Х.ТҮВШИНЖАРГАЛ: ХАСКИНУУД ХӨДӨЛМӨРЧ, ТЭВЧЭЭРТЭЙ

 

Хөдөлмөрч, тууштай зан хүнийг юманд хүргэдэг гэсэн үзэл баримтлалтай, Монголд аялал жуулчлалын цоо шинэ өнгө төрхийг оруулж буй Монгол нохой чаргыг үүсгэн байгуулагч Х.Түвшинжаргалтай ярилцлаа. Хүний хувь тавилан гэдэг сонин. Хэрэв тэр Хаски нохой худалдаж аваагүй бол, гэр нь Тэрэлжид байдаггүй байсан бол, бохир нь хөлдөөгүй бол, нохойнд хайргүй гэргийтэй бол бүр Лаки түүнд байгаагүй бол юу болох байсныг бурхан л мэдэж байгаа. Хүн юу тарина түүгээ хураадаг гэдэг юутай үнэн үг вэ хэмээн ярилцлагын төгсгөлд санагдсан.

-Танд нохой чарганы аялал зохион байгуулах санаа хаанаас төрөв?
-Хаски нохойг эхэндээ сонирхлоороо тэжээдэг байлаа. Лаки, Жэк гэдэг эр, эм хоёр нохойг гөлөг байхад нь Сибириэс авчруулсан. Тэдний дундаас Болт гарч, гурван нохойтой боллоо. Нэг өдөр манай дэлгүүрийн бохир хөлдсөн байв. Бохирыг хайлуулдаг 200 литрийн торхтой нэг юм байдаг юм л даа. Тэрийг авчирч, бохироо хайлуулах гээд чиртэл дийлддэггүй ээ. Нохойнууд маань том биетэй болохоор санаандгүй хүзүүнээс нь өнөөх торхыг уяаад, “За хариарай” гээд хэлтэл гэртээ очсон.

Тэр явдлаас хойш Хаскиг чарганд уяж болохыг мэдсэн. Мөн яг тэр үед “Алсад үлдсэн найман цагаан” гээд чарганы нохдын тухай кино гарч байлаа. Тэр киног үзээд, санаа авч, машины сандлыг задлан модон дээр хадаад, чарга хийж туршиж үзсэн. Ингээд жил ирэх тусам ноход маань үржсээр нэг мэдэхнээ 15, 16-уулаа боллоо. Хэтэрхий олон санагдаж, арчилгааг нь дийлэхээ байгаад бүгдийг нь хүмүүст тараагаад өгчдөг юм билүү гэж бодогдож, шантарч байсан шүү. Тэгэхээр нь дахиад нэг чарга хийлээ. Манай эхнэр нохойнд маш их хайртай.

Эхнэр болон миний найз нөхөд нохой чаргаар аялж үзээд, цааш нь дамжуулсаар нэг мэдэхэд бид үйлчлүүлэгчтэй болсон. Нохой тэжээж эхэлсэн үеийг тооцвол найм, гаднын жуулчид хүлээн авдаг болоод дөрвөн жил өнгөрчээ. Өмнө нь би БНСУ-д ажиллаж байгаад ирсэн. Би экстрем спортод хообийтой. Мотоцикл, машин, завь гээд л. Өвөлдөө нохой чарга, зундаа завин аялал зохион байгуулдаг. Энэ жилээс дөрвөн дугуйтай мотоциклны аялал хийхээр бэлтгэж байгаа. Мөн кроссын мотоциклийн аялал ч бий.

-Хаски нохой бусад үүлдрийн нохойноос зан араншингийн хувьд юугаараа өөр вэ?
-Хаскиг уяж болдоггүй. Тэд гүйж явахдаа л аз жаргалтай байдаг. Маш хөдөлмөрч, ядардаггүй, тэвчээртэй зан чанартай. Тэд багаар ажилладаг юм. Сонирхуулахад, чарганы таван нохойн нэг нь олигтой явахгүй бол нөгөө дөрөв нь нийлж байгаад явахгүй байгаагаа зодчихдог жишээтэй. Тэд эцэг эхээ маш сайн мэддэг гэж би боддог. Бусад үүлдрийн нохойнууд орооны үеэр ээжтэйгээ нийлэх гээд байдаг бол хаски хэзээ ч гөлөгөө ойртуулдаггүй, хосоороо амьдардаг. Миний хамгийн анхны хоёр нохой болох Жэк, Лаки хоёр яг л эхнэр нөхөр шиг.

Тэднийг салгаад өөр үүрэнд хийхээр хуцсаар байгаад л нийлдэг. Өөр эр нохой ирвэл барина, зодолдоно. Лаки маань маш онцгой, содон нохой. Хоолны үе болоход бусад ноход хуцаж байхад ганцаараа их тайван хэвтэж байдаг. Хүнээр бол юм үзсэн хүн шиг их зантай гэхүү дээ. Манлайлагч нохой ямар байдаг бүх шинжийг агуулсан. Дээрээс нь маш цэвэрч. Бусад нь шороон дээр халтайсан ирж байхад Лаки цасан дээр хөрвөөгөөд биеэ цэвэрлээд үүрэндээ хэвтдэг. Лаки миний амийг аварсан. Намар мөс нимгэн үеэр ноходтойгоо аялж байгаад чаргатайгаа живж үхэхээ шахсан.

Цээж хавиар ус дүүрээд ирэв. Тэгээд “Лаки зүтгээрэй” гэтэл урьд нь явдагаасаа илүүгээр мөсөн дээр маажиж, дөрвөн нохойнуудыг манлайлсаар байгаад намайг татаж гаргасан. Осолдсон газраас гэр хүртэлх дөрөв гаруй километр зам эргэлт ихтэй, нэлээд бартаатай байсан шүү дээ. Гэтэл намайг нэг ч удаа унагаахгүй гэрт хүргэж ирсэн. Урьд Лаки нэг нохойтой зодолдоод чих нь өтцөн байхад нь би эмчилж өгсөн юм. Тэрний хариуг барьсан байх гэж бодогддог. Манайд ирсэн хүмүүс Лаки, Болт хоёрыг асуугаад зургаа авахуулдаг. Лаки маань хэдийнээ од болцон шүү дээ.

Гөлөг нь Жэнни гээд өв залгамжлагч толгой нохой бий. Одоохондоо баруун, зүүнээ мэдэхгүй жаахан шинэдээд байгаа. Чарганд хийгээ л бол хаашаа ч хамаагүй харайна. Мал хуй хөөгөөд явчихна. Сибирийн Хаски чононы эрлийз. Хаскиг зодож болохгүй. Нэг удаа Рэкс нэртэй нохойгоо үгэнд орохгүй болохоор нь зодсон юм. Тэгсэн чарганд гарахаа болиод, хоол өгөхөөр буруу хараад, үүрнээсээ гарахгүй гомдсон. Тэгэхээр нь гомдлыг нь тайлах гэж гэрт оруулж, хоёр хонуулаад, идэж байгаа хоолноосоо өгөөд, зайрмагаар панаалдаж байж нэг юм эвлэрсэн.

-Манайхан энэ аяллыг хэр сонирхож байна. Гадаадаас хүмүүс зорьж ирдэг болсон гэсэн?
Хүмүүс нохой чарга аяллыг маш амархан гэж ойлгодог. Гэхдээ найман жил хөдөлмөрлөж байж би өнөөдрийн амжилтад хүрсэн. Зүүн, баруун, яв зогс гээд бүх командыг зааж сургана. Нохойтойгоо байнгын л зууралдаастай. Нэг их олон хүүхэдтэй хүн шиг л байдаг. Ам бүл өдрөөс өдөрт нэмэгдсээр одоо 40 нохойтой болсон. Энэ жил япончууд их ирсэн. Энэ нь Японы NHK телевизээр бидний аяллын тухай нэвтрүүлэг гарсантай холбоотой. Тэд маш экстрим хүмүүс байдаг юм билээ. Солонгосчууд нь орилоод л уначихдаг бол далайн ус, үер болно гээд онцгой байдлын хичээл их заадаг болохоор энэ тал дээр сайн явж байна лээ. Сингапур, Хонгконг, АНУ-аас зөвхөн манай аялалд явахаар зорьж ирдэг. Уулнаас буудаг троссон зам, ус руу гулсаж ордог гулсуур хийх санаа байна.

-Чаргаа өөрөө хийсэн гэсэн. Яаж хийв? -Би сийлбэрийн ангийг төгссөн. Санаандгүй зурагт үзээд сууж байтал “Үүнийг хэрхэн хийх вэ” гээд нэвтрүүлгээр нохой чарганы тухай гарч байв. Тэгээд л шууд утсаа аваад бичлэг хийгээд нэг ахтайгаа нийлээд хийж үзсэн. Тэгээд бичлэгийн дагуу хийгээд материалыг нь цуглуулаад хийж үзсэн. Үйлдвэрийн чарга 800 еврогийн үнэтэй бол миний хийсэн чарга 300 орчим мянган төгрөгөөр бүтсэн.

-Одоогийн залуусыг та юу гэж дүгнэх вэ?
-Одоогийн залуус ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох, зугаа цэнгэл хөөсөн нөхдүүд байна. Уг нь нэг юмыг барьж аваад тууштай явбал аливаа юманд хүрнэ шүү дээ. Нохой тэжээж эхлэхэд манай тэрэлжийнхэн, аав ээж дургүйцээд “Хоолны савнуудаа зайлуул” гээд уурладаг байсан. Аав нохойнуудыг маань үздэггүй байсан бол одоо “Лаки минь, Жэк минь” л гэдэг болсон шүү дээ. Нэг зүйлдээ тууштай, хөдөлмөрч байвал амжилтад хүрнэ гэж бодож байна. Одууд их ирж гулгадаг. Н.Түвшинбаяр аварга, жүжигчин Амараа, Баясаа, Эби гээд тэд нартай хуурай ах дүү болсон.

Нохой чаргыг шинэлэг болохоор нь хүмүүс их сонирхож байна. Саяхан Америкийн нэг баримтат киноны туслах дүрд тоглосон. Мөн америкчууд намайг Аляскт очиж судалгаа хийхийг урьсан. Би монгол моринд байдаг тоноглолын аргыг нохой чарганд ашигласан юм л даа. Чөдрийн тушааг нохой чаргын төмөр карбины оронд хийсэн. Тэрийг хараад зөв хийсэн байна, сэтгэсэн байна гэж тэд хэлсэн. Миний хувьд хийхээр төлөвлөсөн ажил их байна. Нохойныхоо зуслангийн газрыг үзэсгэлэн болгох гээд л. Энэ бүхэнд ихээхэн зардал хэрэгтэй. Би саяхан хүүтэй болсон.

Би гэдэг хүн нэг эхнэртэй, нэг хүүтэй, 40 нохойтой гээд ам бүл 43-уулаа шүү дээ. Ийш тийш явахаар нохойнуудаа санана. Хааяа хот руу ажлаар явсан үед дүү нар аялал хариуцан үлддэг юм. Нохойнууд намайг эзгүй хойгуур дүү нарыг элэг баридаг гэсэн. Таван км-ийн аялалд талд нь хүрээд буцдаг гэж байгаа юм. Намайг байвал тэгэж чадахгүй. Хаски нохой немц овчаркийг бодвол их ухаантай. Овчарк нэг мод шидэхээр зуугаад эзэндээ аваад ирдэг. Тэгвэл хаски хэзээ ч тэгэхгүй. Учир нь, хоёулаа найз байлаа. Гэтэл би самбарын алчуур шидээд чамайг аваад ир гэвэл чамд муухай санагдана байх аа. Хаски яг ийм л мэдрэмжтэй нохой.

-Нохойнуудаа юугаар хооллодог вэ. Зайрмаг өгсөн гэж хэлсэн. Амттанд дуртай байх нь ээ?
-Нэгнийх нь төрсөн өдөр болохоор цэцэрлэгийн хүүхдүүд шиг 40 ширхэг зайрмаг авч өгнө. Зайрмаг, чихрэнд их дуртай. Мөөхий гээд чихэртэй боов өгөхөөр чихрийн долоогоод л байдаг юм. Харин өөхөнд дургүй. Нойтон мах иддэг. Чихэртэй юм иддэг хэдэн нохой бий. Дэргэдүүр нь чихрийн цаас сажигнуулаад өнгөрөх юм бол ухаангүй болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бямбасүрэн


эх сурвалж :http://news.gogo.mn/r/158639

ТОО
0
0
0