ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЦАХИМ КАРТААР ЗОРЧИНО

Ирэх дөрөвдүгээр сараас нийслэлийн нийтийн тээвэрт томоохон шинэчлэлтүүд хийгдэх нь. Тухайлбал, иргэд 500 төгрөг төлж тасалбар тасалж автобусаар үйлчлүүлэх биш цахим карт уншуулж үйлчлүүлдэг болох юм байна. Тодорхой цэгүүдээс картаа цэнэглэж автобусанд суурилуулсан төхөөрөмжид картаа уншуулж зорчих боломжийг бүрдүүлэх аж. Дэлхийн олон улс орон цахим карт ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Харин манай улс энэ жилээс эхлэн нийтийн тээвэрт эрс шинэчлэлт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай  хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан билээ.

Тус төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслийг хэрэгжүүлэх юм. Энэ нь нийтийн тээврийн автобусуудад GPS  суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэх юм.

Мөн цахим картны үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах юм байна.

Төслийг хэрэгжүүлсэнээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай аж. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл хэрэгжүүлэгч тал онцолж байгаа юм.

 -500 ЦЭГТ КАРТ ЦЭНЭГЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА-

 Энэхүү төслийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

-Дөрөвдүгээр сараас иргэд цахим картаар автобусанд үйлчлүүлдэг болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. Эхлээд туршилтаар явуулах уу. Эсвэл бүх автобусууддаа төхөөрөмжөө зэрэг суулгах уу?

-Дөрөвдүгээр сараас энэ ажлын хүрээнд зарим чиглэлүүдэд туршилтын ажил хийгдэнэ. Тавдугаар сар гэхэд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр иргэд тавдугаар сараас бүх чиглэлд цахим карт ашиглах боломжтой.

-Цахим карт цэнэглэх хичнээн төхөөрөмж суурилуулах вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 500 цэг дээр карт цэнэглэх төхөөрөмж суурилуулна. Цаашдаа иргэд хаанаас хамгийн хөнгөн шуурхай билетээ цэнэглэх боломжтой байна тэр газруудад суурилуулна.

-Картаа дээд тал нь хэдэн төгрөгөөр цэнэглэх боломжтой вэ?

-Тухайн иргэн картдаа хэдэн төгрөг байршуулах нь дурын хэрэг. Гэхдээ дээд хязгаар гаргаж өгнө. Яваандаа тэр картаар ганцхан нийтийн тээврээр үйлчлүүлэх биш, жижиг хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх, таксинд тооцоо хийх систем рүү шилжинэ.

-Иргэд картаа хаанаас авах вэ?

-Улаанбаатар смарт карт компани карт гаргах ажлыг хариуцаж байгаа. Бүртгэлийн дагуу аль болох хурдан шуурхай зохицуулна. Нийтийн тээврийн зөвлөл дээр энэ асуудлыг ярилцаж байж шийднэ.

-Картаа уншуулж үйлчлүүлээд эхлэхээр бужигнаан үүсэх вий. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг одоогийн байгаагаас өөрчлөх асуудлууд байгаа. 8 дугаар сарын 22-ноос 30-ны өдрүүдэд сүлжээ төлөвлөлтийн туршилтын ажлыг дараагийн систем нэвтрэхтэй холбогдуулж хийсэн. Чиглэл маршрут өөрчлөгдөөд эхлэхээр иргэдэд шуурхай үйлчлэх боломжтой болно. Аль болох тэр боломжийг хангасан төлөвлөлт хийнэ.

-Нийтийн тээврээр үнэгүй зорчдог хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд мөнгийг нь олгох юм уу, эсвэл картыг нь цаанаас нь цэнэглэж өгөх үү. Ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн ажилтнууд картаар үйлчлүүлээд явна. Аль болох тухайн иргэдэд нь дамжуулах асуудлыг эрх бүхий байгууллагууд шийдэх байх.

-20 УГСРАА АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРНА-

Мөн 2014 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сангаас 70 тээврийн хэрэгсэл авахаар тендер зарлагдсан байгаа аж. Үүнд 20 ширхэг угсраа автобусыг Энхтайваны өргөн чөлөө, төв зам дугуу явуулна гэдгийг хэлж байлаа. Харин дунд оврын автобус 30 ширхэгийг авахаар гэрээ байгуулсан аж. Энэ онд 70 гаруй автобус шинээр үйлчилгээнд гараад эхэлбэл иргэдэд хурдан шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм байна. Дээр нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлтээ хийх аж. Харин цахим карт ашиглаад эхэлсэн тохиолдолд зарим кондукторууд ажлын байргүй болох уу гэхэд “Кондукторууд ажилгүй болохгүй. Хяналтын ажилтан, мэдээллийн ажилтнууд байх ёстой. Мөн карт цэнэглэх цэгүүд дээр ажилллах хүн хэрэгтэй. Тэгэхээр кондукторууд тэр ажлын байрууд руу шилжиж ажиллах боломжтой” гэсэн юм. Ямартай ч нийслэлийн нийтийн тээвэрт эрс шинэчлэлт хийгдэж, иргэд дөрөвдүгээр сараас цахим карт ашигладаг болох нь.

 

ТОО
0
0
0