БАЯНЛИГ СУМАНД ХОЁР ИНГЭ ИХЭРЛЭЛЭЭ

 Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаянд хоёр ингэ ихэрлэсэн байна. Эхний ингэ нь энэ сарын 23-ны өдөр ихэрлэсэн бол хоёр дахь нь 26-ны өдөр ихэр ботго гаргажээ.

Баянлиг сумын Бага баянгийн гуравдугаар багийн малчин Лхагвасүрэнгийн Хүрэлтогоогийн ингэ энэ сарын 23-нд гурав дахь төллөлтөөрөө ихэр ботго гаргасан бол энэ сарын 26-ны өдөр мөн Баянлиг сумын Багабаянгийн тавдугаар багийн малчин  Намжилмаагийн Мөнхтөрийн бор ингэ тав дах төллөлтөөрөө ихэрлэсэн байна.

Хүрэлтогоогийнх 110 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 21 ингэ төллөөд байгаа юм. Мөнхтөрийн хувьд 225 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 18 ингэ төллөөд байгаа талаар мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүллээ.

Баянхонгор аймагт сүүлийн гурван жил дараалан ихэр ботго гарч байгаа юм байна. Тэр дундаа 2015 онд өнөөдрийн байдлаар хоёр ч удаа ингэ ихэрлэсэн үйл явдал болж байна. Ингэ ихэрлэсэн үйл явдал 2013 онд Баян-Өндөр сумд, 2014 онд Жинст сумд тохиолдож байсан юм. Ингэ ихэрлэх үйл явдлыг Монголчууд эртнээс мал сүрэг өснө, өнтэй сайхан жил болно гэж билэгшээж ирсэн байна.

Үүгээрээ сүүлийн 2-3 жил өнтэй жил болж мал сүрэг өсч байгаа нь Монгол түмний билэгшээл биеллээ олж байгаагийн нэгээхэн баталгаа болж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан хэлж байлаа.

2015 онд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 1.4 сая орчим толгой малгай төллөх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 хувь нь буюу 140 гаруй мянган толгой мал төллөөд байна. Аймгийн ХХААГ-ын төлөвлөж байгаагаар 1.26 сая толгой төл хүлээж авч бойжуулах чиглэлийг барин ажиллаж байгаа аж.

ТОО
0
0
0