ДЭЛХИЙН ЗУЛАЙ ДАХЬ ХҮНИЙ МӨР

Ертөнцийн зулай хэмээх Эверестийг дэлхийн хамгийн өндөр оргил гэж бүгд хүлээн зөвшөөрдөг ч өндрийн нь хэмжээг янз янзаар хэлдэг. Цастын орны Гималайн нурууг бүрдүүлдэг оргилуудын нэг Жомолунгмаг Балбаар Сагарматха гэнэ. Хожмоо английн генерал, газар шинжээч Жорж Эверестээр ноён оргилоо нэрлүүлсэн Гималайн нуруу Төвд, Балба, Энэтхэгийн хил дээр оршино. Тэнд далайн төвшнөөс дээш 8000 метрээс илүү өргөгдсөн 11 оргил буй. ХХ зууны дундуур английн судлаачид Эверестийн өндрийг далайн төвшнөөс дээш 8840 метр гэж үзжээ. Харин орчин үеийн газрын зурган дээр бичигддэг 8848 гэсэн тоог Энэтхэгийн мэргэжилтнүүд 1954 онд гаргаж иржээ. Гэвч албан ёсны бус боловч өргөн хэрэглэгддэг нэг хэмжээ бол 8882 метр юм. 

Асар их зардал сүйтгэл, түүний дотор нэг бус хүний амь насыг золиослосон удаа дараагийн авиралтуудын эцэст 1953 оны 5 сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, газарчин Ширваа, Дэнзэн Норгойн хамт ертөнцийн зулайд хөл тавьжээ. Гэртээ өтлөсөн хүүхэн шиг учир нь олдохгүй хувьсамтгай цаг агаартай, байнгын догшин ширүүн салхитай оргил дээр хүний мөр анх гарсан тэр өдрийн 12 цагийн үед гайхалтай нам гүм байжээ. “Би тийм гүн хөх тэнгэр энэ насандаа үзээгүй” гэж Дэнзэн Норгой дуу алдсан байдаг. “Дэлхийн хамгийн өндөр оргилд анх гарсан” хэмээн бичигдэх хувьтай тэр хүмүүс Жон Хантын удирдсан Их Британийн уулчдын багийн гишүүд байлаа.

Түүнээс яг нэг жилийн өмнө мөнөөх Дэнзэн Швейцарийн уулчин Ламберийн хамт оргилд бараг хүрээд буцжээ. Хэдийгээр тэдэнд уулын оргил маш ойрхон харагдаж байсан боловч хүчилтөрөгчийн нөөц, тамир тэнхээ зэргээ харгалзан үзээд “Очиж чадна, харин эргэж ирж чадахгүй” хэмээн дүгнэж сэтгэл дундуур буцжээ. Харин жилийн дараа Эверестэд гарсан Дэнзэнгийн хүзүүнд Ламберийн гал улаан ороолт намирч байсан гэдэг. Хималайг байлдан дагуулсан бүхий л түүхэнд Шерпа буюу Ширваа гэдэг үг газарчин гэсэн утгаар олонтаа тааралддаг. Үнэн хэрэгтээ энэ нь Дорнод Хималайгаар нутагладаг нэгэн омгийн нэр ажээ. Сонирхолтой нь тэд өөрсдийгөө монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Дэнзэн Норгойн дурдатгалд “ Би Монгол хүн болохоороо”, “Бид бүхий л Монголчуудын нэгэн адил” гэх мэтийн мөр олонтаа тааралддаг. Ямар байлаа ч гэсэн тэд өндөр ууланд төрж өссөн, хүчилтөрөгч багатай, агаар сийрэг орчинд амьдарч дадсан улс учраас уулчдын багт “бие бялдраар шууд тэнцдэг” байжээ. Тэдний худалдаа наймаа хийхээр байнга нааш цааш зорчдог даваануудын нэг нь болох Намбала л гэхэд д.т.д 5700 мерт өндөр гээд бодхоор олон зүйл тодорхой болох байх. Ширваа нар шарын шашинд гүнзгий автсан ард түмэн бөгөөд үүнийгээ Дэнзэн тодорхойлон бичихдээ “Манай шашныг суртлаа болгосон хувраг ч олон бий. Бас хүний хойтохыг найдаж даатгах нь бүү хэл сарлаг итгэж хариулуулхад ч бэрхтэй лам бас бий” хэмээжээ. 1920-иод оноос Хималайг уулчид эрчимтэй сонирхож байснаа II-р дайны үеэр нэг хэсэг тасалджээ. Харин хожмоо, ном зохиолын гол үйл явдал болсон нэгэн инээдтэй, гунигтай үйл явдал тэр үед тохиожээ.

  Генрих Харрер, Петер Ауфшнайтер хэмээх Германы хоёр уулчин 1939 онд Хималайд санаандгүй авирч явжээ. Гэтэл Дэлхийн II дайн дэгдэж тэднийг англичууд “олзолжээ”. Огт өөр фронт дээр хүн төрөлхтнийг төлөөлөн байгалийн хүчинтэй байлдаж явсан тэр хоёр уулчин санамсаргүйгээр дайны олз болсон байна. Тэд олзноос оргон хүнд бэрх зам туулсаар Төвдөд ирж орогножээ. Г.Харрер хожим “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” гэдэг сонин сайхан ном бичсэн бөгөөд хожим уг номоор Холливудэд кино бүтээж гол дүрийг жүжигчин Брэд Пит бүтээж байсан юм. Дашрамд сонирхуулхад Хималайд авирагчид болон Ширваа нар “Иети” хэмээх цасны хүн, манайхаар бол алмасынх байж болох ер бусын том мөр үзэж, аймшигтай хашхирах дуу чимээ сонссон хэмээн тэмдэглэсэн нь олонтаа боловч түүнийг биеэр үзсэн нь өнөө хэр үгүй. Ихэнх яриа манайхны алмасын тухай домогтой агаар нэг. “Манай аав ярихдаа”, “Алмасыг амьдаар үзсэн бөгөөд аль хэдийнээ бие барсан хүний яриагаар бол...” гэхчлэн эхлэх аж. Мөнөөх Э.Хиллари ч 1960 онд Хималайн Макалу оргилд алмас хайх ажлаар авирсан байдаг. Э.Хиллари, Д.Норгой нарыг Хималайд гарснаас хойш тэнд уулчдын десант ёстой нэг бууж гарчээ. 1963 оны 5 сарын 1-нд уулчин В.Виттакер, Ширваа Наваан Гомбын хамт Эверестэд хөл тавьсан нь юм юмнаас хоцрох дургүй америкчуудын түрүүч байлаа. Тэд оргилын өмнөд талаас гарсан ажээ. Дараа нь Томас Хернбейт, Уильям Унсоелд нар Эверестэд “хамгийн бартаатай баруун талаас нь гарагч” алдрыг хүртээдэхлээ. Япончууд хойд талаас нь гарлаа. Сүүлдээ хүчилтөрөгчийн аппаратгүй гардаг ч улс бий болов. Арай л дотуур нь нүх малтсаар оргил дээр гарах хүн олдсонгүй. 1988 онд Хятад, Япон, Балбын уулчид хоёр талаас нь зэрэг гарч хүртэл үзэв. Гэхдээ энэ нь ертөнцийн зулай өөд шат тавьчихсан хэрэг биш бөгөөд НҮБ, Их Британи, Балба, Энэтхэгийн далбааг оргилд зэрэг хатгасан тэр мөчөөс хойш үлэмжийн эрсдэлтэй, зориг самбаа шалгасан тэр зам үхэл сүйрэл дүүрэн түүхээ үргэлжлүүлэн бичсээр л байна.

                ИНГЭХЭД ХЭН НЬ АНХДАГЧ ВЭ?

                Хималайн оргилд хүний мөр анх гарсан тэр цагаас хойш олон юм өөрчлөгджээ. Анх “Тэнд шувуу ч үл хүрнэ” хэмээн бичиж байлаа. Энэ ойлголтыг Энэтхэгийн ерийн нэг одон орон сонирхогч эвдэж орхилоо. Тэрээр сурсан зангаараа намуухан шөнө байшингийн дээврээс сарыг дурандаж суув. Гэтэл гайхалтай юм болж саран дээр галуу нисч явах нь тэр. Мэдээж саран дээр галуу байхгүй. Нягтлан үзвэл асар өндөрт (8000-аас дээш) нисч яваа зэрлэг галууны сүрэг байлаа. Тэд халуун орныг зорихдоо Хималайг давдаг ажээ. Харин манай нэг шувуу судлаач Монголоос буцсан тогоруу Хималайг давдаг тухай сонин баримт ярьж байсан.  Гэтэл 1999 онд болсон нэгэн үйл явдал “Э.Хиллари, Дэнзэн Норгой нар анхлагчид мөн үү?” гэсэн асуудал гаргаж ирэн бөөн шуугиан тарилаа. Энэ нь аль 1924 онд Эверэстэд авирч яваад осолдсон Жорж Меллорын цогцосыг олсон явдал юм. 8500 метрийн өндөрт гарсан нь лавтайяа мэдэгдэж байсан Меллорын цогцосыг 75 жилийн турш их уулсын тэсгим хүйтэн сайн хадгалж чаджээ.

                1924 оны 6 сарын 4-нд уулчдын багийн гишүүн Н.Оделл өдрийн 12 цаг 50 минутын орчимд Ж.Меллори, Э.Эдвин нарыг 8500 метрийн өндөрт гарчихсан байхыг харжээ. Тэд дээшлэн дээшилсээр бараа тасарсан байна. Ингээд сураг тасарсан уулчдын цогцсыг 75 жилийн дараа олж хувцасны тамтган дээрх нэрээр нь таньжээ. Түүний энгэрийн халаасанд нандигнан хадгалсан захидал байсан нь гэр бүлийнхэндээ хаягласан байв. Цаснаас хамгаалах шилээ цүнхэндээ хийсэн байсан нь осолдох үе шөнөөр тохиосныг гэрчилнэ. Ийм болхоор тэр оргилд гарчихаад буцаж явах үедээ осолдсон байж тун болзошгүй юм. Цаг хугацааны хувьд ч тэгж таарч байгаа юм байна. Тэд буцах замдаа ядарч туйлдсан, эс бөгөөс хүчилтөрөгчийн нөөц дууссанаас нас барсан байж магадгүй ажээ. Хэрэв түүний авч явсан фото аппарат олдвол олон зүйл тодорхой болох ч “Kodak” фирмийн мэргэжилтнүүдийн үзсэнээр 75 жил хөлдүү хэвтсэн хальснаас зураг гарах эсэх нь их л эргэлзээтэй юм байна. Харин Меллорийн замнаж асан маршрутаар Георг гэдэг уулчин 1995 онд амжилттай авиралт хийжээ. Бөмбөрцгийн зулайд хүний мөр гишгэсэн түүхийг 1924 оноос дахиад эхлэх эсэхийг дараа дараагийн үйл явдлууд харуулах бизээ.

ТОО
0
0
0