зам. Тарифийн хувьд Монголын бизнесийнхэн энэ замыг түлхүү ашиглах боломжийг хангах тал дээр гол анхаарлаа хандуулна. Мэдээж олон улсын чанартай дамжин өнгөрөх бараа эргэлтүүд нэлээд явагдана. ОХУ, Хятад Улс хоорондоо бараа таваарын эргэлтээ нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн байдаг. Энэ зам баригдсанаас хойш Европоос шууд Хятад руу бараа зөөх боломж нээгдэнэ. Өөр нэг олзуурхаж байгаа зүйл гэвэл энэ зам ашиглалтад орсноор Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс авто замаар шууд холбогдоно. Хоёр чөлөөт бүс хурдны замаар холбогдчихоор бараа таваарын эргэлт нэмэгдэнэ. Энэ бол асар том бүтээн байгуулалтын ажил. Концессын тухай хуулийн дагуу барих, ашиглах, шилжүүлэх гэсэн төрлөөр хэрэгжинэ. 25 жилийн гэрээтэй бөгөөд эхний гурван жилийн хугацаанд замаа бариад дуусчих байх. Дараа нь арчилгаа засвар үйлчилгээг нь хариуцаж, тодорхой тарифын дагуу хураамжаа авч эхэлснээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх юм. 25 жилийн дараа төрд хүлээлгэж өгнө. Энэ хугацаанд арчлалт байнга хийгдэнэ.

ТОО
0
0
0