АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ТӨГСӨГЧ НАР АЖЛЫН БАЙРАНД ГАРААД ШУУД Л ГОЛОГДДОГ.

ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн их сургууль, Дорнод Сибирийн соёл урлагийн улсын академи хамтран “Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 11-р сарын 20-21-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Хурлын үеэр дараах сэдвүүдээр илтгэл тавигдлаа.







  • 1.     Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогын зарим асуудал
  • 2.     Соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд
  • 3.     Нүүдэлчдийн соёл ба Монголын аялал жуулчлалын хөгжлийн чиглэл, тулгамдаж буй асуудлууд
  • 4.     Аялал жуулчлалын менежментийн сургалт: уламжлал шинэчлэл
  • 5.     Соёлын аялал жуулчлалын хөгжил: олон улсын туршлага
  • 6.     Соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж буй хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд
  • 7.     Аялал жуулчлал дахь соёлын өв: аялал жуулчлалын мэргэжлээр суралцагч оюутнуудын сургалт аяллын дадлагын олон улсын туршлага

Эдгээр илтгэлүүдийг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, СУИС-ын Театр урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн,  СУИС-ийн Соёлын сургуулийн ахлах багш, докторант Ч.Мөнхжаргал, Голландын Засгийн газрын CBI байгууллагын зөвлөх Jan Wigsten, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төв ТББ-ын тэргүүн, судлаач Д.Гантөмөр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, доктор, профессор Л.Оюунцэцэг, Дорнод Сибирийн Соёл Урлагийн Улсын Академийн Аялал жуулчлал, чөлөөт цагийн тэнхимийн багш Тушемилова Н.Н, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Хилханов Д.Л нар илтгэж танилцуулсны дараа сэдвүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд оролцогсод аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр, кредит цагийн хуваарилалтын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ялангуяа мэргэжлийн онолын хичээлүүд дээр нэмэлтээр ордог “сонгон суралцах хичээл”-ээр илүү шаардлагатай байгаа хичээлүүдийг тодотгож ормоор байгаа тухай саналаа хэлэв. Мөн дадлагын цаг маш бага байгааг ярилаа. Өнөөгийн төгсөгч нар газрын зургийн масштабаар км-ын баримжааг ч тооцож чаддаггүй, аяллын маршрут ч зохиож чадахгүй, гадаад хэлний мэдлэг маш муу, өөрийн эзэмшиж буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоогүй төгсөж байгаа нь харамсалтай, төрөлжсөн аялал жуулчлалын мэргэжилтнүүд байхгүй байгаа, төгсөгчид ажлын байранд гараад үнэхээр их гологдож байгаа талаар дурдацгаав. Бүх хичээлийг англи дээр явуулах хэрэгтэй гэсэн санал ч гарав.

ТОО
0
0
0