ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ КОРПОРАЦИЙГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

 Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс Нисэх буудлуудын удирдах газар, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын чиг үүргийг тусгаарлан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гаргалаа.

Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус ажиллагаанууд удаа дараалан гарч байгаа нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлээс сэргийлэх, таслан зогсооход тохирсон арга хэмжээг авахад онцгой анхаарч ажиллахад хүргэж байна.

Дээрх шалтгаанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудад удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт нийцүүлэн үндэсний хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллахыг гишүүн улс орнууддаа уриалж байна.

Манай улсын “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн  хавсралтад оруулсан нэмэлт стандарт, зөвлөмжийг тусгаагүй аж. Тиймээс шинэ нэр томьёо, нэмэлт шаардлагуудыг нэмж тусгахаар тогтжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй юм.

ТОО
0
0
0