АВАРГА УРД МӨЧ – ДЕЙНОХЕРУС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙНХ


Палеонтологийн Шинжлэх ухааны 2014 оны шинэ нээлт: Байгалийн шинжлэлийн нээлтийн түвшинд хийгдсэн судалгааны үр дүнг нийтэлдэг шинжлэх ухааны “NATURE” сэтгүүлд манай судлаачийн бүтээл хэвлэгдэв. Үлэг гүрвэл судлалын 180-аад жилийн түүхэнд олдсон онцгой ховор бөгөөд гайхал төрүүлэм сонин олдвор Монголын говиос цөөнгүй олддог. Түүний нэг бол одоогоос 50-иад жилийн өмнө буюу 1965 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг Алтан уулын өвөр бэл орчмын дээд Цэрдийн хурдас бүхий олдворт газраас Монгол Польшийн хамтарсан палеонтологийн експедицийн судлаачдын олсон үлэг гүрвэлийн хүлэмж том урд мөчний олдвор юм. Энэ ер бусын аварга урд мөчинд олон жил хийсэн судалгаагаар Deinocheirus mirificus хэмээх шинэ төрөл зүйл болохыг 1970 онд тогтоосон байдаг. Энэ цаг үеэс хойш энэ аварга амьтны бүлд хамрагдах олдвор дахин олдохгүй олон жилийг ардаа орхижээ. Гэтэл Монгол-Солонгосын хамтарсан палеонтологийн олон улсын экспедицийн судлаачид 2009 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Бүгийн хоолой орчмоос нэгэн аварга үлэг гүрвэлийн хэлхээ ясыг хэн нэгэн этгээд буруу аргаар ухаж авах гээд газар дээр нь эвдсэн үүр уурхайг олж, илрүүлэн малтлагыг хийж, эвдэж орхисон ясыг нь нэг бүрчлэн цуглуулж, БНСУ-ын Хуасонг хотын палеонтологийн лабораторид техник боловсруулалт, сэргээн засварлалт, харьцуулах судалгааг хамтран хийсний дүнд энэ нь Дейнохерын хэлхээ яс болох нь тогтоогдсон байдаг. Малтлагын явцад хууль бус малтлага хийсэн хүмүүс хэлхээтэйгээ хадгалагдсан аварга амьтны толгой, хойд хөлний хэсгийг тасдан авч, бусдыг нь газар дээр нь эвдээд орхисон нь ухсан нүхнийх нь ор мөр, байршилтаар тодорхой байв. Ийнхүү гайхамшигтэй ховор олдворт үндэслэн хийгдсэн дейнохейрусын шинэ шатны судалгааны хүрээнд бараг хагас зуун жил хүлээгдсэн, учир битүүлэг байсан олон зүйлс тайлагдаж, улмаар дэлхий дахины үлэг гүрвэлийн аймгийн судалгааны түүхэнд эхнээс нь хүндтэй байр суурь эзлэн оршиж байсан махан идэшт үлэмж биет үлэг гүрвэлүүдийн өргөн далайцтай хувирал өөрчлөлт, дасан зохицолгооны чиг хандлагыг яруу тодоор илэрхийлэх, эртний шим ертөнцийн судлалд сүүлийн 50-аад жилийн хамгийн томоохон нээлтийн нэгд зүй ёсоор орж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монгол орны эртний шим ертөнц, дэлхийн үлэг гүрвэлийн аймгийн түүхэн хөгжлийн бас нэг томоохон нууц ийнхүү тайлагдав.

ТОО
0
0
0