ШАР ЦАВЫН ОЛДВОР НЬ МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ӨВ ЮМ.

Палеонтологи гэдэг нь дэлхий дээр хүн үүсэхээс өмнө ямар байгаль орчин, шим ертөнц байсныг судалдаг шинжлэх ухаан билээ. Ургамал, амьтны олон чиглэлээс палеонтологийн шинжлэх ухаан бүрддэг. Сээр нуруутан амьтны хөгжлийн түүхэнд (сээр нуруутан амьтанд ч хүн ордог) үлэг гүрвэл хамгийн урт хугацаагаар энэ дэлхий дээр ноёлогч бүлэг болж амьдарсан. Одоогоос 220 сая жилийн өмнө үүсээд 150-160 сая жилийн турш бүлгээр ноёлон амьдарч байгаад 65 сая жилийн өмнө бүр мөсөн устаж үгүй болжээ. Хоёрдугаарт, сээр нуруутан амьтанд тохиолдож болох физиологи, генетикийн олон шалгуурыг үлэг гүрвэл дээр байгаль өөрөө туршсан байж болзошгүй үр дүнгүүд харагддаг ажээ. Хоёр хөл дээрээ явах нь сээр нуруутан амьтны хамгийн дэвшилтэт хэлбэр юм.


Ухаант хүн үүсэхээс 50-60 сая жилийн өмнө амьдарч байсан амьтадыг бид өнөөдөр зураг хөргөөр үзүүлнэ гэдэг палеонтологийн судалгааны үр дүн билээ. Үлэг гүрвэлийн яснаас олж авч чадаагүй мэдээллийг мөрнөөс нь олох боломжтой. Чулуужсан яснаас нь үлэг гүрвэлийн хэр хурдан гүйдгийг тогтоох хэцүү. Мөрнөөс нь жин, ааш араншин тэр бүгдийг тогтоож болдог юм байна. Бусад оронд байдаг мөрнүүдээс ялгаатай нь Шар цавын олдворт газарт нэг дор олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн байгаа юм. Тийм учраас дэлхийд маш ховор олдворт тооцогдоно.  Зөвхөн Монголын өмч биш дэлхийн өв юм. Үлэг гүрвэлийн судалгаа 1840-өөд оноос дэлхийд үүссэн гэж үздэг. Бусад салбартай харьцуулбал шинэлэг бөгөөд хоёр зууны турш хөгжсөн.


Эдүгээ үлэг гүрвэлийн эртний биологийн судалгаа чухалд тооцогдож байна. Яснаас нь таамаглаж дүрсэлж болох боловч энэ амьтан хэрхэн яаж үржиж хөгжиж, юу иддэг, өөр хоорондоо хэрхэн харьцдаг байсныг хүмүүс мэдэхийг хүссэн хэвээр байна.


Монголоос олдож байгаа олдворууд харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Маргаантай нууцлаг, учир нь олдоогүй зүйлүүдийн учгийг тайлахад сайн хадгалагдсан олдвор дээр судалгаа хийх нь үнэнд ойртдог. Монголын үлэг гүрвэлийн судалгааг өөрийнхөө судалгаанд оруулаагүй дэлхийн үлэг гүрвэлийн ямар ч судлаачийг хүлээн зөвшөөрөхгүй болжээ. Нэг үлэг гүрвэлийн судалгаа дууссаны дараа дүгнэлт нь үнэн эсэхийг дараагийн судлаачид шалгаад явдаг учраас дуусашгүй судалгаа юм. Үргэлж шинэ технологи, арга барилууд нэвтэрсээр байна.

ТОО
0
0
0