“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙГ ХОТ ОЛНООРОО


Юун түрүүнд найрсаг хот болохын тулд нийслэлийн иргэн та бидний хувийн соёл, биеэ авч яваа байдал, бусадтай зөв харилцах гэхчлэн олон шалгуур тавигдана. Монголчууд найрсаг зочломтгой ард түмэн гэж өөрсдөөрөө бахархах дуртай. Тэгвэл гадаад ертөнцөд эсрэгээр ойлгодог болох нь судалгаагаар харагджээ. Дэлхийн эдийн засгийн форумаас хоёр жил тутамд хийдэг улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлангаар монголчуудын найрсаг зочломтгой гэгддэг зан чанар муудсан гэх үзүүлэлт гарсан байна. 2013 оны судалгаагаар нийт 140 улсаас 131-д жагссан байна. Манай улсыг сүүл мушгихад хамгийн гол нөлөөлсөн зүйл бол гадаадын иргэдэд хандах хандлага гэнэ. Түүнчлэн аялал жуулчлалын маркетинг сурталчилгаандаа анхаарахыг Дэлхийн эдийн засгийн форумаас зөвлөжээ.

Жуулчдын тоог 2020 он гэхэд хоёр саяд хүргэнэ гэсэн. Үүнээс арван жилийн дараа таван сая жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн байна. Нэг ёсондоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршжээ. Мөн үүний дам нөлөөгөөр манай улсын эдийн засгийн ашиг орлого нэмэгдэж эдийн засаг дээшилнэ. Мөн жуулчлалаар дамжиж гадагшаа алдагддаг валютын шүүрэлтийг 30 хувиар буурна гэсэн тооцоо гарсан байна. Азийн орнууд ерөнхийдөө аялал жуулчлалын урсгалыг татаж байгаа энэ цаг үед манай улсад асар том боломж бий. Тиймээс өөрсдийгөө илэрхийлэх байдлаар гадныхныг үргээсэн, эдийн засгаа боомилсон байж болохгүйг хотын дарга ч мөн дурдсан байна. Таван тивийн жуулчдыг Улаанбаатарт ирэхэд хамгийн найрсаг нөхцөл байдлыг мэдрэх боломжийг бий болгох нь ердөө иргэдийн хандлага чухал болохыг хөтөлбөр боловсруулагчид онцолжээ. “Найрсаг Улаанбаатар” гэсэн нэрийн хувьд зан сайтынхаас хүн тасрахгүй гэдэг ардын зүйр үгтэй утга агуулга нь дүйх аж. Нийслэл хотын иргэн та бид хэдий чиний найрсаг, сайхан харилцаатай байна, төдий чинээ жуулчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол дан ганц хувийн харилцаандаа анхаарна гэсэн ойлголт биш. Хийж буй үйлдлээ ч хянаж, буруу зуршлаа гээхийг сануулж буй мессэж юм. Иргэд найрсаг байдлыг үйлчилгээний байгууллагуудаас хүсдэг хэрнээ өөрсдөө тийм байж чаддаг билүү. Тэгвэл иргэдийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд иргэд харилцан хүндэтгэлтэй хандах, гарцаар тэр дундаа гэрлэн дохиогоор зорчих, олон нийтийн газар хараалын буюу бүдүүлэг үг хэллэг унагахгүй байх, замын хөдөлгөөнд соёлч боловсон оролцох, зориулалтын саванд хогоо хаях, ахмадуудаа хүндлэх зэрэгт анхаарлаа хандуулж, соёлын довтолгоо хийхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрт бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг  төлөвшүүлж хотын соёлын довтолгоо хийхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэх  чиглэлээр хэрэгжүүлэх юм байна. Төр засгийн үйлчилгээний ажилтнууд руу чиглэх бололтой. Төрийн албан хаагчид хүн рүүгээ хандсан үйлчилгээг үзүүлж, чирэгдэлгүй ажилладаг болно гэсэн. Ийм шаардлагыг биелүүлэгчид нь төр засгийн үйлчилгээний ажилтнууд болон нийтийн тээвэр эрхлэгчид такси, автобусны жолооч, мөнгө хураагч нар эхэлж дагаж мөрдөх ажээ. Хэрэв иргэдтэй хүнд сурталтай харьцвал дээд шатных нь даргатай хамт арга хэмжээ авдаг болох юм байна. “Төр өөрөө нийгмийн бухимдлыг төрүүлдэг дутагдлаа арилгаад өөрсдөө үлгэрлээд ирэхээр иргэд маань найрсаг болно” гэж нийслэлйн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга Э. Баттулга ярилаа. Мөн төрийн албан хаагчдад найрсаг харилцаа, үйлчилгээний талаар системчилсэн сургалт явуулах юм байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх ажилтны ёс зүй, харилцааны нийтлэг дүрмийг боловсруулж мөрдүүлэх ажээ. Түүнчлэн үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулах, соёл, урлагийн үйлчилгээний нэгдсэн стандартыг нэвтрүүлэх юм байна. Бас хотын аяллын хөтөч-тайлбарлагч, жуулчин тээврийн жолооч нарыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх аж.


Жуулчдын сэтгэл  ханамжийг нэмэгдүүлж, тэдний дахин ирэх хүсэл сонирхлыг төрүүлэх зорилгоор зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны бааз, жуулчин тээврийн стандартуудыг шинэчлэн, гэх буудал, гэстхаус, үйлчилгээний газрын стандартыг шинээр боловсруулж мөрдүүлэх нь ээ. Агаарын бохирдол, дуу чимээ, автомашин түгжрэл зэргээс их хотын стресс үүсдэг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ мэт хүчин зүйлүүдээс хүмүүс өөрийн эрхгүй найрсаг бус ханддаг байна. Үүнийг шийдэх энгийн аргууд нь гэвэл иргэд гэр бүл, найз нөхдийнхөө хамт амралт чөлөөт цагаа үнэ төлбөргүй өнгөрөөх парк байх шаардлагатай гэж хөтөлбөр боловсруулагчид  үзжээ. Тиймээс иргэдийн амрах ая тухтай төвүүдийг дүүрэг болгонд байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийгэм рүүгээ болон нийтийг хамарсан соёл, спортын арга хэмжээ зохиох юм байна. Үүний тулд нийслэлийг хүрээлдэг дөрвөн хайрхан болон байгалийн үзэсгэлэнт газруудыг тохижуулж ая тухтай байдлыг бүрдүүлэх аж. Энэ мэт бүтээн байгуулалт маркетингийн сурталчилгааг хийснээр аялал жуулчлалын салбараас орж ирэх орлого нь нийслэлчүүдэд эдийн засгийн боломжийг нь бий болгоно гэдгийг төслийнхөн онцолж байлаа. Хэдий чинээ их жуулчин ирнэ, тэр хэмжээгээр эрэлт нэмэгдэж зах зээлийн жамаар аяндаа эдийн засаг хөгжинө гэв.

            “ Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын иргэд рүү чиглэсэн ажлуудын урт жагсаалт гаргажээ. Эндээс онцлоход жуулчдын ая тухтай, эрүүл аюулгүй амарч зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дараахь ажлуудыг хийх юм байна. Жуулчид манайхаас үргэдэг нэг шалтгаан бол хулгайд эд зүйлсээ алддаг байдлаас эмээдэг гэнэ. 100 жуулчин тутмын тав нь ямар нэгэн байдлаар хулгай дээрэмд өртдөг байна. Алдагдсан эд зүйлсийн арав нь олддог ажээ. Нийслэлийн цагдаагийн газарт жуулчны цагдаагийн бүтэц ажиллах юм байна. Камерын хяналт, хоол хүнсний аюулгүй байдал, эмнэлгийн яаралтай тусламжийг иргэний харьяалал харгалзахгүйгээр олгодог болгох юм байна. Мөн жуулчны лавлах утас ч давхар ажиллуулна гэлээ. Аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн орнуудад гадаадын иргэдийг такси хөлслөх үед, гар дээрээс худалдаа хийх, валют солиулах зэрэгт залилах явдал гаргууд. Тиймээс эдгээр сөрөг үр дагавараас сэргийлж жуулчны утастай болох ажээ. Мөн гадаадын иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, төлбөр тооцооны хувьд илүү бодвол жуулчны мэдээллийн лавлах утсанд хандах боломжтой гэнэ. Тэдний гомдол гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн газарт хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх аж. Хэрэв үйлчилгээний байгууллага, хувь хүн албан байгууллагын зөрчлийг арилгуулдаг болох гэнэ. Энэ нь манайхны жуулчидтай харилцах хандлага, үйлчилгээг найрсаг болгоход нөлөөлөх юм байна. Ганц, хоёр удаа арга хэмжээ авахуулсан үйлчилгээний байгууллагууд дахиад ийм байдал гаргахаа больж, зөрчил дутагдал нь аажимдаа арилна гэж төслийнхөн харж байгаа гэнэ. Мөн тэд жуулчдын зүгээс гаргадаг алдаа дутагдлыг зохицуулахаар хөтөлбөрт тусгасан байна. Жуулчдыг ирэхээс нь өмнө улс орныхоо ёс заншил, нийгмийн хэм хэмжээний талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгч, юун дээр анхаарах ёстойг сануулах аж.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын болон нийслэл дүүргийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж төсөл хөтөлбөрүүд зэрэг хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна.

ТОО
0
0
0