ДОПИНГИЙН ЭСРЭГ МЭДЭЭЛЛИЙН ВЭБ ХУУДАС АНХ УДАА НЭЭГДЛЭЭ

Соёл,Спорт,Аялал жуулчлалын яам байгуулагдсанаар 2013 онд  спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО санд төсөл илгээсэн бөгөөд  манай улсын илгээсэн “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төсөл  дэмжигдэж, 2014-2015 онд хэрэгжихээр болсон юм. Монгол улс допингийн эсрэг үйл ажиллагааны түүхэнд анх удаа  олон улсын томоохон сангийн тэтгэлгээр төсөл хэрэгжүүлэхээр болсон нь энэ салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан  үйл явдал боллоо. “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд ”төслийн хүрээнд төлөвлөгдсөн үйл ажиллагааны хамгийн том, өргөн цар хүрээтэй, ач холбогдолтой бүтээгдэхүүн болох www.antidoping.mnвэб хуудас бүтээгдсэнийг  танилцуулж байна.

Уг вэб хуудасны гол зорилго нь тамирчин, дасгалжуулагчид, спортын холбоодод зориулсан допингийн эсрэг зайн сургалтын мэдээллийн үндсэн бааз  болгоход оршино. Энэ вэб хуудас нь дасгалжуулагч, тамирчин,  спортын эмч,  сэтгүүлч,  сонирхогч  хүн бүр   допингийн эсрэг  сонирхсон мэдээллээ  иж бүрнээр нь авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

www.antidoping.mnхуудсанд зочилсоноор допинг гэж юу болох, допингийн эсрэг үйл ажиллагааны түүх, допингийн хяналтын хөтөлбөр, допингийн эсрэг дүрмийн зөрчил, допингийн шинжилгээ авах процедур, допинг хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээ, допинг хэрэглэхийн хор холбогдол, гарцаагүй допинг хэрэглэх тохиолдолд  ямар арга хэмжээ авах тухай зэрэг бүх төрлийн мэдээллийг  нэг дороос авах боломжтой.

Түүнээс гадна допингийн эсрэг тэмцлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж  байгаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартууд,засгийн газар хоорондын баримт бичгүүд, үндэсний хэмжээний баримт бичгүүдтэй танилцаж болно. Ялангуяа дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг Монгол хэлнээ хөрвүүлэн байршуулснаар  холбогдох бичиг баримтыг  илүү нарийн уншиж судлах, ашиглах боломж нээгдэж байгаа юм.  Дэлхийн Допингийн эсрэг дүрэм болон холбогдох стандартуудыг вэб хуудаснаас бүрэн эхээр нь татан авч болно.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг тамирчин дасгалжуулагчдын  допингийн эсрэг боловсролд зориулан сургалтын  олон материал  боловсруулан гаргаж байгаа боловч  манай тамирчин, дасгалжуулагчид  хэлний бэрхшээлээс шалтгаалан  тэр болгон мэдээллийг бүрэн авч чадахгүй, мэдээлэл дутмагаас шалтгаалж, допингийн шалгалтанд унах  тохиодлууд  гардаг.  Допингийн эсрэг мэдээллийн вэб хуудас  Монгол хэлээр  анх удаа бүтээгдэж, ашиглалтанд орсноор  хэлний бэрхшээлийг бүрэн шийдэж,энэ талаар мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгож буй нь хамгийн том ач холбогдол юм.Вэб хуудсанд байрласан мэдээлэл, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой асуулт, хүсэлт, санал байвал info@antidoping.mnИ мэйл хаягаар холбоо барина уу.

 

ТОО
0
0
0