Б.СУВД: ХҮННҮ ДЭЭЛ ГЭЭД БАЙГАА НЬ ҮНЭНДЭЭ ХҮННҮ ДЭЭЛ БИШ

“Монгол костюмс” төвийн захирал Б.Сувдыг бид GoGo.Cafe буландаа урин ярилцлаа. Сүүлийн үед хүмүүс монгол үндэснийхээ дээл хувцсыг өмсөхийг илүүд үздэг болсон нь тун сайшаалтай. Харин бид тэр бүр дээл хувцасныхаа талаар мэддэг бил үү. Тэгвэл чухам энэ л талаар ажлын гараанаасаа өнөөдрийг хүртэл явж буй, цаашид ч илүү ихийг бүтээхээр зорьж буй Б.Сувд захирлын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


ҮНЭ СТАНДАРТЫН УЛСЫН ХОРООНД ТӨРИЙН БОДЛОГООР БЭЛТГЭГДЭН ОЧИЖ БАЙЛАА

-Та залуудаа Үнэ стандартын улсын хороонд Урлал гоо зүйн комисст ажиллаж байсан гэдэг. Энэ газар чухам юу хийдэг байсан юм бол оо?

-Социализмын үед нам засгийн бодлогоор боловсон хүчин бэлддэг байлаа. Тэдний нэг нь би 1980 онд ЗХУ-д төгссөн юм. Сурахад хүртэл бидэнд өөрсдийн сонголт байдаггүй байлаа. “Чамайг Үнэ, стандартын улсын хорооны нэр дээр ЗХУ-ын Киев хотноо Хөнгөн үйлдвэрийн хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр сургана” гэж л хэлсэн.

Монголчууд гутал, хувцас бүх юмаа өөрсдөө хийдэг байсан 1980-аад он гэдэг бол үйлдвэрлэлийн жинхэнэ алтан үе. Оёдлын үйлдвэрийн нэгдэл гэхэд дотроо гурав дөрвөн том үйлдвэртэй, арьс шир, ноосны үйлдвэрийн нэгдлүүд  арваад үйлдвэртэй байлаа.

Энэ үед үйлдвэрлэлд орж байгаа бүх бүтээгдэхүүний чанарыг сайн, стандартыг нь өндөр түвшинд байлгахын тулд хяналт тавьдаг том байгууллага бол Үнэ, стандартын улсын хороо байсан. Би энэ байгууллагад бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин юм.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай тухайн үед Үнэ, стандартын улсын хорооны дарга байсан. Тэр үед төрийн бодлогоор гадаадад сурч төгссөн их олон залуус ирдэг, Д.Бямбасүрэн дарга ч залуучуудтайгаа үнэхээр ажиллаж чаддаг байлаа. “За, Ариунаа чамтай уулзана. Хоёулаа 15 минут л ярина” гээд цагаа тавьчихаад, баахан асуулт асууж, заавар зөвлөгөө өгч, хүн нэг бүртэй уулзана. Бидний ажил байдалтай танилцаад “чи илүү ийм юм хийх хэрэгтэй, өнөөдөр манай салбарын хувьд ийм юм чухал байна. Чи энэ талаар ямар ном уншиж байна, сүүлийн үед уншиж байгаа номнууд юу байна? Энийг чи юу гэж бодож байна?” гээд л ярина.

Миний хамгийн анхны ажил бол Урлал гоо зүйн улсын комиссын нарийн бичгийн дарга. Ард түмний гарт очих шинээр үйлдвэрлэлд нэвтэрч байгаа бүтээгдэхүүний зохион бүтээлтийн шатан дээрээ гоо зүйг хэрхэн хангаж байна вэ гэдэгт манай комиссынхон мэргэжлийн  талаас нь үнэлгээ өгдөг байсан юм. Манай комисст  шинжлэх ухааны академи, худалдааны яам, эрүүл ахуйч, зураач гээд л Монголын мэргэжлийн салбар салбарын нэр хүндтэй хүмүүс  ажилладаг байлаа. Ардын зураач Ц.Доржпалам гуай, угсаатан зүйч Х.Нямбуу гуай гээд орон тооны бус комисс шүү дээ. С.Лувсанвандан гуай гоо зүйн талаарх ном нийтлэлүүдийг  нэлээн судалж Урлал гоо зүйн улсын комиссын дүрмийг боловсруулж байсан.

Гоо зүй гэж юу юм бэ?

-Гоо зүй гэдэг бол сайхны тухай ойлголт. Сайхан гэдэг ойлголт хүнд эрч хүч, баяр баясгалан, амьдралын утга учир бүхнийг өгдөг. Гоо зүйн мэдлэг хүнд юуг сайхан гэж хүлээж авах, бусдыг хэрхэн хайрлах, ирээдүйдээ яаж итгэлтэй болох вэ гээд аз жаргалтай амьдралын түлхүүрийг өгдөг. Гоо сайхныг мэдэрч чадсан хүн бусдыг үзэн ядах, харааж зүхэх, гутаан доромжлох бүхнээс ангид байж чадна. Дандаа хүний сайхан талыг харж, түүнээсээ амьдралын эрч хүчийг авч чаддаг болно гэсэн үг. Гоо зүйн ойлголтын талаарх Монголд анхны сурах бичгийг бичсэн агуу хүн С.Лувсанвандан гуайг дурсахыг хүсч байна. С.Лувсанвандан гуайн номыг нь уншаад, ойлгохгүй зүйлээ өөрөөс нь асууж, үгийг нь сонсож байсан болохоор би их азтай хүн.

САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ХОЛБООГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ Ч...

-Таны ажил гоо зүй, гоо сайхан гэдэг зүйлтэй холбогдоод одоогийн Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулсан ч гэсэн бас л....

-Би өөрөө зохион бүтээгч инженерийн мэргэжлээр төгсч ирсэн. Зохион бүтээгчдийн ажил гэдэг оюуны их нарийн хөдөлмөр. Зохион бүтээгчдийг дэмждэг, сурталчилдаг, шагнаж урамшуулдаг, харилцан туршлага солилцдог мэргэжлийн холбоо байх ёстой юм гэдгийг Урлал гоо зүйн комисст ажиллаж байх үедээ олж харсан. Тухайн үед Урлагийн ажилтны холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоо, Химичдийн холбоо гээд мэргэжлийн олон холбоод байсан. Тэгээд Зохион бүтээгчдийн холбоо байгуулах асуудлыг Сайд нарын зөвлөлд боловсруулж оруулсан юм. Урлагийн ажилчдын холбооны Б.Зангад гуай, Химичдийн холбооны Бадгаа гуай, Хөгжмийн зохиолчдын холбооны Г.Бирваа гуайтай уулзаад “ийм холбоо байгуулвал ямар дүрэм журамтай холбоо байх ёстой вэ” гэдгийг асууж зөвлөгөө авч байлаа. Мөн ямар шагналтай, ажлыг нь яаж урамшуулдаг байх гэх мэтчилэн цогц хэлбэрээр зохион бүтээлтийн ажлыг сайжруулах дээд газрын шийдвэрийг багтаасан.

-Холбоо байгуулахыг Сайд нарын зөвлөл зөвшөөрдөг байсан юм уу?

-Социализмын үед бүх юм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, төвлөрөн зангидагддаг байсан болохоор Намын төв хороо, Сайд нарын зөвлөл тэр асуудлыг мэднэ. Гэхдээ тухайн үед Зохион бүтээгчдийн холбоо байгуулах асуудал шийдэгдээгүй. Зохион бүтээгчдийн холбоо улсын төсөвтэй холбоотой болох байсан учраас төсөв мөнгөний хэмжээ боломжгүй, шаардлагагүй гэж үзсэн байх. Харин зохион бүтээгчдийг шагнаж урамшуулах асуудал нь шийдэгдсэн. Сайд нарын зөвлөлийн 1986 оны 238 дугаар тогтоолоор шилдэг зохион бүтээгчдийг шагнаж урамшуулах төрийн томоохон шагнал бий болсон юм.

-Нэлээн дээхнэ эхэлжээ. Гэтэл та өөрөө энэ шагналыг саяхан авсан санагдана?

-1999 оноос энэ шагналыг Шадар сайдын гарын үсэгтэйгээр Монголын шилдэг зохион бүтээгчдэд олгодог болсон. Энэ шагналыг өнөөдрийн байдлаар манай улсын салбар салбарын 120-иод хүн авчээ. Моносын Л.Хүрэлбаатар, оньсон тоглоомын Түмэн-Өлзий гуай гэх мэт олон сайхан хүн авсан байдаг. Миний хувьд 2007 онд энэ шагналыг авсан. Хориод жилийн дараа “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч” гэдэг шагналыг авахад сайхан байлаа.

-Тэгвэл Дизайнеруудын холбооны түүх юу болсон бол?

-Асуудал нь шийдэгдээгүй ч “дотор маань яваад” л байлаа. 1990 онд Ардчилал гарах үеэр “дизайн” гэх үг их моодонд орлоо. Дизайн гэдэг ойлголтод гоо зүй, дизайны бүх үзүүлэлт гээд өргөн хүрээг хамарч чаддаг учир Монголын дизайнеруудын холбоог Урлал гоо зүйн улсын комисст ажиллаж байсан хүмүүсийнхээ туршлага, санал зөвлөгөөг авсны үндсэн дээр 1990 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Анхны их хурлаа хийж, бүх салбарын дизайнер зохион бүтээгчид, зохион бүтээлтийн үйл ажиллагаанд ордог бүх л мэргэжлийн хүмүүс цуглаж байлаа.

Ардчиллын үед их хурал, сонгуулиа хийгээд байгуулагдаж байсан анхны мэргэжлийн холбоо юм. Сонирхуулж хэлэхэд биднийг хурлаа хийж байхад тэр үеийн ардчиллын залуучууд Э.Бат-Үүл, Сүх-Эрдэнэ нар “юу болж байна вэ” гэсэн байдалтай орж ирж суугаад гарч байсныг маш сайн санадаг юм. Тэгж анх энэ холбоо маань ардчилалтайгаар Монголын дизайнеруудын эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготойгоор байгуулагдсан. Би 1992 онд гадаад улс руу явах болсон учир хоёр дахь их хурлаа хийгээд ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Тэрнээс хойш энэ холбооноос их холджээ. Одоо энэ холбоо маань хэр зэрэг ардчилалтай ажилладгийг мэдэхгүй юм.

АНХНЫ ГОЁЛ НААДАМ, ҮНДЭСНИЙ ХУВЦАС СУДЛАЛЫН АКАДЕМИ...

-Та мөн “Гоёл” наадмыг үүсгэн байгуулагч гэдэг?

-Үнэ, стандартын улсын хорооны Урлал гоо зүйн улсын комисст зохион бүтээлтийн асуудал хариуцаж байх үедээ 1988 онд Хувцас загварыг залуучуудад таниулах, ирэх жилийн хувцас загварыг тодорхойлох, зохион бүтээгчдийн ажлыг сурталчлах, гарч байгаа бүтээлийг нь хүмүүст таниулах зорилготойгоор “Гоёл” наадмыг анх зохион байгуулж байлаа.  Тэгэхээр энэ бас Урлал гоо зүйн улсын комиссын хийж байсан ажил. Залуучуудад зориулсан гэдэг утгаар Монголын Залуучуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудтай хамтарч 1988 онд анх “Гоёл” наадмыг зохион байгуулсан.

Би 1992 он хүртэл дөрвөн жил энэ наадмыг гардан зохион байгуулсан. Сүүлийн үед энэ наадмын талаар янз бүрийн таагүй яриа гарч байна. Аливаа юм хөгжлөө дагаад өөрчлөгдөн шинэчлэгдэж, илүү боловсронгуй болох шаардлагатай байдаг. “Гоёл” наадам маань олон жил явагдаж байгаа сайхан наадам боловч мэргэжлийн дизайнерууд, зохион бүтээгч, мэргэжлийн хүмүүсийн түвшинд яг өнөөдрийн шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийнхэн хэлэх байх. Манай байгууллага бол ордоггүй.

-Үндэсний хувцас судлалын академийг та байгуулсан. Энэ талаараа?

-Би 1992-2003 он хүртэл гадаадад ажиллаж амьдарсан. Тэр үедээ мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байсан учир төгссөн сургуульдаа сурч докторын зэрэг хамгаалсан.

 ”Монгол үндэсний хувцасны элементийг тусгасан орчин цагийн хувцасны зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр өөрийн төгссөн сургууль болох  Киев хотын Технологи, дизайны Улсын Их сургуульд  суралцаж техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Хүн эх нутагтаа байхдаа өөрийн авдран дахь нөөц баялгийг мэдэрдэггүй юм байна. Гадагшаа гараад явахад монгол хүний, бидний бахархах ёстой зүйл юу юм, тэр тусмаа мэргэжлийнхээ хувьд би Монголынхоо юуг мэддэг, энэ мэргэжлийг эзэмшсэнээр юу хийх ёстой вэ гэж их боддог байсан. Тиймээс монгол хувцасны судалгааны ажил хийж эхэлсэн. Энэ бол бидний соёлын үнэт өв, өвөг дээдсийн маань,  нүүдэлчдийн өв юм. Энэ соёлыг бид залуучууддаа, дэлхий дахинд яаж судалж, яаж мэдүүлэх ёстой вэ гэдэг үүднээс энэ судалгааны ажлаа хийсэн. Багш нартаа ойлгуулах хэрэгтэй байсан учраас нэлээн их уншиж судлах хэрэгтэй болсон. Эргээд бодоход Урлал гоо зүйн улсын комисст хамтарч ажиллаж байсан угсаатан зүйч Х.Нямбуу гуайн төрийн шагнал авсан “Монгол хувцасны түүхэн хөгжил” ном,  Амгалан гуайн баруун аймгийн хувцас соёлын талаарх ном гээд энэ сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж, амнаас нь энэ тухай сонсч байсны хувьд үндэсний хувцас гэдэг миний судлах ёстой зүйл мөн юм байна гэдгийг ухаарсан.

Даяаршлын үед монголчууд бид үндэсний хувцас, соёлоо хэрхэн хадгалж авч үлдэх, цаашид судалж сурталчлах зорилгын үүднээс Үндэсний хувцас судлалын академи төрийн бус байгууллага, “Монгол костюмс” компаниа байгуулж энэ чиглэлээр ажиллаж ирлээ.

Үндэсний хувцас судлалын академи ТББ бол залуу судлаачдыг дэмжих, монгол хувцасны талаарх судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутнуудын дундах эрдэм шинжилгээний ажлын шилдэг илтгэлийг шалгаруулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал гээд олон ажил хийж, ном товхимол гаргасан. Гэсэн хэдий ч Монгол хувцасны судалгаа  шаардлагатай хэмжээнд биш байна, бидэнд судлах юм маш их бий.

-Зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархсан монгол туургатны хувцас гээд л нэлээн өргөн хүрээний юм болох байх?

-2005 онд Дэлхийн монгол туургатны хувцасны холбоог байгуулсан. Зөвхөн Монгол төдийгүй монгол туургатны хэмжээнд монгол хувцасны судалгааг яаж хөгжүүлж болох вэ гэдгийг харж мэдсэний дүнд дэлхий даяар тархсан монгол туургатантай хамтарсан судалгаа хийж, судалгааг дэлгэрүүлэх зорилготой байгуулсан. Энэ холбоо маань Буриад, Тува, Халимаг, Якут, Өвөрмонгол зэрэг тархсан монголчуудын судлаачид, зохион бүтээгчид, дизайнеруудыг нэгтгэсэн холбоо болж, 2004 онд анхны үйл ажиллагаагаа Буриадад “Торгон зам” нэртэйгээр хийж байлаа. 

 

Дараа нь 2005 онд Улаанбаатарт “Монгол хувцас”, 2006 онд Өвөрмонголд “Цагаан сүлд”, 2010 онд Тувад “Тагна ураанхай”, 2012 онд Якутад  загварын хамтарсан тоглолт, 2009 онд Халимагт,  2007, 2008, 2009 онуудад Улаанбаатарт “Гайхамшигт монгол хувцас” зэрэг томоохон наадмыг эрдэм шинжилгээний хурлуудтай хамтарсан байдлаар хийж эхэлсэн.

Энэ жил манай холбоо байгуулагдсаны 10 жилийн ой болно. Есдүгээр сард энэ наадмыг нэлээн өргөн хэмжээнд зохион байгуулахаар ярьж байна. Сүүлийн жилүүдэд бид энэ холбоогоо дан ганц Монголоос удирдах биш, монгол туургатнуудад дөрөв дөрвөн жилээр ээлжилж удирдах боломжийг олгохоор болсон. Сая манай холбооны ерөнхийлөгчөөр Тувагийн Соёлын сайд асан Вячеслав Донгак сонгогдлоо.

ХАРАМСАЛТАЙ НЬ, ДЭЛХИЙН ЗАГВАРЫН ТҮҮХЭНД МОНГОЛ ХУВЦАСНЫ ТАЛААР ГАНЦ Ч ҮГ БАЙХГҮЙ

-Та мөн “Дээлтэй Монгол” наадмыг санаачилсан. Юмыг шинээр олж харах, санаачлах нь таны мэргэжилтэй холбоотой байдаг уу эсвэл таны өөрийн зан чанартай холбоотой юм уу?

-Миний төгсөж, намайг сургасан Үнэ, стандартын улсын хороо бол тухайн үеийн  улс ардын аж ахуйн  бүхий л  яам, үйлдвэрүүдийг хамарсан маш том байгууллага байлаа. Шил, шаазан, хувцас, гутал, төмөр гээд тэр олон салбарын үнэ, чанар, хяналт, стандарт, зохион бүтээлт зэрэг бүх юмыг хариуцаж байсан. Энэ өргөн цар хүрээтэй ажил намайг сургаж, задалж,  хөгжүүлж өгсөн байж магадгүй. Асуудлыг олон талаас нь харж судлах, иж бүрдлээр нь юмыг ажиглаж сурахад намайг сургасан байх.

Намайг төгсч ирэнгүүт Д.Бямбасүрэн дарга дуудаж уулзаад “Чи манай  хорооны нэр дээр таван жил сурчээ. Энэ хороо зардлыг нь төлөөд чамайг сургасан. За чи Дундговь аймгийн хүн юм байна. Дундговь аймгийн Үнэ чанарын хэлтэст зургаан сар ажиллана” гэв. Надад хэлэх үг байхгүй, нээрээ л би чинь улсын зардлаар сурчихсан. “Үгүй” гэж хэлж чадаагүй. Ингээд Дундговь аймгийн Үнэ чанарын хэлтэст ажиллах  удирдамжаа бичлээ. Монгол хүний биеийн онцлогийг судлах даалгавар авч, Дундговь аймгийн хүмүүсийн биеийн онцлог, малчдын хувцасны стандартыг боловсронгуй болгох ажлаар зургаан сар ажилласан. Аавынхаа нутгаас ажлын гараагаа эхэлж байгаад  их билэгшээдэг юм. Миний амьдрал анхнаасаа ингэж л дээлтэй холбогдсон доо.

-Монголчуудын олон зуун жил өмссөн дээлний стандартыг шинээр гаргаж ирнэ гэхээр сонин юм?

-Аливаа бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэхэд үндсэн хэмжээний болон технологийн шаардлагын  стандарт зайлшгүй шаардлагатай. Чиний дээлийн энгэрийн урт, өргөн, ханцуйны урт ямар байх вэ гэх мэтчилэн үндсэн хэмжээг чамд таарах хэмжээгээр үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангасан хувцас хийхийг  стандартаар тогтооно.

Ажлын гараанаасаа эхлээд өнөөдрийг хүртэл дээлтэй холбогдож ирсэн ч дээл хувцас гэдэг судалгааны ажилд одоо ч зарим юмыг ойлгохгүй л явна. Бид Төв Азид амьдардаг нүүдэлчид. Дээл гэдэг олон зуун жилээр нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэнд цаг агаар, байгалийн эрс тэс уур амьсгал, эрхэлж байсан мал аж ахуй, байгаль дэлхийг үзэх үзэл гэх мэтчилэн энэ бүх юм дээл хувцсандаа шингэж өнөөдрийг хүрчээ. Ирэхдээ бүр төгс хэлбэрээ олчихсон.

Тэгэхээр бид дээлний талаарх судалгааны ажлыг улам нарийн хийх  ёстой.  Би хувцасны загвар зохион бүтээгчийн мэргэжлээр Оросод  төгссөн. Дэлхийн хувцас загварын түүхийг ч нэлээн сайн үзэж, хардаг. Ингээд харахад бид бахархах юм ихтэй ч харамсалтай нь дэлхийн загварын түүхэнд монгол хувцасны талаар ганц ч үг байхгүй.

-Хятадын хувцасны талаар байгаа юу?

-Хятад байгаа. Бидний түүх тэгж дарагдсан байдгийг бид мэддэггүй. Гэтэл бидэнд түүх нь байсан. Байгааг ч археологийн олдворууд батална.

Тэгвэл дэлхийн загварын түүхэнд яаж оруулах вэ?

-Монголчууд маань цөөхүүлээ, хоёр гүрний завсар оршиж байна гээд янз янзын хүчин зүйл нөлөөлнө. Ардчилал гарснаас хойш нээлттэй болж, үндсэндээ сүүлийн 10, 20 жил л бид өөрсдийгөө хэн гэдгийг мэдэж байна. Өмнө нь түүх маань дарагдаастай, бид өөрсдийгөө ч  мэддэггүй, гадны түүх соёлыг биширч шүтдэг байлаа. Одоо монголчууд өөрсдийнхөө түүх соёлыг гаргаж, түгээх цаг үнэхээр болсон байна.

ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ ХЯТАДЫНХ ГЭЭД Л...

-Монгол дээл маш маргаантай. Хүннү дээл биднийх байжээ, босоо захтай дээл хятад юм байна гээд. Бид яаж ялгах вэ?

-Бид түүхэндээ хүчтэй явсан уу, явсан. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь л түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа улсууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Соёл нэгээс нөгөөд уусан, шилжих нь ч бий. Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдэг вэ гэдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шиний нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улс төрч Ерөнхийлөгчид бараалхан золгохдоо юу өмсчихөв, бөхчүүд юу өмсөв, урлагийн нэртэй одууд юу өмсөв гэдгийг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Тэрэн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Тэрнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.

Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад  Бао гуай  “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан.  Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан.  Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.

Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин”  тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас  авсан  гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүннү дээлний учрыг тайлбарлахгүй юу?

-Одоо гадуур байгаа Хүннү дээл гээд байгаа нь бол Хүннү дээл биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулаас олдсон Хүннү хоёр дээл байна. Эдгээр дээлний нэг нь бол урдуураа задгай нүүдэлчдийн дээл, нөгөө нь ташуулсан энгэртэй дээл байсан нь өнөөдөр Эрмитажид хадаглагдаж буй. Бидэнд 13-р зууны олдворууд маш их байдаг. 13-р зууны үед монгол дээл маш их баялаг болон хөгжиж, Юань улсын үед дээд зэргийн тансагтаа хүрсэн гэж судлаачид үздэг.  Хэнтий аймгийн Бухын хошуунаас олдсон 13-р зууны монгол язгууртны дээлийг Хүннү дээл гээд яриад сурчих шиг боллоо. Тэгж ярьж болохгүй юм.

-Уг нь бэлэн баримт их байдаг юм байна.

-Хэнтий аймгийн Бухын хошуунаас гурван ч дээл олдсон байдгийн нэг нь энэхүү язгууртны дээл. Мөрөн дээрээ зээгт наамалтай, ханцуйгаараа нарийхан, бүсэлхийгээрээ олон ширээстэй. Ташуу энгэртэй энэ дээл ерөнхийдөө Хитангийн үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэж судлаачид үздэг ч бидэнд 13-р зууны үеийн дээлний олдвор маш их бий. Ханцуйн дээрээ хагалбартай  цэрэг дээл Дугуй цахирын агуйгаас олдсон байдаг. Ер нь бол цэрэг дээлний хормой морь унахад хөл тушахгүй дэрэвгэрдүү, ханцуйг нь өнөөдөр манай харваачид ханцуйгаа сурлан боодогтой нэгэн адил сурладаг байсан ба энэ нь сум тавихад тээр болдоггүй байх жишээтэй.

Язгууртны дээл нь олон зээгт наамалтай, алтан утас ороож хатгасан байдаг. Энэ олдвор Үндэсний түүхийн музейд бий. Тэгэхээр энэ бол 13-р зууны үеийн дээл болохоос биш энэ бол Хүннүгийн дээл биш. Манайд хүмүүс дээл захиалахдаа Хүннү дээл захиалъя гэдэг болохоор ирсэн хүмүүст тайлбарлаж хэлдэг л дээ. 

ХЯТАД ОРОНД НОЁРХЛОО ТОГТООЖ БАЙСАН МОНГОЛ УДМЫН НҮҮДЭЛЧИЙН АЙМГИЙН УЛС ГҮРНИЙ ҮЕД ЗҮРЧИД ХУВЦСЫГ ХЯТАД ДАЯАР ДЭЛГЭРҮҮЛЖЭЭ

-Би Нью-Йоркийн нэг хуралдаанд оролцоод үндэсний хувцас өмсөх өдөр нь дээл, уужаа өмсөөд очив оо. Гэтэл хүн бүхэн л надаас “Та хятад хүн үү?” гэж асууж байсан. Ууж монголынх баймаар юм аа?

-Ууж бол хаашаа ч гарцгүй Монголынх. Хятадынх биш. 13-р зууны үеийн хатад богино ханцуйтай ууж давхарлаж өмсдөг байсан.  Ууж гэдэг нэр томъёоноос нь эхлээд анхаарах хэрэгтэй.

Хятад том гүрэн, эдийн засгийн хувьд ч их потенциалтай учир өөрсдийн биш юмыг ч өөрсдийн гэж хэлж чадаж байна. Хубилай бүү хэл Чингис хааныг манай хаан гэж ярьж байна. Бодлогоор ч ярьж байна. Гэтэл манайхан гадагшаа сурталчилгаа хийхэд эдийн засгийн боломжийн хувьд үнэхээр хүчин мөхөсддөг. Хэдий тийм боловч судлаачид, монголчууд өөрсдийнхөө түүхийг их сайн мэдэх хэрэгтэй.                                                    

-Ярьж хэлж, боломжоороо сурталчилж л байх хэрэгтэй юм байна. Танай байгууллага судалгааны ямар ажил хийж байна?

-Монгол хувцас судлалыг шинэ шатанд гаргах, шинэ залуу эрдэм шинжилгээний ажилтан,  судлаач, эрдэмтдийн ажлын уялдааг сайжруулах  чиглэлээр 2003 оноос эхлэн хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж  шилдэг бүтээл, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг шалгаруулан  шагнаж урамшуулах дэмжих, монгол хувцасны судалгаатай холбоотой 10 аад ном товхимол хэвлүүлсэн.

Бидний 2011 онд эмхэтгэн гаргасан “Монгол костюмс”  бүтээл нь судалгааны хувьд төдийгүй хүүхэд залуус, гадаад дотоодын судлаачдын дунд монгол хувцас хэмээх өв соёлыг судлах, хүндлэх, хэрэглэх явдалд тодорхой хувь нэмэр оруулж байгаа болов уу гэж боддог. Одоо энэ номоо улам чамбайруулж монгол хувцасны түүхэн хөгжил, дэлхийд тарсан тархалтыг харуулсан гурван боть судалгааны бүтээлээ “Монгол хувцасны нууц товчоон” нэртэйгээр удахгүй бэлэн болохоор хэвлэлд шилжүүлээд байна.

Нүүдэлчин Монголчуудын хувцас Хятад болон бусад ази хувцсанд хэрхэн нөлөөлж байсан ?

-Ер  нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.

Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.

 

Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн гэж судлаачид үздэг.

-Нэг талаасаа глобалчлагдаж байна, хил хязгааргүй болж байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талаараа энэ манай соёл, тэр манай соёл гэж хуучныхаа юмыг авч үлдэх хүсэл сонирхол байгаад байх шиг байна.

-Глобалчлал гэдэг бүгдийг ижилсүүлэх гэсэн ойлголт. Бүгд нэг ижилхэн хувцастай байвал сонирхолгүй биз дээ. Бид юугаараа ялгарах ёстой юм бэ? Бид ямар түүх соёлтой хүмүүс билээ, түүгээрээ бид энэ даяаршлын үед ялгарч, авч үлдэх ёстой. Хэрвээ бидэнд энэ бүхэн байхгүй болбид хэн ч биш болно.

Нэг домгорхуу яриа байдгийг сонирхуулья. Монголчууд цөөхүүлэхнээ хэрнээ ийм хүчирхэг, ер дийлдэхгүй юм. Учир нь юундаа байна гээд судлаж л дээ. Гэтэл хүчирхэг байхын аргагүй юм байна. Яагаад гэтэл дундуурыг хүртэл дүүрэн гэж  билэгдэж чаддаг хүмүүс юм гэж. Монголчуудын сайхан нь дандаа билэгшээдэг, амны билэгтэй.

Талын сайхан хөдөөний айлууд “болно доо болно, бүх юм сайхан байна” гэж амьдралдаа, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Энэ бол байгальтайгаа ойрхон, нүүдлийн соёл иргэншилтэйгээ холбоотой ухагдахуун шүү дээ. Хэзээд илүүд шунадаггүй. Гэтэл дэлхий даяараа суурин иргэншил нь мухардаар ирэхээр энэ юундаа байна вэ, нүүдэлчдийн соёл иргэншлийн давуу тал нь юу юм, энэ мөнх байдгийн учир нь юу юм гэх мэтчилэн эргээд Монгол моодонд орж, нүүдэлчдийн соёлыг судалж эхэлдэг. Учиргүй би агуу Монгол үндэстэн гэхээсээ илүү түүх соёлоо маш сайн мэддэг байх ёстойг л хэлээд байна.

Нүүдэлчдээс дэлхийн түүх эхтэй. Нарийн ухаад үзвэл монголчууд хувцас өмсөхөө хүртэл төрт ёсны үйл хийж байна  гэж билэгддэг байсан. Манай титэм, малгай, хувцас нь монголчуудын зэрэг дэвийг илэрхийлдэг, хувцасны маш өндөр соёлтой байсан.  1246 онд Гүюг их хаанаар суухад Хуралдайд ирсэн ихэс ноёд хаан сонгох өдрийн урьдхан гурван хоногийн турш гурван янзын ёслолын хувцас өмссөн байна. Үүнд “Эхний өдөр цагаан магнаг торго, дараа өдөр нь улаан магнаг торго, гурав дахь номин хөх торго, хоргой хувцас өмсөж” ёсолсон тухай Марко Поло тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн “Хаан Цагаан буюу саарал үстэй дээл өмсвөөс цагаан алтан цардмал дуулга малгай өмсөнө. Цагаан хэрмэн малгай өмсвөөс дээр нь цагаан хэрмэн дах нөмөрнө” гэх мэтээр хувцсаа зохицуулж өмсдөг байж.

Энэ болгоныг бид судлаад ирэхээр өөрийн эрхгүй монголчууд, нүүдэлчид гэдэг зэрлэг бүдүүлэг арьс нөмөрсөн хүмүүс байгаагүй харин ч хувцасны өндөр соёлтой байж.

Цагаан сараар цагаан хувцас өмсдөг юм уу?

-Чингис хааны үеэс эхлээд цагаан сарыг тэмдэглэж ирсэн гэдэг. Энэ үед цагаан өнгийн дээл өмсдөг байсан талаар бичиж үлдээсэн түүхэн тэмдэглэл олон бий.  Марко Поло тэмдэглэлдээ "Цагаан сарын шинийн 1-ний өдөр их хаан тэргүүлэн бүх ард иргэдэд хишиг хүртээх бөгөөд цагаан хувцас өмсөж явах заншилтай. Энэ нь цагаан өнгө бол өлзий мөртөй, цэвэр сайхны билэгдэл гэж үздэг. Их хаан жилийн турш эд эрдэнэсийг элбэг эдэлж, лагшин тунгалаг, зол жаргалтай байхыг зөгнөн ерөөдөг" гэж бичиж үлдээсэн байдаг. Өнгөний хувьд монголчууд цагаан сараар  хар дээл хувцас өмсдөггүй байж. Сүүлийн үед гангарч дэгжрэх гээд өмсч байна л даа. Өнгө бол тодорхой өөрийн гэсэн билэгдэлтэй.

-Ямар торгоор дээл оёход хамгийн эвтэйхэн байдаг вэ? Энгийн хүмүүс ямар торго сонговол зүгээр байдаг юм бол?

-Оёдог  хүн бол гарт барьцтай, амархнаа бодож оёно шүү дээ. Гэтэл монгол үйлчид хэзээ ч тэгэхгүй. Тухайн захиалагч юу авчирна түүгээр нь л хийнэ. Хүн хэрвээ нимгэхэн энэтхэг сари, вьетнам торго авчирвал бид чиний захиалсныг л оёх хэрэгтэй болно. Үйлчин хүний ур чадвар үүн дээр илэрнэ.

Нэг үеэ бодвол дээлний талаар тодорхой ойлголттой болчихож. Тав, арван жилийн өмнө манай төрийн томчууд эрээн мяраан хачин юм өмсөж байлаа. Гэхдээ би энийг шүүмжилье гэж боддоггүй юм. Тэдний буруу биш шүү дээ. Бид өөрсдөө мэдэхээ байчихсантай л холбоотой. За тэгээд Төвдийн алтан утастай хоргой манай дээр ч гэсэн ирж л байсан. “Эвдчихэв ээ хүү минь, чи. Наадах чинь үнэтэй торго шүү” гээд л  нөгөө оёдолчид нь оёх гээд бүр айж, чичирчихсэн. Тэр үеийг бодвол харьцангуй төлөв төвшин болсон байна. Төрийн ёслолын албанаас ч бидэнтэй ямар хувцас байвал зүгээр вэ гэж санал сэтгэгдлээ солилцдог болсон.

Нэг  хэсэг бас юу нь ч мэдэгдэхгүй их загвар хөөдөг байлаа. Тэгж байснаа Хүннү дээл гэж баахан шуурлаа. Хүмүүсийн хандлага жил болгон харагддаг. Дээл хувцасныхаа учир начрыг мэдээд ирэхээр ямар хувцас өмсөх вэ гэдгээ сонгож чаддаг болно. Захиалагч ирээд захиалгаа өгөх үед дээл хувцсаа хэр сайн мэддэг вэ гэдэг нь харагддаг. Анх удаа дээл өмсөх гэж байгаа хүнд “Та эхлээд энгийн загвартай монгол дээлээ өмсч үзэх хэрэгтэй” гэж зөвлөдөг.

Залуус бас их дээл өмсдөг болж. Ямар дээл өмсвөл зүгээр байдаг юм бэ?

-Залуучууд энгийн төлөв дээл өмсвөл сайхан. Дээлийнхээ түүхийг судлаад, өнгө зүсийг мэддэг болно. Учиргүй бусдыг дагаж хошуураад, яг тэрний дээлийг оёулна гээд л сэтгүүлийн зураг бариад байх хэрэггүй л дээ.

-“Монгол Костюмс”-т хандаж байгаа хэрэглэгчдийн тоо жил жилээс өсч байгаа байх?

-Бид өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй. Хүмүүс маань өөрчлөгдөөд, шинэчлэгдээд ирдэг. Бид өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй, биднийг зориод хүмүүс “танай оёдол сайн. Танайх арай өөр юм” гээд ирдэг.

Бид “манай дээлийг аваарай” гэж сурталчлахаас илүү нийгэмд хандсан ажил хийдэг. Жишээ нь бид жил бүр гаргадаг. Жишээ нь өнгөрсөн жил монгол дээлийн түүхэн хөгжлийг харуулсан календарь гаргаж байсан бол энэ жил хүүхдийн хувцсаар хийлээ. Монголчууд хүүхдээ тэр бүр үнэтэй, шинэ хувцсаар хувцаслаад байдаггүй. Хувцасны тоо гүйцдэг гэж ярьдаг болохоор эгч, ахынх нь хувцсыг л өмсгөдөг. Урт насалж, сайн сайхан яваасай гэснийг билэгддэг учраас хувцас тоотой байдаг гэлцдэг.

Тийм учраас хуучин хувцас, өөдсөөр хүүхдэд дээл хийж өгөх нь өлзийтэй гэж үздэг байсан. Сүүлийн үед хүүхэд айхтар хүнд нүсэр хувцас өмсгөдөг болжээ. Монголчуудын хувцасны дэг жаягт настай хүн, хүүхэд хоёрын дээл ганцхан шилбэтэй, идэр насных нь гурван шилбэтэй. Хүүхдэд гурван шилбэ нухна, хөгшдөд товчлоход нь эвтэйхэн байх учраас тэр.

Та өөрөө цагаан сараар дээл өмсдөг үү?

- Өмсөлгүй яахав. Гэхдээ дээл сайхан өмсдөг хүмүүсийн хажууд учиргүй сайхан биш ээ. Зарим цагаан сараар надад өөртөө дээл хийх боломж ч гарахгүй өнгөрөх үе бий. Жил болгон солих нь хаашаа юм өөртөө байгаа дээлээ солиод, бусад хүн цагаан сараа яаж тэмдэглэдэг вэ яг л тэр маягаар өнгөрөөнө.

-Настай хүнд дээлийн торго авч өгье гэвэл юуг билэгшээж торго авч өгдөг юм бол оо?

-Дээлийн өнгөний билэгдлүүд бий. Настай хүний торго учиргүй тод биш, залуусыг бодвол хурц биш өнгөтэй байдаг. Торго даавууны материалыг тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд өөрөөс нь асуух хэрэгтэй. Өөрийн гэсэн үзэл бодол байгаа шүү дээ. Дээл өмсдөг хүн өөртөө ямар дээл таардгийг мэддэг учраас ямар өнгө сонгохоо хэлдэг, саналыг нь авах хэрэгтэй.

-2015 онд таны болон “Монгол Костюмс”-ийн хувьд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Яг  Цагаан сарын маргааш бид Индонез улсыг зорино. Тэнд Монголын соёлын өдрүүд болох тул 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 2012 онд Парист ЮНЕСКО-гийн төв байранд тоглосон   монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтоор оролцоно. Ер нь тухайн жил түүхэн ямар үйл явдлууд тохионо түүндээ зориулж манайх ажлаа төлөвлөдөг. 2015 онд Хубилай хааны 800 жилийн ой болно. Энэ жил бид Монгол хувцасны нууц товчоо өөрөөр хэлбэл монгол хувцасны үүсэл хөгжлийг харуулсан гурван боть номоо гаргана. Ерөнхийдөө номны гол ноён нуруу босчихсон. 2015 онд манай “Дэлхийн Монгол туургатны хувцасны холбоо”-ны 10 жилийн ой болно.

Бид монгол туургатнуудтайгаа есдүгээр сард Хубилай хааны 800 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хуралтайгаар тэмдэглэх төлөвлөгөөтэй байна. Юань улс буюу Хубилай хааныг байх хугацаанд монгол дээлийн хөгжил хамгийн тансаг, хамгийн төгс хэлбэрээ олсон байсан. Тийм учраас бид өөрсдийн судалгааны ажлууддаа таарсан шинэ коллекцууд гаргана.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.



Resource: http://news.gogo.mn/r/155080

 

 

ТОО
0
0
0