ITB 2015 ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

“Үхэхээсээ өмнө заавал очиж үзэх ёстой газар бол Монгол юм шүү” хэмээн НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголын талаар хийсэн хоёр дахь удаагийн хэвлэлийн хурал дээр хэлж байсан. Үнэхээр Монгол Улс нь зорих ёстой газруудын нэг гэдгийг мэдүүлэхээр, мэдлэгжүүлэхээр Монголын аялал жуулчлалын салбарын 300 орчим төлөөлөл Берлин хотноо энэ өдрүүдэд ажиллаа.

Энэ жилийн 49 дэх удаагийн И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр өндөрлөсөн юм.  Тус үзэсгэлэнд олонд нэртэй нийт 75 улсын 5180 итгэмжлэгдсэн сэтгүүлч, 29 орны аяллын 350 блогчин оролцож, тус арга хэмжээг сурвалжилжээ. Тус үзэсгэлэнд гаднын 127 улс төрийн томоохон зүтгэлтэн, гурван эрхэм дээдэс, 95 элчин сайд, 47 сайд, 11 дэд сайд хүрэлцэн ирсэн гэсэн тойм мэдээ гараад байна.

Энэ жил Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хувьд мөрөөдөл биелсэн жил байсан гэдгийг салбарын төр, хувийн хэвшил, холбоодуудын төлөөлөл хэлж байлаа. “Цолмон Трэвел” компанийн захирал М.Навчаа “Энэхүү үзэсгэлэнд 25 жил оролцож байна. Өмнө нь түншээр оролцож буй орнуудыг хараад бидэнд хэзээ ингэж албан ёсны түнш орноор оролцох завшаан олдох бол хэмээн шүүрс алддаг байлаа. Харин өнөөдөр үнэхээр мөрөөдөл биелж бид энд онцгой эрхтэй орон болоод ирчихсэн байна. Бүгдийн анхаарал бидэн дээр төвлөрч байна. Баяртай байна” хэмээсэн юм.

Монгол Улс олон улсын хэвлэл мэдээллийнхэн дунд гурван удаагийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж, давтагдсан тоогоор 300 орчим хэвлэл мэдээллийнхэн үүнд оролцлоо.  И Тэ Бэгийн үеэр энэ жил 200 гаруй арга хэмжээ, хурал чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Тэгвэл энэ удаад Монгол Улс албан ёсны түнш орон гэгдэх онцгой эрхтэйгээр оролцож байгаагийн хувьд хэд хэдэн томоохон  хурал тухайлбал, Торгоны зам, адал явдалт аялал жуулчлал болон Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь сорилт боломжуудыг дэнсэлсэн хэлэлцүүлгүүд болж өнгөрлөө. И Тэ Бэ үзэсгэлэнгийн захиргаа хариуцсан захирал Кристиан Гөке “Нөгөө талаас уламжлал, байгаль, тогтвортой хөгжил гэдэг асуудлууд маш чухалд тавигдаж байна. Энэ жилийн түнш орон Монгол Улс нь үүний тод жишээ” гэж хэлэлцүүлгүүдийн үеэр хэлсэн юм. Монгол Улсын хувьд нүүдлийн болон суурьшмал соёл эн зэрэгцэн оршдог орон билээ. Монголын зохион байгуулсан гурван удаагийн хэвлэлийн хурлын үеэр цөөнгүй асуулт ирсэн бөгөөд дийлэнхдээ нүүдлийн соёл хэр урт “наслах” талаар асууж байлаа. Тэдний хувьд монголчууд өөрсдийн брэнд болгон зарлаж буй нүүдэлчин соёлыг хадгалах тал дээр Монгол Улс хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ гэдэг асуудлыг сонирхсон. Энэ тал дээр тодорхой ажлууд хийгдэж байгаа тухай БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.

Фотог О.Баярсайхан

И Тэ Бэд Монгол Улс түнш орноор оролцсон ерөнхий байдлаас онцлоход нээлтийн үйл ажиллагаа тун содон байв. Жил бүр тус үзэсгэлэнд сонгогдсон албан ёсны түнш орон нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг жамтай. Манай улсын хувьд энэ жил 3600 хүний суудалтай “CityCube” хэмээх тоглолтын шинэ танхимд нээлтийн арга хэмжээгээ хийсэн анхны орон боллоо. Нээлтийн үеэр манай улсын ерөнхийлөгч болон ДАЖБ-ын дарга, Берлин хотын дарга, Германы Гадаад хэргийн сайд, И Тэ Бэ үзэсгэлэнгийн захиргааны албаны дарга үг хэлсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тус нээлтийн арга хэмжээний хамгийн товч тодорхой, сонирхолтой нь байлаа гэж үзэгчид үнэлсэн байв.

Мөн энэ үеэр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  урлагийнхан Монголын эрт эдүгээг харуулсан цогц соёлын тоглолтыг сонирхуулсан юм. Энэхүү тоглолтыг Азийн бусад орны өмнө нь хийж байсан тоглолтуудтай харьцуулахад их өвөрмөц, маш их эрч хүч мэдрэгдэж байсан гэдгийг тус нээлтэд уригдсан дийлэнх хүн хэлж байлаа. Герман талаас нээлтийн ажиллагаан дээр хамтарч ажилласан төслийн менежер Холгер Вилке “И Тэ Бэгийн зохион байгуулах багт орж 20 гаруй жил ажиллаа. Энэ хугацаанд олон орон түнш орноор оролцож байсан бөгөөд тэдний нээлтийн үйл ажиллагаан дээр хамтран ажиллаж, харж байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Монголынх шиг ийм өвөрмөц, гайхамшигтай нээлтийн ажиллагааг харж байсангүй. Үнэхээр өвөрмөц боллоо. Миний хувьд хамгийн шилдэг нь гэж хэлье” гэсэн юм.Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын Улсыг сурталчилж буй лого бүхий “Мongolia, Nomadic by Nature” гэсэн 50 такси, зурагт хуудсууд Берлиний гудамжуудыг чимж байлаа. Эдгээр нь энэ оны зургаадугаар сарын 1 хүртэл байрших юм байна.


Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монголд дөрвөн санал тавилаа


Гуравдугаар сарын 4-8-ны хооронд буюу таван өдөрт И Тэ Бэгийн үзэсгэлэнгийн 26 танхимд нийт 175.000 хүн орж, гарсан гэх баримтыг тус үзэсгэлэнгийн судалгааны хэсгээс бидэнд мэдээллээ. Үүний гуравны хоёр нь буюу дийлэнх нь гаднаас тус үзэсгэлэнг зорьж ирсэн зочид байжээ. Энэ нь өмнөх жилүүдийнхээ рекорд амжилтыг эвдсэн хэрэг юм. Энэ нь тус үзэсгэлэнг дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн гэдгийг бататгаад зогсохгүй өнөөгийн дэлхийн ертөнцийн хүрээнд гараад буй олон асуудлаас үл хамааран аялал жуулчлалын салбар өсөлттэй байх, бие даасан байдлаа хадгалж байгааг харуулж байна гэж аялал жуулчлалын салбарынхан үзлээ. Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд нийт 140.000 хүн зочилсон гэх тоо бий. Тус үзэсгэлэнд ирсэн зочид нэг өдөрт 17 км алхдаг байна. Мэссе Берлиний гаргасан статистик мэдээллээс үзэхэд тус үзэсгэлэнгийн үеэр хийгдсэн нийт борлуулалт өнгөрсөн жилийнхээс өсч, 6.7 тэрбум еврод хүрчээ. Тус үзэсгэлэнгийн бүх танхимын захиалга дүүрсэн бөгөөд зарим улс сурталчилгааны талбайгаа томсгох хүсэлт тавьсан ч хүлээж авах боломжгүй өндөр захиалгатай байжээ. Товчхондоо, И Тэ Бэ бол бүх дэлхийгээр нэг дор зочлох боломж байдаг. Учир нь тус  үзэсгэлэнд 186 орны 10 096 байгууллага өөрсдийгөө сурталчлахаар ирсэн юм. Тэд зөвхөн өөрсдийгөө сурталчилаад зогсохгүй олон улс даяар хамтарч ажилладаг түншүүдтэйгээ уулзаж, шинэ түнштэй болохоор ирдэг.

Манай улсын сурталчилгааны талбай хоёр өөр танхимд байрласан бөгөөд нэг нь Азийн улс орнууд байрлах 26 дугаар танхимд, нөгөө нь адал явдалт аялал жуулчлалын хэсэгт байрлаж байв. Энэ жил Монгол Улсын сурталчилгааны талбай өнгөрсөн хугацаанд оролцдог байсантайгаа харьцуулбал хоёр дахин томорч 160 мянган ам дөрвөлжин болсон байгаа.  Манай улсын хөрш Хятад улс Монголыг түнш орноор оролцох гэж буйг дуулаад сурталчилгааны талбаын хэмжээгээ хоёр дахин томруулсан гэдгийг Мессе Берлиний албаныханаас дууллаа. Хятадын харьяа Өвөрмонгол тэргүүтэй зарим орон Монголын нүүдэлчин соёлыг аяллын бүтээгдэхүүн болгон зарах нь түгээмэл байдаг гэдэг үүднээс тэдний дээрх үйлдлийг тайлбарлаж болох юм. Сурталчилгааны талбайд Монгол нийт дөрвөн гэр барьсан бөгөөд 15 ханатай хамгийн том гэрийг гадаа барьсан юм.  Соёлын тоглолт болон сурталчилгааны талбайн ерөнхий загвар, зохиомжийг найруулагч Д.Ариунсайхан гаргаж, германчуудтай ярилцаж хийсэн. Тэгвэл түүний бүтээл үнэхээр Монголыг тод харуулж чадсан нь батлагдлаа. Монголын сурталчилгааны талбайн дизайнаар /Asia, Australia, Oceania/ ангилалд зургаадугаарт орлоо. Харин тус жагсаалтын нэгдүгээрт Өмнөд Солонгос улс орсон юм. И Тэ Бэгийн үзэсгэлэнгийн танхимуудад нийт 11 мянган сурталчилгааны талбай байсан билээ. Үүнээс шилдгийн шилдгээр Руанда улс шалгарсан юм.

И Тэ Бэ үзэсгэлэнгйн үеэр манай улсын нэг компани л гэхэд 30-иас доошгүй гаднын түнштэй уулзсан бөгөөд монголчуудыг зорин ирэх гадныхны тоо энэ жил түнш орноор оролцож буйн хувьд эрс ихэссэн. Тиймээс Монголоос ирсэн 16 компани төлөвлөсөн зарим уулзалтаа хийж чадаагүйгээ ч хэлж байлаа. Үзэсгэлэнгийн үеэр хийгдсэн өндөр дээд хэмжээний уулзалтуудаас БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайтай уулзсан нь олны анхаарлыг татлаа. Энэ үеэр Талиб Рифай Монгол Улстай хамтарч ажиллаж, тусалж болох дөрвөн санал байгаагаа хэллээ. Үүнд дэлхий даяар Монголын имижийг илүү сайн таниулах, адал явдалт аялал жуулчлалын чиглэлээр олон улсын томоохон форумыг Монголд зохион байгуулах, хууль зүйн хүрээнд аялал жуулчлалын салбарыг илүү нарийвчлахад туслах, мөн хөрөнгө оруулалт татахад илүү амар болгох, эцэст нь хүний нөөцийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд тусалж, дадлагажуулах багтаж байна гэв. Эдгээр саналыг салбарын сайд бүрэн дэмжихээ хариуд нь илэрхийлсэн.

Салбарын сайдын хувьд үзэсгэлэнгийн сүүлийн өдөр хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон. Мөн энэ удаа үзэсгэлэнд сэтгэл зүтгэл нийлж ажилласан шиг цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Аялал жуулчлалын салбарынхан өмнө нь хэзээ ч ингэж нэгдэн, Монгол гэсэн нэг сэтгэлтэйгээр хамтарч аливаад хандаж байсангүй. Энэ үзэсгэлэн зөвхөн Монголыг сурталчлахад өгөөжөө өгөөд зогсохгүй, аялал жуулчлалын салбарынхныг нэтгэж чадлаа гэж төр хувийн хэвшлийхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ цаашид аялал жуулчлалын салбарынхны хувьд тууштай зүтгэлээ хэвээр хадгалахгүй аваас И Тэ Бэд оролцсон үр дүн замхарна гэдгийг аялал жуулчлалын салбарынхан Монголд зөвлөж байлаа. ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Монгол И Тэ Бэд өндөр түвшинд оролцож, өндөр үнэлгээ, нэр хүнд олж авлаа. Гэвч энэ түвшинд хэрхэн удаан тогтох вэ гэдэг том сорилт ирж байгаа шүү” хэмээн хатуу санууллаа.

Бид Монгол улсын аялал жуулчлалын салбарын онцлог давуу талыг маш сайн таниулж, нэр нөлөөгөө өндөр түвшинд өсгөж чадлаа. Гэхдээ тэр нэр хүндийг доороос нь тулах сайн менежмент салбарын хувьд байхгүй байгаа. Бид өндөрт гарсан ч тулах баганагүй байгаа нь тус салбар хэзээд унахад бэлэн, хэврэг гэдгийг харуулж буй. Хэврэг байдлаа дархалж чадахгүй аваас И Тэ Бэд оролцсон энэ их хөдөлмөр, гаргасан амжилт, оруулсан хөрөнгө оруулалт салхинд хийсэх ч магадлалтай

Б.Энхцэцэг

Эх сурвалж 

http://mongolianeconomy.mn/index.php/mn/p/7500  

ТОО
0
0
0