38 ОЮУТАН “ОЮУ ТОЛГОЙ”-Н ТЭТГЭЛЭГ ГАРДЛАА

 

“Оюу толгой” компанийн 2014-2015 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол “Блю скай” цамхаг болж өндөрлөлөө. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт уламжлал ёсоор есдүгээр сард эхэлж, нийт 320 гаруй оюутан хамрагдсанаас өнөөдөр ийнхүү 38 оюутан тэтгэлгээ гардан авлаа. Тэдний 17 нь ШУТИС, арав нь МУИС, бусад нь Орхон, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутнууд юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжлээр энэ жил анх удаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй нь онцлог зүйл боллоо. Оюутнуудаас хамгийн олон буюу долоо нь барилгын инженер мэргэжлээр суралцаж буй ажээ. “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ёслолыг нээж хэлэхдээ “Оюу толгой” бол зөвхөн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолдог компани биш, байгалийн баялгийг оюуны баялаг болгох үйлсэд хувь нэмрээ оруулдаг юм. Зөвхөн боловсролын салбарт гэхэд өнгөрсөн дөрвөн жилд 123 сая ам.доллар зарцууллаа. Эрдэмд оройгүй, эх орондоо ихийг бүтээх ухаалаг хүмүүн болоорой гэж тэтгэлэгт шалгарсан залуустаа захья” гэв.

Энэ жилийн хувьд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийн болзлыг гурван оюутан хангажээ. Тэд уул уурхай, байгаль орчин, цахилгааны инженер мэргэжлээр дотоодын их, дээд сургуульд сурч буй бөгөөд АНУ, Канад, Австрали улсад  суралцах юм. “Оюу толгой” компани өнөө жил дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 295 сая төгрөг, гадаадынхад 180 мянган ам.доллар зарцуулах юм. 

“Оюу толгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал   Эндрью Вүдлэй “Хүмүүсийг сурч боловсроход туслах нь үнэхээр сайхан үйлс билээ. Оюуны хөрөнгө орууулалтын үр шим нь үлэмж гэдэгт итгэж байна. Бид Монголын боловсролын салбарыг дэмжиж буй хөрөнгө оруулалтдаа сэтгэл нэн хангалуун  байдаг юм” гэж ярив.

БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган “ “Оюу толгой компани Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар ихээхэн санаачилгатай, үр бүтээлтэй ажилладаг юм. 10 гаруй сая ам.доллараар Налайхын техникийн коллежийг барьж байгуулсан ганцхан жишээ л үүний нотолгоо. Оюутан залуус та бүхэн олны итгэлийг дааж сайн сураарай” гэж захилаа.  “Оюу толгой” ХХК-ийн дотоодын тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүр 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, хөдөө орон нутгаас ирсэн бол дотуур байрны төлбөр багтдаг. Хэрэв тухайн оюутан амжилттай сайн суралцвал сургуулиа төгстөл уг тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэх, улмаар “Оюу толгой”-д  дадлага хийх боломжтой. Гадаадын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын сургалтын болон оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, визийн хураамж, эх орондоо ирэх буцах онгоцны зардлыг “Оюу толгой” компани бүрэн даадаг юм. Үүний зэрэгцээ сар бүр мөнгөн тэтгэлэг олгож, жил бүр ном, сургалтын хэрэглэгдэхүүний  мөнгө олгодог. Энэ бүхэн оюутнуудад ихээхэн  дэмжлэг, боломж олгодог юм. “Оюу толгой” компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бичигт 2010 онд гарын үсэг зурcан бөгөөд энэхүү Санамж бичгийн үндсэн чиглэл нь Монгол Улсын уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Санамж бичгийн дагуу 2015 он гэхэд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөснөөс 170 оюутанд дотоодын, 23 оюутанд гадаадын тэтгэлэг олгоод байна.

ТОО
0
0
0