БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ

Булган аймгийн нутагт орших түүх соёлын дурсгалт зүйлсийг эртнээс шинжлэн судалсан нь тус аймгийн нутагт эртний нүүдэлчдийн үлдээсэн хот балгадын туйр олон байдагтай холбоотой юм. Эдгээр дурсгалаас анх 1870-аад онд Оросын эрдэмтэн А.Падерин одоогийн Дашинчилэн сумын нутагт буй Харбухын балгасыг олж судалснаар энэ нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг судлан шинжлэх ажил эхэлсэн ажээ. Үүний дараа буюу 19-р зууны сүүлээр Оросын эрдэмтэн Д.Клеменц нар Монгол орноор олон талын судалгаа хийх явцдаа дээрх Харбухын балгас болон Цогтын Цагаан байшин зэргийг үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн байна.

1993 онд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын сав газарт усан цахилгаан станц барих шалтгаанаар ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн судалгааны баг тэр орчмын археологийн дурсгалуудыг авран хамгаалах үүднээс малтан шинжилж эхэлсэн байна. Үүнээс хойш 2000 он хүртэл Франц, АНУ-ын судлаачидтай хамтарсан шинжилгээний ангиуд Эгийн голын савд нийт 251 км2 талбайд хайгуулын ажил гүйцэтгэж түүхийн олон үед холбогдох 906 том жижиг дурсгал илрүүлэн олж бүртгэжээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн туурь 5 илрүүлэн судалсан бөгөөд нэг бүс нутгийг цогццор нь судалсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсон байна.

2011 онд профессор А.Очир, С.Харжубай нарын удирдсан Монгол Казакстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн дэргэдэх Шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалж эртний Уйгар угсаатны түүхэнд холбогдох ханын зураг бүхий онц сонирхолтой бунхант булшийг илрүүлжээ. Энэхүү ханын зураг нь Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд анх удаа олдож байгаагаар тун ховор үнэ цэнэтэй дурсгал болох юм. Бунхнаас гарсан 550 гаруй олдвор боон ханын зургийг судах, хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчилах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг холбогдох байгууллагууд шат дараатай авч хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг сүүлийн 10 гаруй жилийн туршид илэрч олдсон олон арван дурсгалаар баяжуулан шинэчлэн баталсан юм. Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас уг жагсаалтын Улсын хамгаалалтад:

1.     Баян-Агт сум – Шивээт улаан – Түрэгийн үеийн цогцолбор дурсгал

2.     Дашинчилэн – Халдунзүрх уул – Цогтын Цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө

3.     Дашинчилэн – Харбухын балгас

4.     Дашинчилэн – Чин толгойн балгас

5.     Могод – Хөл асгат – Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө

6.     Сайхан – Байширын ус – буган чулуун хөшөө

7.     Сайхан – Хиргист хөндий – Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

8.     Сэлэнгэ – Ингэт толгой – Далхабандида гэдэг хүн чулуун хөшөө

9.     Хутаг-Өндөр – Бийбулагийн балгас

10.  Хутаг-Өндөр – Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурин, эртний булш хиргисүүрүүд гэсэн 10 дурсгалыг авчээ.

Аймгийн хамгаалалтанд:

1.     Баян-Агт сум – Халтарын буган чулуун хөшөөнүүд

2.     Бугат сум - Хужиртын голын хөндий – Бичигтийн хадны зураг, бичээс

3.     Булган – Майдарын гол – Цагаан суварга

4.     Булган – Зүүн түрүү – хүн чулуун хөшөө

5.     Булган – Диваажингийн сүмийн туйр

6.     Бүрэгхангай – Бичигтийн хадны хошуунд орших хадны бичиг

7.     Гурванбулаг – Авзага хайрхан ууланд орших хадны зураг

8.     Гурванбулаг – Гурвалжин уулын түрэг бичээс

9.     Дашинчилэн – Лах уул, Арслант гэдэг газар орших хадны зураг

10.  Дашинчилэн – Бүдүүний нурууны Хангидай дахь хадны зураг

11.  Могод – Цахиуртай гэдэг газар орших буган чулуун хөшөө

12.  Могод – Улаан хаалга гэдэг газар орших хадны зураг

13.  Орхон – Сээрийн адаг – 7 ширхэг буган чулуун хөшөө

14.  Рашаант – Хөгнө хан ууланд орших Хөгнө ханы их, бага хийдийн туурь

15.  Сайхан – Нарийн хүрмийн хөшөөн дэвсэг дэхь хүн чулуун хөшөө

16.  Сайхан – Их хүрэмтийн асган дэвсэг дэх буган чулуун хөшөө

17.  Сайхан – Нарийн хүрэмт гэдэг газар орших хадны бичээс

18.  Тэшиг – сумын хуучин төвд орших буган чулуун хөшөө

19.  Хишиг-Өндөр – сумын төвийн хойно орших буган чулуун хөшөө

20.  Хишиг-Өндөр – Ар ханан гэдэг газар орших түрэг бичээс

21.  Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн Бичигт бэржин дэх хадны бичээс

22.  Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн адаг дахь буган чулуун хөшөө

23.  Хутаг-Өндөр – Гуртын гүүр, Усны арал гэдэг газар дахь хүн чулуун хөшөө

24.  Хутаг-Өндөр – Бичигтийн үзүүр гэдэг газар орших хадны зураг

25.  Хутаг-Өндөр – Эгийн голын хөндий дэх олон үеийн цогцолбор дурсгал гэсэн 25 дурсгалыг тус тус хамгаалалтад авчээ.

Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулах ажлынхаа хүрээнд 2010 оны 7-р сард 40 хоногийн хугацаанд Булган аймгийн 16 сумын нутагт ажилласан. Тус аймгийн нутагт нийт 8500 орчим км зам туулан 237 дурсгалт газрын 8000 гаруй нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, тэдгээрийг 9753 ширхэг дижитал гэрэл зураг, 354 ширхэг негатив хальсны зураг, 54 гар зураг, 363 минутын дүрс бичлэгээр тус тус баримтжуулжээ.

Энэхүү мэдээллийг МОНГОЛ НУТАГ ДАХЬ ТҮҮХ СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ, БУЛГАН АЙМАГ номоос авав... 

AЙМГИЙН СУМДУУДЫН ТҮҮХ СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛУУДЫН ТУХАЙ ЗУРАГ, ТОВЧ МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫГ ХҮСВЭЛ byambajav@moiltecolodge.mn ХАЯГ РУУ ХАНДАНА УУ.

мөн дараах хаягаас мэдээлэл аваарай.

http://www.bulgan.gov.mn/home/hd/index.php?pid=81&nid=130

 

ТОО
0
0
0