XIII ЗУУНЫ МОНГОЛ ШУУДАНГИЙН ТЭМДЭГ

Монголчууд захидал бичих эртний уламжлалтай ард түмэн. Манай эриний өмнөх 192 оны үед Хүннүгийн их хаан Модун Шаньюй Нанхиадын Хан улсын хатан хаан Гао-Хэүд бичсэн захидлын үг хятад орчуулгаар бидний үед хүрэлцэн ирсэн билээ.

1246 онд Монголын Гүег хаанаас Ромын пап ламд явуулсан, 1289 онд Монгол угсааны Аргун хаанаас Францын Гоо Филипп хаанд илгээсэн,1302 онд Монгол угсааны Газан хаанаас Ромын пап лам Бонифаст бичсэн, 1305 онд Өлзийт хаанаас Францын Гоо Филипп хаанд хүргүүлсэн зэрэг Монголын эзэнт гүрний хаадын зарлиг, захидал сэлт Ватикан, Франц, Ромд өнөө болтол нандигнан хадгалагдсаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  хэдэн жилийн өмнө Франц улсад айлчлах үеэр Аргун хаанаас Гоо Филипп ванд илгээсэн захидлын хуулбарыг бэлгэнд авч ирснээ Үндэсний Түүхийн музейд хүлээлгэн өгсөн билээ.

Билгүүн номч Б.Ренчин гуай “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ (1950 он):

“...Иранд сууж байсан Монголын Аргун хаанаас Гронины Гоо Филипп ванд явуулсан нот бичиг дотор нэг сонин юм өгүүлсэн нь хурдан довтолгох захиаг “жигүүрээ агуулган” довтолгоно гэж дурдсан байдаг ба буухиа элч нар, тийн захиаг өдөр шөнөгүй довтолгон хүргэдэг байжээ. Хувьсгалаас өмнөх Монгол Улсын өртөө шуудан дээр эртний үеийн уламжлалаас нэлээд юм байсан учир, Монгол шуудан бичгийн түүх судлахад хэрэг болох сонин зүйл цөөнгүй байжээ. Жишээ нь: Марко Поло өртөөний хооронд төчнөөн миль, цөл газрын өртөө хоорондоо төчнөөн миль байдаг гэдэг нь бараг хэвээрээ байгаа, түүнийг үзвэл өртөөний хооронд тийм хэмжээтэй байвал зохино гэж монголчууд олон зуун жилийн нарийн туршлагаар сүрхий тааруулж, агт унааны хүч чадалд сайхан тэнцүүлсэн ажээ. Өртөөгөөр албаны захиа бичиг явуулахдаа дугтуй дээр тэмдэг дардаг байжээ. Тэр тэмдэг дардаг нь оросоор одоо “марк” гэдэгтэй утга санаа яг нэг бөгөөд орос хэлний “марк” гэсэн үг бол Герман гаралтай. Монголын бол “тэмдэг” гэсэн үг.

Урьд Монгол шууданд яаралтай захианд шувуу зураад “нис, нис” гэж бичдэг байсан нь XIII зууны үеийн “жигүүрээ агуулан” довтолгодогийн дурсгал уламжлал явж байгаа нь тэр. Зарим захианд бас дугтуйн дөрвөн буланд морин туурай зураад “довтол” гэж бичдэг нь бас довтолгон явуулах яаралтай захидал болохыг заадаг байжээ” хэмээн бичсэн байдаг.

Эртний монгол захидлын уламжлалыг хадгалсан дугтуйн нэгэн жишээг энд үзүүлэв. “Дотор нэгэн зүйл. Наймдугаар он Цагаан сарын хорин хоёр. Хорин гурванд Чин толгойн улаач Гомбо авчирсан” хэмээн хаягласан уг дугтуйн дөрвөн өнцөгт “Морин дээгүүр довтолгон явуул” гэж бичсэн нь аль тэртээх XIII зууны үеийн захидал харилцааны ёс журам XIX зуун хүртэл уламжлан ирсний гэрч дурсгал болон үлджээ.

ТОО
0
0
0