ОЛОН УЛСЫН ХУРДНЫ ЗАМ ЗУРГААН АЙМГИЙН 24 СУМААР ДАЙРАН ӨНГӨРНӨ.


Чингис лэнд девелопмент группын ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалан: Алтанбулаг – УБ – Замын үүд чиглэлийн Ази, Европыг холбосон Олон улсын хурдны замын төсөл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замынхаа трассын уртыг тогтоох чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллалаа. Улаанбаатараас урагш Мааньт хүртэл 450 км газарт геотехникийн суурь судалгаагаа хийлгээд хүлээж авсан. Урд талын 550 км хүртэлх газар буюу Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсэгтээ суурь судалгааны ажлын тендерийг зарласан. Бага зардлаар барьж, олон жилийн турш эвдрэлгүй ашиглах технологийг сонгох зорилготойгоор ажиллаж байна. Улс төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчдад хүлээлтийн байдал үүсгээд байсан асуудал шийдэгдэж эхлээд байна. Хурдны зам Хүй долоон худагаар дайраад Биокомбинат, Шувуун фабрик хоёрын дундуур, Туул гол дээгүүр орж ирнэ. Цаашлаад Өлзийт хороолол, Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаар дайруулж, урагш чиглэж Баян сум хүргэнэ. Баян сумаас төмөр замынхаа баруун талыг дагаад Багахангай, Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн маршруттайгаар үргэлжилнэ. Өнгөрсөн 1-р сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг “Хот орчмын томоохон төслүүдийн уялдааг хангах зорилгоор замынхаа трассыг ирээдүйд баригдах Майдар цогцолбор хотыг дайруулах” тухай санал тавьсан. Майдар хотыг Богд хаан уулын урд талд, Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талд, нийслэлээс 70 орчим км-т байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа. Хурдны зам Майдар хот руу хазайхаар шийдэгдвэл бага биш мөнгөний асуудал яригдана. Урьдчилсан байдлаар судлахад трассын нэмэгдэж байгаа урт болон хийх туннельд гэхэд л 240 гаруй сая ам.долларын зардал нэмэгдэхээр байгаа. Алтанбулаг – Улаанбаатар – Замын Үүд чиглэлийн олон улсын хурдны зам зургаан аймгийн 24 сумаар дайран өнгөрнө. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зам дагуу хийгдэх бүтээн байгуулалтад зарцуулна. Хурдны замын стандартын дагуу түр амрах хэсэг болон амралт үйлчилгээний цогцолборуудыг  50-70 км тутамд сумдуудыг түшиглэн байгуулна. Шатахуун түгээх станц, дэлгүүр, зочид буудал, цайны газар цогцоороо баригдана. Мөн энэ зам Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явах барааны урсгалын гол коридор болох юм. Монголд анх удаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын хавьцаа тээврийн гурван том коридорын уулзвар бий болно.  Ачаа тээврийн нисэх онгоцны буудал байгуулагдана. Үүнээс гадна транзит тээврийн төмөр замыг хотоор дайруулахгүйгээр Богд уулын урдуур гаргаж Хөшигтийн хөндийгөөр энэ хурдны замтай зэрэгцүүлж оруулж ирнэ. Тэгэхээр энд төмөр зам, хурдны авто зам, транзит тээвэр гурав нийлнэ. Хурдны зам хоёр урсгал зургаан эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор таван хэсэг газарт туннель хийгдэнэ. 30 метрээс урт том гүүр 12 газарт баригдана. Хамгийн том гүүрийг Туул голын дээгүүр барих ба энэ нь татлагат гүүр байх юм. Монголд анх удаа монголчууд өөрсдөө санаачлаад хийж буй бүтээн байгуулалтын асар том төсөл. Хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1000 км-ын урт хурдны зам дэлхийд тун ховор юм.

ТОО
0
0
0