МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ


Монголын түүхийн эх сурвалжуудыг эмхэтгэсэн зургаан боть ном “Монголын эх түүх” нэртэй цуврал бүтээл болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар уншигчдын хүртээл болжээ. Боть болгон өөр өөрийн зохиогчтой бөгөөд нэгдүгээр дэвтэр нь Монгол Улсын Ерөнхий сайд асан хэл бичгийн томоохон төлөөлөгч Анандын Амарын “Монголын товч түүх” юм. Хоёрдугаар боть нь түүхч, эрдэмтэн Базарын Ишдоржийн “Монгол улсын хураангуй түүх”, гуравдугаар боть нь 1930-аад оны үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан өвөрлөгч эрдэмтэн Б.Буянчуулганы “Манж Монголын холбогдсон түүхт байдал” ном болсон байна. Түүний энэ бүтээл нь тун сонирхолтой, түүхийн гол эх сурвалж гэж эрдэмтэд олзуурхдаг ажээ. “Монголын эх түүх” цувралын дөрөв дэх бүтээл нь Шүүх яамны сайд асан, нэрт түүхч, Магсаржав Хурцын “Монгол улсын шинэ түүх” ном, дараагийн боть бол түүхч Лхамсүрэнгийн Дэндэвийн “Монгол улсын товч түүх” бүтээл болсон бол зургадугаар дэвтэр нь Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Цэгмид нарын 1940-өөд онд бичсэн “Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан түүх”-ийн тухай өгүүлнэ.

“Монголын эх түүх” цувралын нэгдүгээр боть юун тухай гардаг болохыг уншигч танд сонирхуулъя. Ерөнхий сайд асан Анандын Амар 1930-аад оны дунд үед Шинжлэх ухааны хүрээлэнд байхдаа Монголын түүхийн талаарх ховор нандин дурсгалуудыг бичжээ. Энэ номд монголчуудын үүсэл гарлыг Хүннүгээс эхлээд эзэн Чингэс хааны байгуулсан Их Монгол Улс хүртэлх түүхийг нэн дэлгэрэнгүй бичсэн байна. Номыг зохиогч түүхч, хэл бичгийн ухааны эрдэмтэн, улс төрийн том зүтгэлтэн хүн байсан болохоор Монголын эх түүхийг хойч үедээ жинхэнэ үнэн мөнөөр үлдээхийн тулд эртний хэл бичгийн үнэхээр сонгодог найруулгаар дүрслэн бичжээ. Ялангуяа эзэн Чингэс хаан болон түүний хойчийг залгамжлагч үр хүүхдүүдийнх нь түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг онцолсон байдаг. Энд Хубилай хааны тухайн цаг үедээ гүйцэтгэсэн үүргийг үнэхээр тод харуулах бөгөөд түүхэн учир шалтгаан, дэлхийн цаг үеийн байдлыг онцолсон байгаа юм. Их Монгол Улсын дэлхийг  байлдан дагуулалтын улс төр, эдийн засаг, түүх соёл ард түмнийг хооронд нь холбож өгч, дэлхийн хөгжлийг нэгэн хэмд оруулсан гээд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг Хубилай хаанаар жишиж дүрсэлжээ. Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд урд хөршид түүний гавъяат үйлсийг мөнхлөх ажил бужигнаж байна. Энэхүү номыг уншсанаар Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг ойлгож мэдэх болно.

“Монголын эх түүх” цуврал бүтээлийн зохиогч нар түүхэн цаг үеийн үйл явдлуудыг уйгаржин монгол бичгээр, сонгодог хэл найруулгаар бичсэн байсныг эрдэмтэд кирилл бичигт буулгаснаар ийнхүү уншигчдын гарт очиж байгаа аж. Энэ ажлыг байгаа түүхийн ухааны доктор З.Лонжид, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан нар хариуцсан байна. Ингэхдээ тэд тэрхүү сонгодог найруулгыг нь тэр хэвээр хадгалан кирилл бичигт буулгаж чаджээ. “Монголын эх түүх”-ийг уншсан хэн бүхэн эцэг дээдэс, Монгол үндэстэн дэлхийд яаж гайхагдаж, хэрхэн байлдан дагуулж, ямар соёлт ард түмэн байсныг илүү их мэдэрч, бахархах омогшил төрнө хэмээн үзэж байна. Дээрх зургаан ботийг сонсдог ном хэлбэрт оруулж, монголчуудад хүргэх ажил эхэлсэн байна. Төрийн соёрхолт гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Равдан нарын уншсанаар тэрхүү Монголын маань эх түүх бидний сонорыг мялааж, оюуны цар хүрээ, мэдлэгийг тэлэх ажээ.

 

ТОО
0
0
0