АДУУНЫ НАСЫГ ШҮДЭЭР НЬ ТОДОРХОЙЛОХ НЬ

 Улс, бүсийн чанартай томоохон уралдаануудын үеэр уяачид, зохион байгуулагчдын дунд багагүй маргаан тарьдаг зүйл бол шүдээр ялгах явдал байдаг. Тиймээс бид адууны насыг шүдээр нь хэрхэн тодорхойлох  талаар мэдээлэхээр бэлтгэлээ.

Адуу бол дор дурдсан хэлбэрийн шүдтэй байдаг. Үүнд:

Үүдэн шүднүүд-дээд, доод эрүүнд тус бүр зургаан шүд байх бөгөөд дунд хоёрыг нь голын үүдэн хоёр шүд гэнэ. Харин түүний хажуу талд нь дунд шүд, түүний хоёр талд захын үүдэн шүднүүд байрлана.
Соёо-дээд, доод эрүүнд тус бүр хоёр байдаг. /гүүнд хааяа байдаг/

Араанууд-дээд, доод эрүүнд тус бүр 12 байдаг. Үүнээс үзэхэд нас гүйцсэн адуу 40 шүдтэй. /гүү соёогүйгээр 36 шүдтэй/
Адууны  шүдийг сүүн ба байнгын гэж ялгана. Сүүн шүд нь унага нялх байхад нь ургаж, яваандаа унан байнгын шүд нөхөж ургана. Сүүн шүднүүд нь байнгын шүднүүдээс жижиг бөгөөд цагаан өнгөтэй байна.
Адууны насыг үүдэн шүднүүдээр нь тодорхойлно.
Энэ нь гол төлөв гурван  шинжтэй байдаг. Үүнд:
Сүүн шүднүүд нь байнгын шүдээр 2.5-5 нас хүртэл нь солигдож гүйцнэ.
Байнгын үүдэн шүдний цөгцнүүд 5.5-11 насанд нь элэгдэнэ. Үүдэн шүднүүдийн үрэгдээ явдаг гадаргуугийн хэлбэр нь 12-18 буюу түүнээс дээш насанд нь өөрчлөгдөн хувирна.
Адуу 2.5 нас хүртлээ сүүн шүдтэйгээ явна. 2.5 насанд  нь голын хоёр сүүн үүдэн шүднүүд нь унаж оронд нь байнгын шүднүүд ургаж эхлээд гурван  настайд нь ургаж гүйцнэ.
Адууны 3.5 настай байхад дунд үүдэн шүднүүд нь цухуйж  дөрвөн нас хүрэхэд нь ургаж гүйцнэ. 4.5 насанд байнгын захын үүдэн шүднүүд нь гарч таван настайд нь ургаж бүрэн гүйцнэ.
Үүнээс үзэхэд таван  нас хүртэл адууны сүүн шүд нь байнгын шүдээр солигдож гүйцдэг байна.
5.5-аас 11 нас хүртэл доод, дээд эрүүний үүдэн шүднүүдийн цөгцнүүд дор заасан дэс дарааллаар элэгдэнэ.
Доод эрүүний үүдэн шүд: Зургаан  настайд нь голын хоёр үүдэн шүднүүдийн цөгц
Долоон настайд нь дунд үүдэн шүднүүдийн цөгц, найман настайд нь захын үүдэн шүднүүдийн цөгц тус тус арилна.
Дээд эрүүний үүдэн шүд:  Есөн настайд нь хоёр үүдэн шүдний цөгц
Арван настайд нь дунд үүдэн шүдний цөгц, 11 настайд нь захын хоёр үүдэн шүдний цөгц тус тус арилна.
Ингээд адуу 11 нас гүйцэхэд нь дээд, доод эрүүний үүдэн шүднүүдийн цөгц алга болно. 12 наснаас нь эхлээд адууны насыг мэдэхдээ, үүдэн шүднүүдийг үрж хувирч явдаг гадаргуугийн хэлбэр дүрсээр тодорхойлдог бөгөөд энэ нь дор дурдсан дэс дараалалтай байдаг. Үүнд: Эхлээд дугуй хэлбэртэй, дараа нь гурвалжин хэлбэртэй, бүр сүүлдээ зууван хэлбэртэй болдог байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
12 настайд нь - голын хоёр дээр
13 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
14 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байдаг байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдий үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
15 настайд нь - голын хоёр дээр
16 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
17 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
18 настайд нь - голын хоёр дээр
19 настайд нь-дунд үүдэн шүднүүд дээр
20 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
21 настайд нь - голын хоёр дээр
22 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
23 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Үүдэн шүднүүдийн үрж хавирч явдаг гадаргуугийн зууван хэлбэрүүд адууны 24 нас хүрэхээс эхлээд үзэгддэг байна.

ТОО
0
0
0