“ИХ МАЙДАР” ЦОГЦОЛБОРТ ӨГЛӨГ ХАНДИВ ӨРГӨВӨЛ...

Майдар бурхан бол энэ цагийн Будаа Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Майдар бурханы тухай олон зөнч мэргэдийн бошиглосноор түүнийг энэ дэлхийд залрахуйд ертөнцийн бүхий л хүмүүс түүний сургааль номыг хүлээн зөвшөөрч нэгэн амьтай мэт нэгдэн дагах болно гэсэн байдаг. Ингэснээр хүн төрөлхтөн хагарал бутрал, дайн дажин бүгдээс татгалзан эв нэгдэлтэйгээр эх дэлхий дээрээ амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэх ажээ. Майдарын залралтын шалтгаан нь эх дэлхийн хамаг амьтан, зургаан зүйлийг огоорч материаллаг зүйлд сэтгэл зүрхээ өгч, ужид цэнгэл хөөцөлдөн самуурч, биеэ магтахын харанхуйд живэн буй хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэхийн чухлыг сануулан асрал хайр, тэсвэр тэвчээр итгэл үнэмшлийн галыг нь дахин сэргээх юм.

Дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож, Монгол улсын эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болгон Их Майдар бурханыг хойч үедээ зориулан бүтээж байна.

Их Майдар бурханыг монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэнэ. Төслийг хэрэгжүүлэгч Их Майдар сан нь ашгийн бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тиймээс энэхүү төсөлд оролцож буй өглөгийн эздийн буян хишгийг тасралтгүй арвитган үргэлжлүүлэхийн зэрэгцээ цогцолбороос олох хөрөнгө санхүүгийн ашгийг сангийн зорилгодоо нийцсэн нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд зориулан залуу хойч үеийг боловсрол, ёс зүйтэй, өв тэгш иргэн болгон хүмүүжүүлэх, байгаль хамгаалах эко төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахад зарцуулах аж.

Олон нийтийн оролцоо, хандивын сэтгэлээр бүтээгдэж буй уг бүтээн байгуулалтанд хэн бүхэн өөрийн хувь нэмрийг өргөж, үеийн үед буян заяагаа тэгшитгэн хураах боломжтой. Нийт бүтээн байгуулалтын өртгийг тооцоолон үзэж дараах 2 төрлийн хандив өргөн төсөлд оролцохыг уриалжээ.  

Өрх гэр бүлийн өглөг өргөсөн тохиолдолд 27 см өндөр алтан шармал аравнайлсан хос Майдар бурханыг амилуулан, өрхийн тэргүүний нэрийг бичиж суварганд зална. 500 000 төгрөг болон түүнээс дээш мөнгөн хандив өргөсөн тохиолдолд тухайн гэр бүл гэртээ залах боломжтой Япон улсын уран цутгуурын технологиор 27 см хэмжээтэй алтаар шармалдаж бүтээсэн Майдар бурханыг бүтээн өргөнө. Эсвэл Тайвань улсын уран цутгуурын технологиор мөн адил 27 см өндөртэйгөөр алтаар шармалдаж бүтээсэн Майдар бурханыг гэр бүлийнх нь нэр дээр суварганд залах боломжтой.

Хүндэтгэлийн хандив буюу 3 000 000 төгрөг, түүнээс дээш мөнгөн хандив өргөсөн тохиолдолд Их Майдар бурханы лагшинд байрлах 1888 ширхэг алтан эрихний нэгэнд тухайн хандивлагчийн нэрийг бичиж мөнхлөх юм байна. 54 метр Майдар бурханы лагшин биед өргөх 1888 ширхэг эрих тус бүрийг алтаар бүрж бүтээх ажээ.

ТОО
0
0
0