НЭРИЙН ХУУДАСНЫ СОЁЛ

Дорно дахины орнууд ялангуяа Энэтхэг, Хятадын худалдаачид нийтийн тооллын 2 онд байнгын харилцаатай байх сонирхолтой хүмүүстээ хаягаа цэвэрхэн цаасан дээр маш гоё бичиж үлдээдэг байсан гэдэг. Энэ нь аажмаар Европ оронд дэлгэрчээ. XYI - XYII зууны үед Италийн худалдаа наймаагаараа дэлхийд алдаршсан Венец, Флоренц хотын иргэд нэрийн хуудас дээрээ овог нэр, албан тушаалаа бичдэг байжээ. 1786 онд Германд хэвлэмэл нэрийн хуудас гарчээ. Чухам энэ үеэс нэрийн хуудас хүний соёлын нэгэн хэрэгсэл, тодорхой дэг журамтай эд болон хувирсан байна. Язгууртнууд нэрийн хуудастай болохдоо Франц, Англи зэрэг орны ихэс дээдсийн ёс горимоос үлгэр авч хийдэг байсан нь аажмаар нэрийн хуудас, тухайн эзнийхээ нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэгч эд болоход нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд нэрийн хуудсыг албаны төдийгүй албан бус харилцаанд өргөн ашиглах болжээ. Нэрийн хуудас нь таны овог нэр, албан тушаал, ажлын чиглэл, албан хаяг зэргийг мэдээлэхээс гадна баяр хүргэх, эмгэнэл илэрхийлэх, хаяг өөрчлөгдөх зэрэг бусад нэмэлт мэдээллийг хүргэх бололцоог олгодог. Ажил хэрэгч хүн албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгүүн хаана ч байсан биедээ байнга нэрийн хуудсыг авч явдаг. Өөрөөр хэлбэл, эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэхийн тулд нэрийн хуудсыг ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хүн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ хүслийн илэрхийлэл болгон өгдөг. Нэрийн хуудасны олон улсын стандарт хэмжээ нь кредит карттай ижил буюу 85.6 х 53.98 мм байдаг.

ТОО
0
0
0