ПОЛЬШ, ТУРК УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2011 оны  6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т орсон өөрчлөлт ирэх сарын 4-нөөс хэрэгжиж, Монгол Улсын болон Бүгд Найрамдах Польш Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой болно.

Уг хэлэлцээрийг дагаж мөрдөх явцад англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг “сервис (service) паспорт” гэж бичсэнээс үүдэн нэр томьёоны зөрүү үүсч, албан (official) паспорттой монгол иргэд Польш Улсад зорчиход хүндрэл гарсан тул өөрчлөлт оруулж нэр томьёог эргэн харж зөвшилцсөн нь энэ юм.

Түүнчлэн, Анкара хотноо 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан  “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ирэх 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон БНТУ-ын иргэд 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.


ТОО
0
0
0