ТУВАЧУУД БИД УДАМ УГСААГААРАА Ч, ЁС ЗАНШЛААРАА Ч МОНГОЛ ШҮҮ ДЭЭ

Тухайн үед Тувагийн ноёд Монголдоо буцаж нэгдэх үү, эсвэл Орост дагаар орох уу гэдэг дээр нэлээд эргэлзсэн гэдэг. Монгол Тувагаа өөртөө татаад авах боломжгүй байсан хэрэг. Ингээд л арга буюу Оросын нөлөөнд орсон хэрэг. Монгол хэлээрээ ярина. Ялангуяа малчид монголоороо маш сайн ярьдаг. Ёс заншил, амьдрал ахуй нь ерөөсөө л монгол байдаг. Сургуульд орсон хүүхэд тува хэл мэддэггүй. Аргагүйн эрхэнд тува хэл сурсан ч монгол хэлээ мартана гэж байхгүй. Ер нь монгол хэлтэй тувачууд бичгийн монгол хэл мэдэхгүй. Монголоор бичсэн ном сонин уншиж ойлгохгүй. Хичээлээ тува, орос хэлээр үздэг учраас зөвхөн ярианы монгол хэлтэй үлдсэн. Москва явсан хүүхдүүд монгол хэлээ мартахгүй байж тува хэлээ мартаад байгаа нь сонин.

Ихэнх нь малаа маллаад амьдарч байна. Мал маллаж байгаа арга ухаан, бурхан шашин бүгд монголчуудтай адил. Хоол унд нь ч монгол шүү дээ. Гурилтай шөл, буузаа иднэ. Хувьсгалын дараа манайд цагаан сар тэмдэглэхийг хориглочихсон байсан. Одоо монголчуудтай адил цагаан сар хийдэг, настнууддаа золгодог болсон. Бөх барилдана, цагаан сараараа дуу хуураа тоглоно. Уул хадаа тахина, сан тавина.

Мөн айраг, таргаа хийнэ. Ааруул ээзгий хийнэ. Гүүний айрагт их дуртай. Хил хуваасны дараа адуу бараг устах талдаа байлаа. Сүүлийн жилүүдээс л адуу өсч байна даа. Үхэр, хонь ихэвчлэн маллана даа. Тэмээ цөөрч байгаа.

Зах зээл эхэлснээс хойш ажилтай хүн ховор болсон. Цөөн хэдэн малаа маллаад л өдөр хоногоо өнгөрөөж байна. Төрийн албанд цөөн хэдэн хүн ажилладаг. Хүүхдүүдээ өөрсөд шигээ амьдруулахгүйн тулд яаж ийгээд Москва руу сургуульд явуулдаг. Москвад сурсан хүүхдүүд буцаж ирнэ гэж байхгүй. Ирээд яах билээ, энд ажилгүй юм чинь. Бүгд тэндээ үлдэж байгаа. Монгол шиг охидуудаа яаж ийгээд дээд мэргэжилтэй болгодог. Нөгөөх нь нутагтаа ирээд хийх ажилгүй. Тэгээд Москвад ойр зуурын ажил хийгээд л амьдарч байна даа, манай сумын хүүхдүүд гэж Тувагийн Эрзин хошууны Нарын сумын иргэн М.Гунгаа өвөө ийнхүү ярьлаа.

 

 


 

 

 

 

ТОО
0
0
0