ГАЦУУРТЫН ОРДООС ЖИЛД 5 ТОНН АЛТ ОЛБОРЛОНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус ордын тусгай зөвшөөрлийг  “Сентерра гоулд монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд стратегийн ордод хамруулах хүсэлтийг тавьсанаар УИХ хэлэлцэж буй нь энэ аж.

Уул уурхайн сайдын онцолсноор Гацууртын орд нь 50 тонн алтны нөөцтэй, жилд 5 тонн алт олборлоно. Арван жилийн хугацаанд 3 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ, татвараар дамжуулж 660 тэрбум төгрөг улсад төлөх урьдчилсан тооцоо гарчээ. Мөн Бороогийн уурхайн 300 хүн ажилгүй болж байгаа бөгөөд тэднийг тус орд руу шилжүүлж ажиллах боломжтой аж. Нийт 1000 орчим хүнийг ажлын байраар хангах бололцоотой юм байна.

Харин төр тус ордын хэдэн хувийг эзэмших боломжтой талаар эхэлж стратегийн болгох эсэх асуудлыг шийдсэний дараа Засгийн газар УИХ-д дахин оруулж хэлэлцүүлэх аж.

Хэрвээ УИХ тус ордыг стратегийн болгож шийдвэл төр 20 хүртэл хувийг эзэмших боломжтой. Тусгай зөвшөөрлийг нь эзэмшигч компанийн зүгээс энэ тухай саналаа илэрхийлсэн юм байна.

ТОО
0
0
0