АЛСЛАГДСАН СУМДАД ЭЛСЭН БАЙШИН БАРИХ НЬ ХАМГИЙН ИХ ТОХИРОМЖТОЙ АЖ

Ингээд тус аймгийн Засаг даргын зөвлөх А.Хүдрээгийн санаачилгаар “Элсэн байшин” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Элсээр барьсан хоёр дахь байшинг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулж оршин суугчид нь хүлээн авсан Ховдод энэ байшингийн гол материал болох элснээс их юм үгүй. Бараг л зогсч байсан газраасаа элсээ хутгаж аваад байшингаа барьсан гэнэ. Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад элсээ цемент, чулуутай хольж барина. Харин манайхан технологийг нөхцөл байдалдаа тохируулан монголчилж цемент, чулуу ашиглаагүй гэнэ. Тэгээд ч барилгын материалын үнэ өндөр, тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд бүр ч их үнэтэй болно. Үүний оронд хуванцар агуулсан, байгальд удаан шингэдэг тусгай уутанд элсээ хийж давхарлан өрнө. Харин хооронд нь юугаар барьцалдуулсан талаар төслийг хэрэгжүүлэгчээс сонирхоход “Үүнд л манай байшингийн хамаг нууц нь байгаа юм” гэж хэлээд нууцлав. Ямар ч байсан энэ арга найдвартай тул 100 жилийн баталгаа хүртэл өгчээ. Цемент, чулуу нь агаар хамгийн их нэвтрүүлдэг тул түүнийг хэрэглээгүй элсэн байшин дулаанаа бараг алдахгүй гэнэ. Түүнээс гадна дулаалгаа хонины ноосоор хийсэн байна. Ховдод барьсан элсэн байшин нь халуун хүйтэн устай, боловсон жорлонтой. Хажуудаа барьсан гүний худаг нь ус, бохирын асуудлыг ямар нэгэн хүндрэлгүйгээр шийдэх боломж бүрдүүлжээ. Хоёр дахь байшин нь 200 ам дөрвөлжин метр. Нэг метр квадрат нь 300 мянган төгрөгөөр боссон гэнэ. Мөн байшингийн дотоод халуун ус, цэвэр усны асуудлыг шийдэхдээ гүний худаг гаргаж байшингийнхаа дотор нь ч, гадна ч гаргаж болдог байна. Эхлээд ханаа босгосны дараа дотор нь худгаа гаргасан бөгөөд анхны элсэн байшингийн худгийг гадна нь гаргасан байна. Халаалтын асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодруулахад.


Элсэн байшингийн зураг төслийг Ховдын их сургуулийн захирлын зөвлөхөөр ажиллаж байсан Швейцарийн иргэн Беат Шварценбах гаргасан юм. Зургийг гаргахдаа л бохирын асуудлыг шийдэх аргыг олж. Байшингаас таван метрийн зайд сэтвек танк хэмээн нэрлэдэг бохирын системтэй аж. Түүнийг, газарт хоёр метрийн зайтай байрлуулж. Дотроо тусгай өтгөн задалдаг шингэнтэй гурван том сав юм. 15 жилийн дараа бохирыг нь соруулж болох юм байна. Халаалтын хувьд гэвэл шалнаасаа халдаг. Мөн нарны зай суурилуулсан бөгөөд түүнийгээ хараахан ашиглаж эхлээгүй байгаа ч усаа бойлуураар халаадаг байна. Тусгай технологиор элстэй уутнуудаа давхарлан өрж ханаа босгосны дараа гаднаас нь шавардаж. Дотор дулаалгаа хонины ноосоор хийж төмрөөр гадарласан байна. Харин дээврийг нь тавын банзаар хийж 50 жилийн баталгаа өгчээ.

Элсэн байшинг манай нөхцөлд барихад ялангуяа алслагдсан сумдад бол хамгийн их тохиромжтой гэж бодож байна гэж Ховд аймгийн засаг дарга хэлсэн юм. Мөн аймгийн засаг даргын тамгын газарт 25-20 айлын элсэн байшинг нэг дор барьж эхлүүлэх талаар ярилцаж байгаа бөгөөд энэ төслийг туршилтын шугамаар хэрэгжүүлж эхэлсэн ч яваандаа Улаанбаатар хотын Налайх дүүрэгт ч ийм байшин барих бодолтой байгаа юм байна.

ТОО
0
0
0