МОНГОЛЫН ГОВЬ АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДИВААЖИН БАЙХ БОЛНО.


Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их “баялгийн” дийлэнх нь Монголын Галбын говьд байгааг эрдэмтэн судлаачид тогтоочихоод байна. Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх шиг орон дэлхийд ховор. Эрчим хүчний яам санаачлан Зүүн хойд Ази буюу Орос, Солонгос, Японы эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. Судалгаагаа “Гобитек” төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Арабын элсэн цөлд нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх парк байгуулахаар “десерттэк” хэмээх технологийг ашиглаж, ТЭЗҮ-г нь бэлэн болгосон байна. Сахарын цөлийн нар салхинаас гаргаж авах энэ эрчим хүчээр Европ тивийг хангах зорилготой. Арабын цөлд ашиглах уг десерттэк хэмээх технологийг Монголын говьд турших учраас Гобитек хэмээн нэрлэжээ. Арабын элсэн цөл нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Монголын говь их чадлын нарны станц байгуулахад хамгийн тохиромжтой бүс нутагт тооцогддог юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад айлчилж Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзахдаа Монголын говийн бүсэд нар, салхины эрчим хүч ашиглах “Gobitech” парк байгуулах төслийн ТЭЗҮ-г хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдаг. Учир нь Герман улс дэлхийд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн загвар орон болох хэмжээний туршлагатай учраас тэр.

Монгол бол жилийн 365 хоногийн 294 өдөрт нартай байдаг. Салхины хурд ч бусадтай харьцууламгүй. Энэ үзүүлэлтүүдээрээ Монгол улс Азийн орнуудаас илт давуу гэдгийг судлаачид баталжээ. Гобитекийн судалгаанаас үзвэл Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 13000 тераВатт.цаг гэж байгаа нь 13000 тэрбум киловатт.цагтай тэнцдэг юм байна. Үүний 4800 тераватт.цаг нь нарнаас, 8100 тераватт.цаг нь салхинаас хуримтлагдах боломжтой. Мэдээж шавхагдашгүй энэ их нөөцийн дийлэнх нь говьд ногддог. Өнөөдөр Монгол улс ойролцоогоор жилд дөрвөн тераватт буюу дөрвөн тэрбум киловатт.цаг цахилгаан хэрэглэдэг. Цахилгааны хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд 10 тэрбум киловатт.цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал Монгол улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болсон тохиолдолд өөрсдийгөө хангаад зогсохгүй эрчим хүчний илүүдэлтэй орон болох нь тодорхой байна. Солонгос улс эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийнхээ 96 хувийг гаднаас импортолдог. Тухайлбал, Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос, байгалийн хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэрлэдэг юм байна. Хойд хөрш ч нарны элч багатай бол Энэтхэгт эсрэгээрээ нар байлаа гэхэд салхи үзэгддэггүй гэх мэтийн асуудлууд бий учраас тэд өөрсдөө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж хомс ажээ. Тийм учраас Монгол улсаас эрчим хүч импортлох бүрэн боломжтой гэж үзжээ. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тераваттад хүрнэ гэсэн тооцоо бий. Цахилгааны энэ хэрэглээг Монгол улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан тоонуудаас харагдаж байгаа аж. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үнэ нь нүүрстэй адил түвшинд очно гэсэн тооцоо бий. Тэр үед сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болж, түүнийг үйлдвэрлэгч орнууд тогтмол ашиг олно гэсэн судалгаа байна. Харин Гобитекийг байгуулахад наад зах нь 16 жил шаардлагатай. Есөн тэрбум ам.долларын хөрөнгө хэрэг болно гэсэн тойм судалгаа байдаг. Тиймээс Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан шиг сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулагчдыг татаж, Гобитекийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулах шаардлага тулгарч байна. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний парк байгуулчихвал эхний ээлжинд 880 мянган ажлын байр бий болох гэнэ. Амьдарч байгаа хүн арддаа ажлын байр нь илүүдэж, гадны улс орнуудаас гэрээт ажилтан авах хэмжээнд хүрэх ч таамаглал судалгааны түвшинд байна. Тиймээс Монголын говьд “Gobitech” парк байгуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ Орос, Хятад, Солонгос, Японыг хангаж, цаашилбал Азийн бүх орон руу цахилгаан дамжуулах супер сүлжээ байгуулахаар бодлого боловсруулан идэвхтэй ажиллаж эхэлсэн байна.       

ТОО
0
0
0