ЦЭНГЭГ УСНЫ ЭХ СУВАРГА ХАЙРХАНЫГ ТАХИВ.

Зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчин билэгт сайн өдөр буюу энэ сарын 13-нд Архангай аймгийн Цэнхэр суман дахь төрийн тахилгат Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол болжээ. Уг ёслолд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын бурхан шашинтны төв - Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нар болон төр шашны албаны хүмүүс оролцов.

Суварга хайрханаас зүүн урагш 30 гаруй км-ийн алсад орших тахилгат овоон дээр тайх ёслолыг үйлджээ. Тусгайлан зассан жавданд заларсан Төгсбаясгалант хийдийн лам хуврагууд Ширнэн, Ламчодов, Намдаг сан, Овооны сан, Хангайн сан болон Суварга хайрханы сан зэрэг ном хурсан байна. Өдрийн морин цагт төрийн тэргүүн Ц.Элбэгдорж морилон ирж, “Ганжуур” их хөлгөн судраас адис авч, тахилгат овооны дэлгэдэх тусгайлан зассан суудалд байраа эзэлсэн юм. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн Их хар сүлдний Өрний элч сүлд, Архангай аймгийн туг, Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнэ зэргийг овооны хоёр талд залжээ.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид эцэг тэнгэрээ хилэгнүүлэлгүй, этүгэн эхээ гомдоолгүй аргадан залбирч, түүний сүр хүчийг биширч, зүй зохистой харьцаж, буян хишгээ даатгаж, газар нутаг, ан амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн ард түмэн. Уулын тэнгэрийг тайх ёс бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч, шашин соёлоо эрхэмлэгч монгол түмний олон мянган жилийн уламжлалт зан заншил юм. Энэхүү ёс заншил, гүнзгий ухааны ачаар монгол нутгийн маань унаган төрх бидний үед өвлөгдөж ирсэн. Энэ бол хүн, байгалийн харилцааны гүн утгыг таниулсан том ухаан бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд оруулсан монгол түмний бахархам хувь нэмэр яах аргагүй мөн. Төрийн тахилгат суварга хайрханы гэгээн хөх тэнгэр түмэн олныг минь ивээж, түүхт их улсыг минь төрийн мэргэн бодлого, түмний хичээл зүтгэл, уугуул нутаг усны сав шим бүрэн зохицож, Монгол ард иргэдийн минь амьдрал өөдлөн дэвжих болтугай” хэмээсэн юм.

Суварга хайрхан, түүний салбар уулс нь цэнгэг усны томоохон хагалбар газар хамаарагдах бөгөөд хайрханы өвөр биеэс Орхон, Цэнхэр, Цэцэрлэг, ар хэсгээс урд Тамир тэдгээрийн цутгалан болсон олон горхи эх аван тэжээгддэг. Түүнчлэн бөөр нурууны өвчинг анагаах Бор талын халуун рашаан, ходоод гэдэсний эмгэгийг эдгээгч Гялааны рашаан Суварга хайрханаас ундардаг аж. Тийм ч учраас аль эртнээс нутгийн олон Суварга хайрханаа сүсэглэн тахиж, идээ будааны дээжээ өргөн, эрчүүд нь оройд нь гарч хийморь лундаагаа сэргээдэг байсан уламжлал өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Харамсалтай нь гадны жуулчин, дотоодын монгол ёс заншил, өв уламжлалаа мартагнасан нэгний зохимжгүй үйлдлээс үүдэн Суварга хайрханы зулай дээрх цэнгэг уст нуур жилээс жилд татарч, нэлийтэл асгасан сүү мэт цайран цавцайх мөнх цас хайлж ууршин, түүнээс эх авах гол горхи дундарсаар байгаа тухайн нутгийн уугуул иргэд сэтгэл зовниж байна. Сүүлийн үед эмэгтэй хүн хайрханд гарсан, гадаадынхан орой дээр нь буудаллаж, нуурын усанд нь хир буртагаа угаасан гэх мэт үнэмшихэд бэрх зүйлс сонсогдох болжээ. Нуурын усанд орох нь бүү хэл оройд нь ч хөл тавьдаггүй юм гэж хэлсээр байхад гадаадын жуулчид нуурын усанд орсныг нутгийнхан ярьжээ.

Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тайллагын ёслол дуусахтай зэрэгцэн хайрханы баруун хойдод хуралдсан хонин цагаан үүлс салхиар туугдан наашилж, хурын түрүүч ганц нэгхэн бороон дусал газарт унагаж, төд удалгүй малын зоо тэнийлгэсэн азарган хур шаагин орсон юм.

Тэмдэглэсэн: М.Ууган-Эрдэнэ

ТОО
0
0
0