“MESSE ERFURT-2014” МОРИН АЯЛАЛ АН АГНУУР ЗАГАСЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦОВ

ХБНГУ-ын Турнингин мужийн Эрфурт хотноо зохион байгуулагдсан  “MESSE ERFURT-2014” Морин аялал Ан агнуур Загасчлалын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа зочин орноор оролцов. Үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 3 дугаар сарын 21-нд эхэлж, нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч, эдийн засгийн зөвлөх Д.Баттөр, Турнингин мужийн Хөдөө аж ахуй, ой, байгаль хамгааллын сайд Юурген Райнхолц, “Мессе Эрфурт”-н захирал Виеланд Книффка, АЖҮТ-ийн захирал О.Цоодол нар оролцсон юм.

Элчин сайдыг түр хамаарагч Д.Баттөр үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой  энэ жил тохиож байгааг  онцлон тэмдэглээд энэхүү үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролцож буйг онцлон, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төр засгийн бодлогын хүрээнд үзэсгэлэнд оролцогч Германы болон бусад орны иргэдийг Монгол Улсад аялан жуулчлахыг уриалсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол улсыг сурталчлах ажлыг ХБНГУ дахь Монгол Улсын элчин сайдын яам, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн төлөөллөөс гадна Морин циркийн үзүүлбэрийн Хан Монгол хамтлаг, ардын урлагийн Хөх Монгол хамтлаг, аялал жуулчлалын Женко, Дисковер Монголиа трэвел, Нүүдэл трейд, Мон дижитал трэвел, Хашхан компаниуд болон гар урлал, бэлэг дурсгалын томоохон үйлдвэрлэгч Сувинер Хаус сүлжээ дэлгүүр болон ХБНГУ дахь Монголчуудын нийгэмлэг, оюутан залуусын төлөөлөл зэрэг 40 орчим бүрэлдэхүүнтэй томоохон баг ажилласан юм.

Үзэсгэлэнгийн үеэр АЖҮТ-ийн захирал О.Цоодол, элчин сайдын яамны цэргийн атташе Д.Эрдэнэбилэг, АЖҮТ-ийн Маркетинг, сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Мэндбаяр нар “Мессе Эрфурт”-н захирал Виеланд Книффка, Турнингин муж улсын Адуучдын холбоо, Загасчдын нийгэмлэг, Ан агнуурын холбоо, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүлэгч нартай албан ёсны уулзалтыг зохион байгуулж,  Монголын аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл холбогдох бусад салбарт  туршлага солилцох, түншлэлийг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцож, яригдсан асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх, шийдвэрлэх талаар хэлэлцэж, тэднийг тааламжтай цагтаа Монгол Улсад тухлан саатахыг урьсан юм.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлсэнээр уг арга хэмжээнд ХБНГУ болон Баруун, Зүүн европийн өнцөг бүрээс 28000 зочид төлөөлөгч, худалдан авагч хүрэлцэн ирсэн нь урд жилийнхээс  8 хувийн өссөн үзүүлэлт бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцож Морьтны гайхамшиг тоглолтыг үзүүлсэн нь шууд нөлөөлсөн гэж дүгнэж байв. Манай эрэмгий зоригт эрсийн ур чадвар шаардсан үзүүлбэрийн тухай Германы томоохон телевиз, радио, сонин хэвлэлээр мэдээлж байв.

 


ТОО
0
0
0