ӨӨДРӨГ СТАТИСТИК

“Эдийн засаг хямарлаа” гэдэг үг амны уншлага болжээ. Гэхдээ бид “таг зогсоогүй”. 1990 оны картын барааны үе бидэнд дахин ирчихээгүй байна. Өдөр ирэх бүр үндэсний үйлдвэрлэгчид нэмэгдсээр байгаа. Өмнөх оныхоос боловсруулах аж үйлдвэрийн салбарт тамхи, сүлжмэл эдлэл, шар айраг, шингэн сүү, металл цувимал, бууз, банш, амтат ус, ундаа, барилгын модон хаалга, цонх, бялуу, талх, самнасан ноолуур, хиаман төрлийн бүтээгдэхүүн, вакум цонх, хаалга, цемент, зүсмэл материал, гоймон, савхин гутал ботинк зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.1-86.2хувь хүртэл өссөн байна.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9266.6 тэрбум буюу 21.5 хувиар өсчээ. Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэж байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний орлого төдий чинээ буурч, бэлэн мөнгө дотооддоо эргэлдэнэ гэсэн үг. Мөн өөр нэг өөдрөг үзүүлэлт гэвэл малчин өрхийн тоо 149700 буюу  өмнөх оноос 12,5 хувиар өссөн.

Хөдөө орон нутаг эзгүйрч, мал маллах хүнгүй боллоо гэх яриа саяхан л газар авч байсан. Бодит байдал дээр харин ч малчин өрх нэмэгдэж, насжилт нь улам залуужиж байгаа сайхан мэдээ бий. Өнөөдрийн байдлаар малын тоо толгой 51.9 сая буюу 15.1 хувиар өссөн аж.

Өдрөөс өдөрт хотжилт хүрээгээ тэлж, өндөр барилгууд сүндэрлэсээр байгаа билээ. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өмнөх оныхоос 300.9 тэрбум төг буюу 16.3 хувиар нэмэгдэхэд дотоодын байгууллагынх 293,9 тэрбум төг буюу 17.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төмөр замаар экспортлосон ачаа 116,1 мянган тонн буюу 1.9 хувиар өссөн байна. Удахгүй манай улс гурван сая дахь иргэнээ хүлээж авна. Төрөлт 81715 мянга буюу 2.3хувиар өссөн өөдрөг үзүүлэлттэйгээр бид 2014 оныг үджээ.

 

ТОО
0
0
0