ШИНЭ СУМ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

“Шинэ сум төсөл” хэрэгжүүлж эхэлсэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан хоёр сумыг сонгожээ. Баянлиг сум мал ихтэй, тэр дундаа тэмээ ихтэй сум гэдгээрээ алдартай. Тэгвэл уг сумын урдхан хоёр, гурван давхар нийтдээ зургаан барилга сүндэрлэжээ. Энэхүү барилгын ажлыг “Их модун”, “Ти ти энд би” компаниуд хамтарч гүйцэтгэж байгаа аж. Захиргаа, 20 ортой эмнэлэг, 640 гаруй хүүхдийн дотуур байр, соёлын төв гээд цогц бүтээн байгуулалтыг бий болгожээ. Барилгыг зөвхөн Канад модоор, Канад технологийн дагуу барьж байгаа аж. Харин барилгад хэрэг болох төмөр арматурыг Дарханаас авчирч байгаа юм байна. Цаг, хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бодож өөрсдөө цементээ зуурч, элстэй холиод эргэн тойрон дахь явган хүний зам болон авто зам тавьжээ. Замаа дагаад бүрэн гэрэлтүүлэг хийсэн. Аймгийн төвөөс хамгийн алслагдсан энэ сум урагшаа 200 километр давхиад Шивээ хиагтын боомттой хиллэнэ. Баянлиг сумаас 300 гаруй километр зайтай Бууцагаан сум мөн “Шинэ сум төсөл”-д хамрагдсан. Баянлиг сум тус тус 3500 орчим хүн амтай аж. Малчид болоод сумын төвдөө амьдардаг айл өрхийн тоо ч ойролцоо. Сумандаа талхны цехтэй. Өдөртөө 150 ширхэг талх, 100 гаруй нарийн боов үйлдвэрлэж гаргаад сумынхаа хэрэгцээг хангачихдаг. Түүнчлэн оёдлын цехтэй. Наанадаж захаас бэлэн дээл аваад байхгүй хямд төсөр дээл тэндээсээ худалдаад авчихна. Тус сумын иргэн Б.Цолмон гуай насаараа гагнуур хийсэн бөгөөд шинэ бүтээн байгуулалтын ажилд цалин хөлс авахгүйгээр тусалж байгаа аж. Дээрх хоёр сумыг нийтдээ 20 тэрбум төгрөгөөр ийн шинэ сум болгож байгаа. Гэтэл нийслэлд хэдэн тэрбумаар ганцхан барилга бариад зогсч байна. Хоёр сумын хэмжээнд 50 гаруй айл Канад модоор хувийн хаус бариулах хүсэлтээ өгөөд байгаа гэсэн. Тэднийг ипотекийн зээлд хамруулах бодолтой байгаа бөгөөд урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд хотынхноос дутахааргүй тансаг харштай болчихно. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт “Шинэ сум төсөл”-ийн хүрээнд арваад суманд мөн ийм бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.     

ТОО
0
0
0