ТЭМЭЭН ПОЛО СПОРТЫГ ӨВЛИЙН БРЕНД АРГА ХЭМЖЭЭ БОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

“Монголын тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо” анх 2002 онд байгуулагдсанаас хойш “Монголын тэмээн поло” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж иржээ. Сүүлийн жилүүдэд олон улсын CNN, CCTV, NHK мэдээллийн хэрэгслүүд сурвалжилдаг болсон ба эдүгээ хүртэл нийт 30 гаруй тэмцээнийг зохион байгуулж, тэмээчдийн тэмээгээ өсгөх сонирхлыг нэмэгдүүлж, тэмээний уяач нарыг төрүүлж, тэмээн аяллын маршрутыг бий болгож амжилттай ажилласаар иржээ.


2007 онд Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд 100 тэмээний парад ажиллагааг нээсэн нь тухайн үед олны анхаарал татсан сонирхолтой үйл явдал болсон байна. “Тэмээн поло – 2008” өвлийн тэмээн аялал Өмнөговь аймгийн Ханбогд сумаас гараагаа эхлүүлж, 3 аймгийн 12 сумын нутгаар дамжин аймаг, сум бүрт тэмээн поло зохион байгуулж сурталчлан таниулжээ. Нийт 1000 км аялсны эцэст Хархорин суманд хүрч хаалтаа хийсэн ба дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах сонирхлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй чухал ажил болсон. Тэмээн поло – 2013 тэмцээнийг Цонжинболдогт зохион байгуулсан нь Монголд өвлийн спорт аялал хөгжих боломжтойг харуулжээ. Тэмээний уралдаанаар улс аймгийн алдарт уяачид төрж, Тэмээн поло спортын мастер цолтой 80 гаруй тамирчин тодрон гарсан байна. Тоо толгой нь буурч байсан тэмээ өсөж 400 мянга болоод байна. Дэлхий дээр нэг бөхт тэмээ 20 сая орчим байдаг бол хоёр бөхт тэмээ нэг саяд хүрэхгүй хэмжээтэй байдаг.


Ингэний сүүгээр сахарын өвчин болон хавдрыг эмчилж болохыг тогтоож, ноос ноолуурын үнэ ханш нь өсөж, тэмээ өсгөх менежмент хөгжиж байна. Тэмээн поло зохион байгуулах зориулалтын том талбай байгуулж Кувейт, Арабын Эмират зэрэг улстай хамтран ажиллах, тойргийн уралдаан зохион байгуулах боломж байна.


Тэмээн поло спортыг өвлийн бренд арга хэмжээ болгох бүрэн боломжтой ажээ. Монголчуудын зааж өгснөөр өвөрмонголчууд тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн зэргийг зохион байгуулдаг болжээ. Дэлхийн поло спортын мэргэжилтнүүд монголын хоёр бөхт тэмээг гайхан үнэлдэг. Заан шиг том биетэй хэрнээ морь шиг хурдан хөдөлгөөнтэй, тэмцээнд сургахад хүндрэлгүй амархан сурах чадвартай, тэмээчид нь тэмээтэйгээ маш сайн ойлголцож харилцаж чаддаг нь гайхалтай санагддаг аж.


Эмхэтгэсэн Ч.Буянбадрах

ТОО
0
0
0