ОТГОНТЭНГЭР УУЛЫН БҮСЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮТЭЦ ХӨГЖҮҮЛНЭ

 УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол анхны томилолтоо шинэ оны эхний амралтын өдрүүдийг тааруулан өөрийн төрсөн нутаг, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байгаа Завхан аймгаасаа эхэллээ. Сайдын баг эхлээд Завханчуудын төдийгүй монголчуудын буян заяаг дааж явдаг цаст Очирваань хайрханы өвөрт орших Отгон суманд ажиллаж, өглөө нь  Отгонтэнгэр хайрханд мөргөж, буян заяагаа даатгасан юм. Дэлхийд анх гурван тэрбум жилийн өмнө  галав юүлж,  усан далайгаар бүрхэгдсэн байхуйд  Отгонтэнгэр хайрханы оргил усан доороос цухайн гарч ирснээр  Монголд анх эх газар үүссэн гэсэн түүхтэй.   Монголчууд Отгонтэнгэр уулыг  халх Монголыг даасан  Очирваань бурхны газарт буусан дүр хэмээн сүслэж,  1779 оноос эхлэн тахиж иржээ.   Дараа нь  1911онд Богд хаан жил бүр шашны ёсоор тахиж  байгаад, 1992 оноос  төрийн зарлигаар дөрвөн жилд нэг удаа тахидаг болжээ.

Харин сүүлд гарсан Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг таван жилд нэг удаа хийхээр болсон  ба тахих тайх хугацаа нь  2016 он болж хойшлогджээ. Гэвч сонгуулийн жилд уул овооны тахилга хийх зэргийг хуулиар хориглосон тул энэ жил тахих асуудлаар нутгийн удирдлага Ерөнхийлөгчид хүсэлт тавиад байгаа юм байна.
Отгон сумын иргэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролыг “Цагаан уулын охин” хэмээн ихэд хүндэтгэх аж. Үнэхээр ч тэр ууландаа чин сэтгэлээсээ  мөргөж, залбирч явдаг нэгэн аж.  “Энэ ард түмний итгэлийг гурван удаа хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдоход, улмаар Монгол төрийн сайдаар ажиллах өндөр үүрэг, хариуцлага ногдоход  цагаан уулаа шүтэж, энэ уулаа тойрон амьдарч байгаа ард түмэнтэйгээ амь нэгтэй байсны минь тус шүү дээ” хэмээн Д.Оюунхорол сайд  ярьж явлаа. Сүүлийн үед Отгонтэнгэр хайрханд аялах, жуулчлах гадна дотныхны цуваа улам бүр олширч, улмаар орчны газар нутгийг талхлах маягтай болж. Гэвч нутгийн иргэд уулыг үзэн баясаж байгаа нэг ч хүнээс нэг ч төгрөг авалгүй өдий хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл,тэнд аялал жуулчлалын шинжтэй үйл ажиллагаа огт алга.
Тиймээс Цагаан уулын дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох, байгаль хамгааллыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч, бодит ажил хэрэг болгохоо УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол амласан.
Энэ ажлыг Монголын онгон дагшин байгалийг хамгаалах зорилго чиглэл бүхий гадны төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ. Харин энэ ажилд нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааг идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа

ТОО
0
0
0