ДИНОЗАВРЫГ ҮЗҮҮЛЭХ ШИНЭ АРГЫГ НЭВТРҮҮЛЬЕ

Эртний амьтан ургамлын олдвороос хэв авч, музейн үзмэр бүтээх дэвшилтэт арга технологийн талаар дэлхийд АНУ, БНХАУ, Монгол зэрэг цөөн улс хамтдаа тэргүүлсээр иржээ. Эртний амьтан ургамлын олдворын байгалиас заяасан нөөц бололцоо аль ч улсад хязгаартай, тэр тусам тэдгээрийн харьцангүй сайн илэрхийлэл нь ихээхэн ховор үзэгдлийн нэг юм. Жишээлбэл, манайд нийт олны анхаарлыг татдаг Батаар тарбозаврын хадгалалт нэлээд сайтай, цөөн хэдэн хэлхээ яс бий. Өөр бусад төрөл, анги бүлгийг гол төлөв зөвхөн нэг амьтны, тэр тусмаа бүтэн бус хэлхээ ясны олдвор төлөөлж байдаг тул улмаар судлан тогтоож, танин мэдэх боломж амаргүй байдаг аж.

Байгаль дээрх эртний амьтан ургамлын чулуужсан үлдэгдлийг олж, орчин үеийн техник технологийн аргаар боловсруулж, бүс нутаг, тив дэлхийн хэмжээнд харьцуулан судалж, шинжлэх ухаан танин мэдэхүйн учир байдал, ач холбогдлыг тогтоосны дараа музейн үзмэрийн түвшинд хүргэж, сонирхогч олонд толилуулах олон улсын тогтсон арга зам, дараалсан үе шат байдаг байна. Эртний амьтан ургамлын олдвороос  бүрдэх үзмэрийг үзэгчдэд илүү сонирхолтой болгохын тулд бүтэн бус олдворыг сэргээн засварлаж, дутууг нь нөхөж, угсран босгож, хэв маягт оруулан үзмэрийн дизайн байрлалыг бүтээж, тэдгээрийн танин мэдэхүйн ач холбогдлыг өргөжүүлж, үзэгч олны сонирхлыг илүү татах арга аргачлал олон улсын музейн ажиллагаанд багагүй хуримтлагдсаар байна.

 Музейн үзмэр бэлтгэх орчин үеийн дэвшилтэт арга замын нэгэнд үзмэрийг олон тоогоор хийх, тухайн үзмэрийн танин мэдэхүйн ач холбогдлыг өргөжүүлэх, үзэгч сонирхогч олонд өгөх мэдээ мэдээллийг өсгөн нэмэгдүүлэх, тухайн үзмэрийн үнэ цэнийг өндөрсгөх үүднээс шинжлэх ухаан-уран сайхны технологийн аргыг ашиглах юм. Өөрөөр хэлбэл, Монголын дэлхийд алдартай Батаар-тарбозаврын ганц нэг хэлхээ яснаас 10-12 хэв авч үзмэр бэлтгэн, олон янзаар угсран байрлуулж, гүйж, ноцолдож, дайрч давшилж, сүргээрээ оршиж, зулзагаа дагуулан сургаж байгааг илтгэн харуулж чадвал эдгээр амьтны талаар өнөөгийн шинжлэх ухааны хуримтлуулсан сонирхолтой мэдээллийг үзэгч олонд хүргэх танин мэдэхүйн хүрээн дэх томоохон арга хэмжээ болно.

ТОО
0
0
0