МОНГОЛ, КИРГИЗ, КАЗАХСТАН ЮНЕСКО-Д АЙРГИЙГ БҮРТГҮҮЛЭХЭЭР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

  -ИРЭХ АРВАН НЭГДҮГЭЭР САРД МОНГОЛ АЙРГИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ-

Соёлын өвийн төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр монголчуудын айраг хийх үйл явцыг дүрс бичлэгээр баталгаажуулж, гадаад орчуулга, тайлбартайгаар ЮНЕСКО руу илгээжээ.

Монгол түмний айраг исгэх уламжлалт аргыг харуулсан дүрс бичлэгийн зураг авалтыг Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгуудад хийсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий-Од тэргүүтэй орон нутгийн удирдлага болон иргэд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж, санаачлагатай ажиллажээ.

Н.Дайвий-Од хэлэхдээ “Монголчууд айргaa соёлын өвд бүртгүүлэх боломж байгаа. ЮНЕСКО-ийн Соёлын өвийн төвийн бүртгэл дээр ажилладаг мэргэжилтнүүд нь гадаад хүмүүс тул айраг, түүнийг хийх уламжлалын талаар мэдэхгүй. Бид тэдэнд тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Тус байгууллагын мэргэжилтнүүд удахгүй тодруулга асуултаа илгээнэ” хэмээн мэдээлсэн билээ. Мөн Киргиз, Казахстан улсууд айргийг өөрсдийн өв хэмээн үзэж, бүртгүүлэхээр ЮНЕСКО-д материалаа хүргүүлээд байгаа мэдээлэл бий.

Бид монгол айргаа ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх ажил ямар шатандаа яваа талаар Соёлын өвийн сангийн мэргэжилтэн Ж.Насанжаргалаас тодрууллаа.

-Айргаа ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр материалаа явуулсан гэж дууллаа. Ямар хариу ирэв? Энэ ажил ямар шатандаа явна вэ?  

-Айргийг ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр материалаа хүргүүлсэн байгаа. Ирэх 11 дүгээр сард хэлэлцэх мэдээлэл байна. Засаж янзлах, нэмэх зүйл байгаа эсэхийг шалгаад ирэх жил дараагийн шатанд оруулж, ЮНЕСКО-гийн оролцогч улсуудын саналыг авсны дараа олонхийн саналаар бүртгэдэг учиртай.

-ЮНЕСКО-д бүртгүүлэхэд ямар ямар материал бүрдүүлж илгээсэн бэ?        

-10 минутын баримтат кино хийсэн. Мөн 10 ширхэг зураг, 40-50 хуудас материал бүрдүүлж явуулсан.

-Манай улс хэдийд материалаа явуулсан бэ?

-ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлэхдээ жил бүрийн гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө бүх материалаа бүрдүүлж илгээх журамтай. Энэ дагуу дээрх хугацаанаас өмнө материалаа явуулсан байгаа. 

-Монголоос гадна Киргиз, Казахстан улсууд айргийг үндэсний өв хэмээн бүртгүүлэхээр өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ хэр үнэний ортой вэ?   

-Тийм мэдээлэл бий. Гэхдээ одоогоор Монгол Улсаас өөр улс айрагны зан үйлтэй холбоотой биет бус өв бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн талаар 2016 онд ЮНЕСКО-д бүртгүүлэх өвийн жагсаалтад албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: www.medee.mn

ТОО
0
0
0