ДЭЛХИЙН АЛЬ Ч ЦЭГЭЭС УЛААНБААТАР ХОТЫГ МЭДЭРЧ БОЛНО.


Google цахим хуудсанд “Street view-google maps” гэсэн үг бий. Уг хэсэгт дэлхийн томоохон хотуудын алдартай гудамж, цэнгэлдэх хүрээлэн, музей, түүхэн дурсгалт газар, бизнесийн байгууллагууд, банк, ресторан зэргийн зураг орсон байдаг. Хэрэглэгч сонирхож буй газартайгаа танилцахыг хүсвэл зурган дээр нь дарахад тухайн газрынх нь зураг гарч ирнэ. Гэхдээ зүгээр нэг харагдахгүй, эргэн тойрныг нь 360 хэмээр харагдуулдаг. Урд талаасаа ямар харагдах, хажуу тал нь ямар байх, эргэн тойронд нь юу юу байна вэ гэдгийг бүрэн харуулдаг. Уг хэсэгт дэлхийн 60 гаран улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл бүртгэлтэй байдаг. Саяхан манай улс “Google street view”-д нэгдлээ. Чингисийн талбайд болсон нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Google”-ын бүс нутгийг хариуцсан удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Google street view”-д нэгдэж байгаа 61 дэх улс, тэр дундаа Төв Азийн бүс нутгийн анхдагч болж буйгаараа онцлогтой ажээ. Одоо дэлхийн хаанаас ч Улаанбаатар хотын дэлгэрэнгүй мэдээлэл, зураглалыг маш ойлгомжтой байдлаар харах боломжтой боллоо. “Google street view”-д орох зургуудыг өнгөрсөн 6-р сараас авч эхэлжээ. Харин саяхнаас эхлэн нийслэл болон хөдөө орон нутгийн зургийг авахаар НЗДТГ-ын тусгай камераар тоноглогдсон машин талбайгаас хөдөлсөн байна. Одоогоор Чингисийн талбай, Цонжин болдог, XIII зуун цогцолбор зэрэг газрын эргэн тойрныг харж, дэргэд нь байгаа мэт мэдэрч болох нь. Үргэлжлүүлэн нийслэлийн гудамж, томоохон барилга, ресторан замуудын зургийг байршуулах ажээ. Цаашид хөдөө орон нутгийн зураг ч нэмэгдэх юм байна. Мөн Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейтэй түншлэлийн гэрээ байгуулан онлайн хэлбэрээр олон улсад таниулах ажээ. “Google street view”-д нэгдэх ажлыг “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Google” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Google map”, “Google culture Institute”, “Google Art Project” төслүүдийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна.

ТОО
0
0
0