АЛТАЙН ХҮН

Манайхны олонхи хуучин ойлголтоороо яваад байх шиг. Антропологийн нээлт бүр бидний түүхтэй амин чухал холбоотой байдаг болохоор үүнийг сонирхох нь миний үүрэг байдаг юм. Тэгээд ч энд гарсан нээлтүүд улам бүр Монголтой холбогдох болж байна. Ингээд хэдийгээр мэргэжлийн хүн биш боловч антропологийн шинэ гоц сониноос “цэгцлэн хялбаршуулж” хүргэе гэж бодлоо. Мэдээж буруу зөрүү ойлгосон зүйл гараа л байлгүй, гэхдээ алд дэлэм алдаагүй гэж найдна…

Хүмүүн гээч амьтан
2-1 сая жилийн өмнө Африкийн газар нутаг дээр үүссэн хүмүүс homo habilis, homo erectus, питекантроп болон нүсэр том австралопитекууд болон салцгаажээ. Ойролцоогоор 900.000 жилийн өмнө сүүлчийн парантропууд болон нүсэр австралопитекууд алга болж цаг хугацааны энэ завсарт ганц питекантроп л үлджээ. Манай Баянхонгор аймгийн Цагаан агуйд хийсэн малтлагаар Монгол нутаг 850.000 орчим жилийн өмнө хүн амьдарч байсныг нотолсныг анхаарахыг хүсч байна. 500.000-300.000 жилийн өмнө хавьцаа хожмын эректоид хэлбэрийн дивергенци буюу салалт явагдсан байна. Үүнийг улмаас шинэ таксон буюу хүмүүсийн ямар нэг завсрын бүл үүсчээ.
Ингээд хагас сая жилийн өмнө халуун бүсээс Европ руу хүн нүүсний жишээ нь гейдельбургийн хүн (homo heidelbergensis) гэж үздэг. Энэ “нөхөр” 300.000-500.000 жилийн өмнө Европын “эзэн” байсан бөгөөд том толгойтой, хамт олноороо заан хүртэл агнадаг байсан аж. Гейдельбургийн хүн сэрүүн уур амьсгал, харьцангуй тусгаар байдал, цөөн тоо зэргээс шалтгаалж генийн хувьсал нь неандерталь хүний чиглэлд хувьсаж ирсэн байдаг. Неандертальчууд нийгмийн амьдрал нь нэлээд нарийн, нас барагсдаа оршуулдаг, хойт насанд итгэхийн эхлэл байсан байна. Үүнийг Европын Шанидар агуйд нас барсан хүнээ цэцгээр хучсан палигологик анализаар нотолжээ. Түүнээс гадна тэдний тархи 1500 куб см хүрч байсан. Компьютерийн аргаар харвал неандерталь хүн одоогийн хүнтэй их төстэй. Неандертальчуудын амьдрал мөстлөгийн үетэй давхцдаг. 123.000-40.000 жилийн өмнө буюу мустьегийн үед тэд чулуун зэвсгийн үйлдвэрлэл бүтээж, хөдөлмөрийн багажийг танигдашгүй болтол өөрчилсөн. 

75.000-40.000 жилийн өмнө вюрмийн мөстлөг болж зарим үед дулаарч байсан боловч ахиад хүйтэн болсон. Энэ үед европ дахь неандертальчуудын тоо их цөөрсөн. Ясанд изотопын анализ хийж эртний хүний хоол тэжээлийг гаргахад неандертальчууд голдуу мах иддэг байжээ. Чоно болон цөөвөртэй ойролцоо байж. Хүйтэн нөхцөлд өөр арга байгаагүй байх. Үүний тулд ихээхэн ажиллах шаардлага үүсч. Неандерталь хүний анатомийн онцлогоос үзэхэд тэд анд дөхөж очоод жадаар хатгадаг байж. Үүнийг шүргэлцэх ан гэх бөгөөд их аюултай байж. Одоо олдсон неандерталь хүний биенд олон тооны шарх сорви илэрдэг.

Яснаас ДНК гаргаж авдаг болсон нь судалгааны ажилд хувьсгал болсон аж. 1997 онд Германы эрдэмтэн Сванте Паабо үүнийг неандартальчуудад анх хэрэглэсэн. Тэрээр неандертальчуудын ДНК өвөрмөц бөгөөд неандертальчууд болон сапиенсууд 400.000 орчим жилийн өмнө дивергенци (салсан) гэж үзсэн. Энэ судалгааг 2000 онд Оросын Игорь Овчинников баталсан. Тэрээр Кавказын Мезмайн агуйгаас олсон хүүхдийн яснаас ДНК ялган авсан, энэ ДНК Фельдсхоферын агуйн неандерталийнхтай их төстэй байсан.

Францын Ля Фераси, Иракийн Шанидар агуйгаас олдсон хөгжмийн зэвсгийн зүйлээс үзэхэд неандертальчууд “соёлтой” байж. Бас зүйл нэгтнээ иддэг (каннибализм) байжээ. Үүнийг араас нь онгойлгосон гавлын ясаар мэддэг гэнэ. Балкан, Испани зэрэг олон газраас ийм ул мөр олдсон. Гэхдээ энэ нь оршуулгын зан үйлтэй холбоотой байж болох юм. Францын Брно хавийн булшнаас хүүхэлдэй олсон нь кроманьончууд шашны амьдралтай байсныг харуулж байна. Үүнийг бөөгийн зан үйлтэй холбож байна. Ухаандаа Сунгирийн булшинд эрэгтэй хүн, хоёр хүүхдийг толгойг нь нийлүүлж оршуулсан байгаа. Саяхан болтол неандертальчуудыг ярьдаггүй байсан гэж үзэж байсан. Ер нь хэл яриаг 40.000 жилийн өмнө үүссэн гэж үзэж ирсэн юм. Гэтэл 2007 онд Сванте Паабо неандерталь геномыг судлаад тэдний генээс FOXP2 ген олсон.

Энэ нь хэл ярианы ген юм. Уг судалгаа одоо үргэлжилж байна. Паабогийн үзэж байгаагаар неандертал болон орчин үеийн хүн 300.000 жилийн өмнө салсан ба нийтлэг өвөг дээдэстэй байжээ. Тэд ярьдаг байсан аж. Неандартальчуудын амьдарч байсан хугацааг эхлээд 28.000 жил, дараа нь 32.000 жил гэж янз бүрээр өөрчилж ирсэн. Саяхан 2006 онд Гибралтарид явсан английн экспедици 24.000 жил гэж тогтоогоод байна. Гэхдээ энэ Европ дахь хамгийн сүүлчийн неандерталь байх. Саяхан болтол хамгийн дорно дахины неандерталь хүнийг Тешик-Ташийн хүн гэж үзэж байсан. 1940-өөд онд олсон энэ хүнээс хойш дорно зүгт неандертал хүн олоогүй байтал 2007 онд бүх онол орвонгоороо эргэв. Хаанаас гээч Монгол Алтайгаас…

Денисовын агуй
Манай яг баруун талд, яг хажууд Оросын Алтайн хязгаарын Солонешенскийн районы нутагт Ануй голын хөндий, Каракол голын цутгаланд Денисовын агуй гэж байх. Энэ агуйд Дионес гэдэг даяанч байсан гэж оросууд тайлбарладаг бол нутгийн алтайчууд Аю-Таш буюу Баавгайн чулуут гэдэг аж. Агуй ч яахав, байдгаараа байж. Харин 1926 онд суут Н.К.Рерих тэнд очиж судалж байсан баримт бий.

Ингээд оросууд саяхан 1977-1978 оноос эхэлж судалжээ. Агуйг эхлээд Н.Оводов үзэж, дараа нь бидний сайн мэдэх академич А.П.Окладников эхэлж судалжээ. 1982 оноос иж бүрнээр нь судлах болжээ. Одоо Оросын ШУА-ын Сибирийн салбарын археологийнхон тэнд нүүгээд оччихсон судалж өгч байна.

Тэндээс эртний соёлын 20 үе олсон бөгөөд одоогоор 80.000 олдвор, түүний дотор 117 эртний амьтан олоод байна. Уулын Алтай нь мянгаад жилийн өмнө өргөн навчит ой ургасан бүс нутаг байсан бөгөөд энд хулсны умрын төрлүүд ургадаг байсныг тогтоогоод байна. Ер нь бол энэ агуйд 280.000 жилийн өмнө неандартальчууд амьдарч эхэлжээ. Энд афанасьевын соёл (НТӨ IY-III зуун) болон скифийн үед хүн амьдарч байжээ. Мөн хүн болон түрэгүүд ч сууж байжээ.

Эндээс олдохгүй юм гэж байхгүй. Жишээ нь цацагт хяруулын өндөгний хальс, солирын маш хатуу төмрөөр хийсэн зэвсэг, уулсын болороор хийсэн зэвсэг зэрэг гарсан нь гайхалтай. Хамгийн сонин нь 2008 онд энэ агуйгаас хүүхдийн хурууны чулуужсан яс олсон нь дэлхийд ид шуугиан дэгдээж байна. Энэ хуруунаас ДНК ялгаж аваад үзсэн чинь тэр нь неандарталь хүнээс ч өөр, орчин үеийн хүнээс ч өөр байжээ. Энэ тухай материал анх 2010 оны 3 дугаар сарын 24-нд “Nature” сэтгүүлд анх нийтлэгджээ. Эндээс олсон хуруу, шүд хоёрыг денисовын хүн гэж нэрлэдэг болж. Хааяа Алтайн хүн гэдэг нь хэвшүүштэй нэр юм.

Алтайн хүн
Саяхан болтол бид хомо сапинс гэсэн ганц “өвөгтэй”, харин неандерталь нь хувьслын явцад салж мөхсөн гэж үзэж байсан. Алтайн хүнийг саяхан нээснээр хүний өвөг хомо сапинс, неандерталь, алтайн хүн гурав болж таарах гээд байгаа юм. Энэ нь өмнөх бүх онолуудыг үлэмж эргэлзээтэй болгосон хэрэг мөн. Гэхдээ шинэ баримтыг бүрэн тайлбарласан шинэ онол хараахан гараагүй байна. Ямар ч гэсэн Алтайд хүний өвөрмөц төрлийн бүлэг удаан хугацаагаар амьдарч байжээ.

Эхлээд кроманьон (бас л питекантроп) хүнийг хөөж үзье. Тэдний эх орон бол Африк нь мэдээж хэрэг. Тэд 180 см өндөр байсан. 200.000 жилийн өмнө үүсээд эхний 100.000 жилдээ Африктаа тархаж орчин үеийн хүний төрх олоод, дараа 100.000 жилийн өмнө Ойрхи Дорнодод ирсэн байна. Ийм олдвор Израилаас олддог юм. Дараа нь 60.000-50.000 жилийн өмнө Ази, Австрали руу нүүдэллэжээ. Эцэст нь 40.000 жилийн өмнө Европт иржээ.

Эртний хүний нийгмийн амьдралыг дүрслэх урлагаар нь үнэлдэг байна. Энэ нь мэдээж хадны сүг зураг байдаг аж. Европ хэдхэн хадны зургаа элэгдтэл судалж байхад манайх тоолж ч барахгүй байгааг анхаарах цаг болсон байна. Миний өнгөц ажиглаж байгаагаар манай хадны сүг зургаар манай нийгмийн амьдралыг хангалттай бүрэн харуулж болно. Харин шинжлэх ухаан хоорондын хамтын ажиллагаа, сэтгэл зүрх л дутаж байгаа байх.

Денисовын агуйг болон хүнийг А.П.Деревянко, М.В.Шуньков нар удирдан судалдаг. Энэ агуйгаас 100.000-30.000 жилийн өмнөхийг судалж болдог. Деревянкогийн үзэж байгаагаар ойролцоогоор 300.000 жилийн өмнө баруун буюу Ойрхи Дорнод чигийн маш өргөн бүсээс хүмүүсийн нүүдэл ирж уулын Алтайд суурьшин гаднаасаа ямар нэг холбоогүй, харьцангуй тусгаарлагдмал байдалд 250.000 жилийн турш оршин амьдарч байжээ.

Энэ бол цоо шинэ дүгнэлт юм. Энэ нь хожмын эректус, гейдельбергийн хүн, эртний сапиенс, эсвэл неандартальчууд байж болно. Европчууд бол гейдельбергийн хүн Алтайд нүүж очоод “соёлжуулсан” гэж сийхгүй хэлэх нь мэдээж. Гэхдээ энэ үед чинь Индонезид хүртэл питекантроп байсан цаг л даа. Энд эректус гэдэг нь homo erectus sensu lato үгийн товчлол питекантропын ерөнхий латин нэршил юм билээ.

Ямар ч гэсэн Алтайн энэ бүл удаан хугацаанд тусгаарлагдмал байсан, мөн материаллаг соёлын нэлээд өндөр түвшинд хүртлээ хөгжсөн нь тодорхой байна. Тухайлбал, номин бугуйвч болон боловсронгуй зэвсэг олон олддог. Алтайн хүмүүс нэлээд “ганган нөхдүүд” байсан бололтой…

Өөр нэг сонин юм нь хоёр ширхэг шүд юм. Филогенетикийн судалгаагаар Алтайн хүний шугам нь (охины хуруу болон хүний шүд) 1.300.000-700.000 жилийн өмнө неандерталь болон орчин үеийн хүнээс салсан гэж гарчээ. Энэ нь ойролцоогоор сая жилийн өмнө гэсэн хэрэг юм.

Алтайн хүний шүд маш том, тэр ч байтугай неандертал хүнийхээс том байсан. Шүднээс дүгнэж үзэхэд неандертал болон денисовын хүн хоёр 600.000 жилийн өмнө салжээ. Денисовын хүн генийн хувьд орчин үеийн хүнээс хол, неандертал хүнтэй илүү ойр байсан байна.

Бүр ч гайхмаар сонин нь орчин үеийн зарим хүн денисовын хүний гентэй байдаг байна. Нөгөө талаас неандерталь генийг Африкаас гадна амьдрагч хүмүүсийн 2,5 хувь нь тээж явдаг аж. Меланез, Папау-Шинэ Гвинейчүүдийн 5 хувь нь денисовын гентэй байдаг байна.

1938 онд нэрт эрдэмтэн Вейденрех питекантроп тархсан полицентрист онол дэвшүүлж 4 тийм төв нэрлэсэн юм. Харин Оросын эрдэмтэн Я.Я. Рогинский “өргөн моно төвийн онол” дэвшүүлж Өмнөд Азийг хүн тархсан гол нутаг, хүний өвөг бол неандерталь гэж үздэг. Харин одоогийн олон эрдэмтэн хүний өвөг бол хожмын эректоид хэлбэр гэж үздэг. Тэд одоогийн спорт алхаа шиг явдаг энэ нь хурдан шилжихэд хэрэг болдог байж. Алтайд неандертал болон ихээхэн үлдэгдэл геномтой хүмүүс нэгэн зэрэг амьдарч байжээ.

Ингээд Алтайд неандертальчуудын эртний үе хожмын эректустай огтлолцсон орон зай байсан байна. Эсвэл неандертальчууд Алтайд ирэхэд тэнд денисовын хүнтэй тааралдсан ба энэ хүний дүр төрх одоо болтол тодорхойгүй байна гэсэн дүгнэлт гарч байна. Учир нь денисовын хүний митохондриал ДНК маш их үлдэгдэл шинжтэй бөгөөд хэдэн сая жилийн өмнөх үе рүү биднийг буцаан аваачих юм. Ямар ч тохиолдолд Алтайн нуруу нь өргөн харилцааны бүс байсан бөгөөд энд эвцлийн (гибрид) бүс байжээ.

Японы антропологич Кайфу денисовын хүн бол неандерталь болон хожмын азийн эректусын эрлийз гэсэн санаа дэвшүүлээд байна. Ингээд 300.000 жилийн өмнө Алтайд байсан тэр “хүний удам” болох гэж “үзэж тарж” байна даа. Би бол Монгол гээд л зүтгэчихнэ. Мэдээж муйхраар биш, шинжлэх ухааны зөв гипотез дэвшүүлээд төсөл хийгээд үзэж тарна. Сүүлийн үед шинжлэх ухааны асар их баримтуудыг системчлэх “шинэ ажил” гараад байгаа л даа. Үүнийг системийн аналитикууд хийдэг болж байна. Тэрийг нь хийж болмоор л санагдаад байгаа юм. Даанч энэ “төр” надаар юм хийлгүүлэхгүй л дээ…

“Science” сэтгүүлийн 2012 оны 8 дугаар сарын дугаарт денисовын хүний 6 хромосомын 2 нь орчин үеийн хүнд байж магадгүй гэнэ, бас Азийн 33 бүлд (улс оронд) байна гэнэ. Энэ ололтууд ердөө л сүүлийн 3-4 жилийн дотор гарсан учраас бүрэн дүүрэн нэгтгэн дүгнэж амжаагүй байгаа юм.

Одоо байгаа боломжоороо дүгнэлт хийгээд үзье. 
1. Хүн тархсан тухай бидний саяхны төсөөлөл үндсэндээ эвдэрч байна. Энэ нь хүн үүссэн онолтой зөрчилдөхгүй, гэхдээ яваандаа зайлшгүй хөндөгдөх болно.

2. Монголоос буюу Алтайгаас хүн тархсан байх магадлал нэн өндөрсөж байна. Неандертальчууд ирэхэд тэнд ихээхэн соёлтой Алтайн хүн (денисовын хүн) байсан байна. Яагаад гэвэл тэднийг манай Баянхонгорын Цагаан агуйд 850.000 жилийн өмнө суурьшаад жигтэйхэн удчихсан бараг “анхны” хүн “угтсан” байх.

3. Ямар ч байсан Алтайн хүн нь хүний өвөрмөц нэгэн салаа (үүлдэр, төрөл) байжээ. Одоо энэ хүнээ “бүтнээр” нь олох зорилт шинжлэх ухааны өмнө тавигдаж байна.

4. Саяхан 33.000 жилийн өмнө гаршуулсан нохойн яс Алтайгаас олдлоо. Энэ бол нэн эртний иргэншлийн үр хөврөл гэсэн хэрэг. Учир нь залгуулаад аргал, янгир, хавтгай, тахь зэргийг гаршуулах боломжтой. Манай Алтайн нуруунд энэ бүх нөхцөл бүрэн байгаа.

5. Монгол нэн эртний иргэншлийн голомт байх маш өндөр магадлалтай. Ингээд бүүр сүүлд Европоос скифүүд ирж Азийн хүмүүст морь унахыг заах зэргээр “соёлжуулсан” гэх “онол” нурахад ойрхон болж байна.

6. Одоо цуглуулсан эмпирик материалд үндэслэн “шинэ онол” гарах бөгөөд энэ ажилд монгол эрдэмтэд туйлын идэвхитэй оролцвол зохино. .

7. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг сүйтгэгчдийн сүлжээг илрүүлэн гадаад дотоод ялгалгүй монголын нутаг дэвсгэр дээр өчиггүй цаазлах хууль гаргах ёстой.
8. Нэн эртний судалгааг эрчимжүүлж, түүх, археологи, антропологийн бүх чиглэлээр дэлхийд тэргүүн эгнээнд орох ёстой.

9. Түүхийн мэдлэгийг олон нийтийн хүртээл болгохгүй бол XXI зуунд Монголд костюм өмссөн сармагчингууд дүүрэх гээд байна…

ТОО
0
0
0