УЛААН ХЭРМИЙН ХАНЫН ЗУРГИЙГ ХУУЛБАРЛАЖЭЭ

ТҮРГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНААС ОЛДСОН ХАНЫН ЗУРГИЙГ ХУУЛБАРЛАЖЭЭ- 

МЭ VII зууны сүүл хагаст хамаарах эртний язгууртны бунхныг ШУА-ийн Түүхийн хүрээлэн Казахстаны Евроазийн их сургуультай хамтран 2011 онд илэрүүлэн түүнээс хойш судлаж байгаа. Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх уг дурсгалыг малтах ажлыг профессор А.Очир, доктор Л.Эрдэнэболд, С.Хоржаубай нар ахлан судалгаа явуулсан. Энэ бунхан нь үүдэвч, хоёр хөмөг, дөрвөн өрх болон хүзүүвч, бунхан гэсэн бүтэцтэй. Хонгил 42 метр урт, 1.8 метр өргөн  бол бунхан 7.5 метр гүнд байрладаг юм. Уг дурсгалын ханан дээр 30 орчим зураг үүний дотор 24 хүн, Нэг хөх луу, цагаан бар, нохой, эмээл хазаартай морь, туг далбаа, сүм саглагар мод дүрсэлсэн байна. Гэвч газар дор 1000 гаруй  жил оршсон дурсгалыг малтсанаас хойш агаарын солилцоо нь  өөрчлөгдөн, хадгалах нөхцөл бүрдээгүй учир авран хамгаалах ажил эхлүүлжээ.

“Соёлын өвийн” төвийн сэргээн засварлагчид болон “Түүхийн дурсгалан” компанийнхан хамтран ханын зургийг бэхжүүлж, музейн үзмэрийн зориулалтаар хуулбарласан байна. Энэ сарын 15-ны өдөр Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн дэлгэж улсын сан хөмрөгт хүлээлгэн өгсөн юм. Уран бүтээлчид дээрх олдворыг хуулбарлахын тулд хөнгөнцагаан хавтан дээр шавар дэвсгэр хийж, бунхны зурагтай адил төрлийн технологи ашиглан зуржээ. Уг дурсгалын ханын зургийг дор хаяж хоёр зураач урласан хэмээн археологчид үзэж буй аж. Байгууламжийн доторх ханын хөрсийг нь тэгшилж, өвстэй хольсон шаврыг 0.5 см зузаан нялж, түүн дээрээ шингэн шохой түрхэн зөвхөн хар, улаан, хөх өнгийн шороон будгаар зурсан байжээ. Үүд хэсгийн ханандаа цэнхэр луу, цагаан бар түүний ард дөрвөн  хүн цуварч зогсон туг далбаанд мөргөж буй дүрстэй бол эхний өрхийн хананд сүм зуржээ. Үүнтэй төстэй бунхан Япон, Солонгос, Хятадын нутгаас олдож байжээ. Төв болон Зүүн Азийн нүүдэлчдийн төрт улсуудын дотроо Хятан анх бунхны ханын зураг зурж эхэлсэн гэдэг. Гэтэл түүнээс 300 жилийн өмнө манай нутагт амьдарч байсан нүүдэлчид бунхны ханын зурагтай байсныг Улаан хэрэмийн Шороон бумбагарын дурсгал нотолж байгаа юм.

Одоо Улаан хэрэмийн Шороон бумбагарын дурсгалаас олдсон ханын зургуудыг нийтэд бодитоор үзүүлэх зориулалтын үзэсгэлэнгийн танхимгүй учир хадгалж, хамгаалахад хүндрэлтэй байгаа аж. Бунхны гадна талаар 50:20 метрийн хэмжээтэй асар барьж гадуур нь 100 метр газар хашаа хатгаж нутгийн малчид хамгаалдаг байна. Судалаачид бунханд язгууртан эрэгтэй, тэр дундаа ханхүүг оршуулсан байсан болов уу гэж таамаглаж буй гэнэ. Бунхнаас 550 гаруй эд өлгийн зүйл илрүүлсний дотор эрдэнийн чулуу болон титэм, бүс, бумба, хонх, зоос, бугуйвч, зэрэг 150 алтан, 110 модон, 17 төмөр, хүрэл 12 мөнгөн эдлэл олджээ. Түргүүд өөд болсон язгууртныг шатааж жирийн иргэдийн цогцсыг одоогийнх шиг булж оршуулж байсан гэдэг. Үүнийг батлах гэсэн шиг Улаан хэрэмийн Шороон бумбагарын цогцсыг чандаралсан байжээ. 80:35 см модон хайрцаганд талийгаачийн чандар болон үнэт эрдэнэс, Византын үеийн латин бичгтэй зооснууд хийсэн байж. Эдгээр эд өлгийн зүйлс болон ханын зургуудын дүрслэл бунхан доторх талийгаачийн зэрэг зиндааг илтгэнэ.

МОРЬ ХӨТӨЛСӨН ХҮН

Бунхны үүдэвчний 1-р өрхийн баруун хананд шовгор дөрвөлжин оройтой малгайтай, урдуураа задгай энгэртэй дээлтэй, урт түрийтэй гутал өмсөн мориныхоо цулбуурыг атган зогсож буй хүнийг дүрсэлжээ. Уг хүний дүрс байдал, хувцас нь Дундад Ази /Согд/-ын байдалтай. Зогсоо хүний урд талд эмээл хазаартай морь дүрсэлжээ. Морины дэлний засалт нь эртний  Түрэг угсаатан ард түмний аргамагийн дэлний засалтыг санагдуулж байна.

ТУГ ДАЛБАА БА МӨРГӨЖ БУЙ ХҮМҮҮС

Бунхны үүдэвчний 1-р өрхийн баруун хананд шовгор дөрвөлжин оройтой малгайтай, урдуураа задгай энгэртэй дээлтэй, урт түрийтэй гутал өмсөн мориныхоо цулбуурыг атган зогсож буй хүнийг дүрсэлжээ. Уг хүний дүрс байдал, хувцас нь Дундад Ази /Согд/-ын байдалтай. Зогсоо хүний урд талд эмээл хазаартай морь дүрсэлжээ. Морины дэлний засалт нь эртний  Түрэг угсаатан ард түмний аргамагийн дэлний засалтыг санагдуулж байна.

ТУГ ДАЛБАА БА МӨРГӨЖ БУЙ ХҮМҮҮС

Бунхны баруун ханад дүрсэлсэн цагаан барын араас дөрвөн хүн цуварч зогссоноор дүрсэлжээ. Эхний хүн ба хоёр дахь хүн хоёрын хооронд дөрвөлжин суурьтай, нарийн иштэй гурван өнгийн туг байгаа бөгөөд тус, тус бүр хоёр, хоёр хэлтэй юм. Тугны суурийн өндөр 81 см өргөн нь 100 см. Салхинд намирч байгаагаар дүрсэлсэн байна.

ЦАГААН БАР

Бунхны үүдэвчний баруун хананд цагаан бар дүрсэлжээ. Цагаан барын урт нь 7.8 метр өндөр нь 1.8 метр. Барын ерөнхий шинж нь урт бие, урт сүүлтэй ба хүзүүнд нь хүзүүвч зүүсэн, хүзүүвч нь гал бадарсан эрдэнэ зүүлттэй. Баруун талын урд, хойд хөлөө ургаш тавьж, тайван ихэмсэг төрхтэй зогсож байна. Мөн амнаас нь галын угалзарсан гарч буйгаар дүрсэлжээ. Уг бар нь гурван сарвуутай ба түүний хөл дор болон нуруу, сүүлний дээд талд угалзарсан хээ дүрсэлсэн нь үүлэн дээгүүр дүүлэн яваа мэт сэтгэгдэлийг төрүүлнэ. Бунхны баруун хананд дүрсэлсэн цагаан бар нь дорно дахины ард түмнүүдийн дунд баруун зүгийн бэлэг тэмдэг болдог аж.

Уг бунханаас илэрсэн ханын зургууд дотроос хэмжээгээр хамгийн том нь үүдэвчний баруун ханад байгаа цагаан бар бөгөөд одоо мэдэгээд буй Ази дахь бунхны ханын зургууд дотроос хамгийн том, урт зураг болж байна.

ХӨХ ЛУУ

Бунхны баруун хананд зүүн зүгийн бэлэгдэл хөх лууг үүлэн дунд дүүлэн нисч буйгаар дүрсэлжээ. Луу нь барын нэгэн адил гурван сарвуутай, урт сүүл гоолиг биетэй лууны сэрвээ, нуруу, сүүлний дунд хүртэл босоо гурвалжин залаатай ба барны нэгэн адил хүзүүнд нь гал бадарсан эрдэнэ зүүж хондлойд мөн энэ эрдэнийг дүрсэлжээ. Уг лууны их биеийг цайвар бараан хөх өнгөөр далавч, тавхай, залаа, цээж, хэл, уруул, нүдний дээд зовхи зэргийг улаан өнгөөр өнгө ялган зуржээ. Лууны зургийн урт нь 7.56 метр өндөр нь 1.8 метр аж.

ДОМГИЙН АМЬТНЫ ТОЛГОЙН ДҮРСЛЭЛ

Үүнийг хоёр дахь өрхийн дээд талд зурсан бөгөөд үхрийн толгой мэт харагдах боловч дээд эрүүндээ шүдтэй домгийн амьтны дүрслэл аж. Эгц урдаас амаа ангайсан мөн бүлтгэр том нүдтэй. Жижигхэн улаан цоохор хамартай, том уруултай, дээд доод буландаа тус бүр хоёр соёотой. Чих, хамар, нүд нь үхэртэй төстэй боловч чихний ар, эрүү, шанааны цаанаас үс зогдор цухуйж байгаагаар дүрсэлсэн нь энэ амьтныг улам сүрлэг болгожээ. Энэхүү домгийн амьтны дүрслэл нь бунханы хамгаалагч аж.

Иймэрхүү дүрс тэмдэгийг хожмын монгол цэрэгт хэрэглэж байжээ. Түүнийг гарын бугуйны харалдаа ханцуйны үзүүрт утсаар оён тогтоодог байж. Бас заримдаа уг дүрсийг тусгай зүйлээр хийж, оосороор нь бугуйндаа бэхэлдэг явдал ч байсан. Дээд эрүүндээ шүдтэй үхрийн толгой мэт зүйлийг монголоор “халх” хэмээн нэрлэдэг ажээ.

СҮМ

Өндөр суурин дээр байрласан сүмийн дүрслэл нь хар саарал өнгийн дээвэртэй, яс мод, хаалгыг улаан өнгөөр будсан ба сүмийн гадна талаар хамхан хашлагатай. Барилгын өндөр нь 1.83 см, өргөн нь 1.42 см. Олон товруутай, хоёр хавтастай модон хаалгатай, хаалганы дөрвөн өнцгийг хооронд нь холбосон шулуун зураастай. Сүмийн барилгын төв дунд нь чанх өмнө зүгт хандсан хаалгатай. Сүмийн хаалга нь зургаан эгнээ нийт 61 ширхэг товрууг дүрслэн хар цэгээр тэмдэглэжээ. Мөн сүмийн хаалга нь цоожтой байгаа ба бунхан болон хөмөгний хаалганы цоожтой ижил аж. Сүмийн дээвэр дээрээс шувууд нисч, цаашаа нийлэн зэллэн  холдож буй нь талийгаачийн сүнсийг тэнгэрт аваачиж буй мэт. Дээврийн орой дээр хагас саран хэлбэрийн чимэглэл зуржээ.

Энэ барилга нь эрт цагт монгол нутагт байсан зарим нүүдэлчидийн тахил, тайлгын сүм ямархуу байсныг сэргээн мэдэхэд тус болох болов уу гэж бодогдож байна.

БАДАМ ЦЭЦГИЙН ДҮРСЛЭЛ

Энэ цэцгийн дүрслэл нь бунхны булшны 1-р өрхийн хойд хананд дүрслэгдсэн бөгөөд бадам цэцэг дэлгэрч байгаа сэтгэгдэл төрхүйц таван дэлбээт цэцгийг дүрсэлж хар болон цайвар саарал өнгөөр ялган буджээ. Уг цэцэгний өндөр нь 1.95 см өргөн нь 1.50 см. Язгууртны бунхны хананд бадам цэцэг урлах нь бунханы эзний дараах амьдралын үүд, диваажинг дүрсэлсэн илэрхийлэл болдог аж.

БУНХАН ДОТОРХ ХАНЫН ЗУРГУУД

Бунхны дотор талын ханын хөрс нь зураг зурахад тохиромж муутай учир гадаргууг нь тэгшилээд цагаан саарал өнгийн будгаар дэвсгэр тавьж зураг зуржээ. Бунхан доторх зургууд нь ур шаардаагүй, түргэн зурсан байдалтай байна. Өнгөний хувьд олон төрлийн өнгө байхгүй хар контур зураасаар хүрээлэн улаан өнгө болон хар саарал өнгөөр будсан байх ба нэг хүн зураад хажууд нь нэг мод дүрсэлсэн нь сонирхол татаж байна. Цэцэрлэгт хүрээлэнд яваа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Улбар шар өнгөөр тус бүрийг зааглан цонхолсон байна. Бунханд нийтдээ дөрвөн эмэгтэй, гурван эрэгтэй хүнийг дүрсэлжээ.

Бунхны хананд буй сагалгар модны дэргэд бүжиглэж зугаалж яваа мэт зохиомжтой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг зураг нь нэг талаас Төв азийн зарим нүүдэлчдийн гарлын домгийг санагдуулж, нөгөөтэйгүүр цэцэрлэгт хүрээлэнд зугаалан яваа сэтгэгдэл төрүүлэм дүрслэлтэй нь эртний нүүдэлчдийн уран сайхны сэтгэлгээг харуулж байна.


Recourse: Medee.mn

 

ТОО
0
0
0