ШОНХОР ШУВУУ ОЛНООР ХОРОГДЖЭЭ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Уулбаян сум руу явах замд шинэ тавьсан өндөр хүчдэлийн шон дагаад шонхор шувууны нэг талынх нь сарвуу тэр чигтээ түлэгдсэн байдалтайгаар 30 гаруй километр газарт 40 гаруй шонхор шувууны сэг зэм тааралджээ. Бүгд өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсан байсан ба бүгд сарвуундаа тоо, улаан зүйл уягдсан байна. Энэ бүгдээс тэдгээр шонхор шувуу тооллогод орсон гэдэг нь тодорхой байгаа юм. Мөнххаан сумын төвөөс гарахад шувуу үргээгч сэнс байсан ба  Уулбаян сум орох 30 км замын дунд зайнд харин байгаагүй гэнэ. Шувуу үргээгч сэнстэй газрын орчинд шонхор өндөр хүчдэлд цохиулж үхээгүй байсан байна. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, гадаадын иргэдэд худалдаалахыг нь хориглосон. Гэтэл үндэсний бахархал шувуу ингэж олноороо үрэгдэж байгаа нь харамсалтай хэрэг юм. МУИС-ийн Амьтан судлалын тэнхмийн эрхлэгч, шувуу судлаач доктор Г.Гомбобаатарын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд л гэхэд 41 зүйлийн мянга гаруй шувуу өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулан үхжээ. Цахилгаанд цохиулж үхсэн шувууны дийлэнх нь идлэг болон начин шонхор шувуунууд байсан гэдгийг онцолж байсан юм. Нэг шонхорыг дотооддоо 16 сая төгрөгөөр үнэлдэг бөгөөд хэрэв агнавал гурав нугалан 40 гаруй сая төгрөгөөр торгох ёстой. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрынхан энэ зун өндөр хүчдэлийн шон дээр сууж байгаад үхсэн шонхор шувууны сэг зэмийг цэвэрлэсэн ба цэвэрлэгээний явцад 200 гаруй шонхор шувуу үхсэн гэдэг нь тогтоогдсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. Монголын шувуу судлалын нийгэмлэг өнгөрсөн жил өндөр хүчдэлд цохиулж болон утас мөргөж амиа алдсан шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцжээ. Эл тооцоогоор утас мөргөж эндсэн шувуудын үнэлгээ 225 сая 326 мянган төгрөг болсон бол хүчдэлд цохиулсан зүйлийнх хоёр тэрбум 342 сая 722 мянга болжээ. Нийтдээ хоёр тэрбум 568 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг 2007-2009 онд зүй бусаар хорогдсон шувуудтай нэгтгэвэл хамгийн багадаа гурван тэрбум 615 сая 961 мянган төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учраад байгаа юм. Жилд хоёр тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирол учирч байна гээд тооцохоор арван жилийн дараа хохирлын хэмжээ багадаа л 25 тэрбум болох нь. Зарим цөөн тоо толгойтой шувууд цахилгаанд цохиулж, утас мөргөсөөр устаж ч мэднэ. Иймээс хэдэн сая, тэрбум төгрөгөөр ч тооцож боломгүй хохирол амсахаасаа өмнө хоцрогдсон шонгоо дэлхийн жишгээр шинэчилж, шувуудаа хамгаалах цаг иржээ.    

Эх сурвалж “Өдрийн сонин”

ТОО
0
0
0