ВАШИНГТОНД ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛ БОЛЛОО


Монгол соёлын төв, АНУ дахь Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг Олон улсын Монголч эрдэмтдийн бага хурал өнгөрсөн тавдугаар сард Вашингтон хотноо амжилттай болж өнгөрсөн байна. Найм дахь удаагаа болж буй жил тутмын хуралд энэ удаа Монгол улс, АНУ, БНСУ, ОХУ-ын 20 шахам эрдэмтэд, судлаач оролцож, Монголын түүх, Уран зохиол, Өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдаж буй асуудлууд, Боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцсэн байна. Мөн нэрт зохиолч эрдэмтэн Хангин Гомбожавд зориулан хуралдааныг зохион байгуулжээ.  

Нэг дэх салбар хуралдаан нь “түүх” гэсэн сэдэвтэй байсан ба тус салбар хуралдааныг АНУ-ын эрдэмтэн, “Монгол нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч, доктор Алиса Кампи удирдан явуулсан. Эхний илтгэлийг ШУА-ын судлаач, доктор О.Батсайхан “1911 оны Үндэсний хувьсгал ба Жавзандамба хутагт”сэдвээр, хоёр дахь илтгэлийг Смитсонианы хүрээлэнгийн Арктик судлалын хүрээлэнгийн захирал, доктор Уиллиам Фитцью “Буган чулуу, овоо чулуун урлаг: Хөвсгөлөөс Монгол Алтай хүртэлх нутгаас олдсон археологийн шинэ олдворууд” сэдвээр, салбар хуралдааны сүүлчийн илтгэлийг Улаанбаатар их сургуулийн судлаач Хишигсүрэн Вонн “Дэлхийн монголчууд, тэднийг нэгтгэх гол хүчин зүйл” сэдвээр тус тус илтгэл тавьжээ.  

Хоёр дахь салбар хуралдаан “Уран зохиол” сэдэвтэй байсан бөгөөд хуралдааныг МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, доктор, профессор Ч.Дагвадорж удирдан явуулжээ. Эхний илтгэлийг “Мон судар” хэвлэлийн газрын редактор Д.Нямдорж “Монгол аман зохиол дахь зохиомол үгсийн тухай”сэдвээр, хоёр дахь илтгэлийг Утга зохиолч судлаач, орчуулагч, доктор Саймон Викхам Смит “Монголын орчин уран зохиолд Веймарын БНУ-ын үзүүлсэн нөлөө” сэдвээр, гурав дахь илтгэлийг Яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг “Яруу найргаас чухам юуг орчуулж болох бэ?” сэдвээр илтгэжээ.

Гурав дахь салбар хуралдаан “Өнөөгийн Монголын нийгмийн тулгамдсан асуудлууд” сэдвээр явагдсан. Нийгмийн тухай тус салбар худалдааныг Монгол улсын Элчин зөвлөх Д.Гансүх удирдан явуулсан. Эхний илтгэлийг Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Эрдэнэ “2008 оны 7-р сарын 1-ний үйл явдалд хийх социологийн шинжилгээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг хамгийн холоос ирсэн зочид болох Бийск хот дахь Шукшины нэрэмжит Академийн судлаач Михайл Власов, Александер Беспалов, Ховд Их сургуулийн багш Т.Одончимэг нар “Баруун Монголын хүүхэд залуусын амьдралыг үзэх үзэл, үнэ цэнэ” сэдвээр, Кентийн Коллежийн профессор, доктор Сунмин Юн “Улаанбаатар болон Хөдөөгийн дуу аялгууны ялгаа буюу гуравдагч орон зай” сэдвээр, Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Ц.Болд “Уул уурхайн олдворлолт, тээвэрлэлтийг тойрсон социал асуудлууд” сэдвээр илтгэлүүд тавьсан байна.  

Дөрөвдүгээр салбар хуралдааныг нэрт Монголч эрдэмтэн Хангин Гомбожавд зориулжээ. Одоогоос 25 жилийн өмнө нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав таалал төгссөн бөгөөд түүний үүсгэн байгуулсан Монгол-Америкийн соёлын нийгэмлэгээс Монгол соёлын төвтэй хамтран их эрдэмтэнд зориулсан тусгай хуралдаан зохион байгуулсан байна. Эхний илтгэлийг Хангин Гомбожавтай хамт нийгэмлэгийг анх үүсгэн байгуулж байсан, өдгөө  Ерөнхийлөгчөөр ажиллаж буй доктор Санж Алтан “Хангин Гомбожав 25 жилийн дараа” сэдвээр тавьсан. Доктор, профессор Ч.Дагвадорж Хангины Гомбожав гуайн бичсэн “Зангиа” хэмээх сонирхолтой шүлгийг задлан шинжилснээ илтгэсэн байна.

Тавдугаар салбар хуралдааныг “Боловсрол” сэдвийн хүрээнд ШУА-ийн судлаач, доктор О.Батсайхан удирдан явуулсан. Эхний илтгэлийг  Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Л.Мөнхбат “Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг оюутны сурах идэвхэд нөлөөлөх нь” сэдвээр илтгэсэн. Илтгэгч Г.Монголхатан “Таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг харьцуулсан судалгаа” хийснээ илтгэсэн бол Д.Лувсанжамц “Гэвш Лхаарамба Агваандандарын Монгол, Төвд хэл соёлд оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэжээ.  Энэхүү Монгол судлалын хурал амжилттай болж өндөрлөсөн байна.

ТОО
0
0
0