ЦАЛИНГ 10 ОРЧИМ ХУВИАР НЭМНЭ ГЭВ

Өнөөдөр Төрийн ордонд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар мэдээлэл хийв. Өчигдөр 2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулах ажил өчигдөр өндөрлөж, талууд хэлэлцээрийн бичиг баримтад гарын үсэг зурсан билээ.

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэлэхдээ “Хэлэлцээрт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон нэг бүрээр нь хэлэлцсэн. МҮЭ-ийн төлөөлөл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувь өсгөх шаардлага тавьсан нь хэлэлцээрийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын нэг болж, хоёр ч удаа завсарлага авч хойшлуулахад хүргэсэн.

Гэхдээ УИХ, намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр өрнүүлсэний үр дүнд энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр боллоо. Ингэснээр энэ онд цалинг 10 орчим хувиар нэмнэ. Гэхдээ аль салбарынхны цалинг ямар хугацаанд хэдэн хувиар нэмэгдүүлнэ гэдгийг одоогоор хэлэх боломжгүй юм” гэв.

 

ТОО
0
0
0