АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТҮҮХ

Аялал жуулчлалын түүхийг дараах байдлаар хуваан тодорхойлсон байдаг. Үүнд:

Аялал жуулчлалын үүслийн үе: Үндсэндээ Грек, Ромын үеэс XIX зуун хүртэлх үеийг хамааруулан авч үздэг бөгөөд энэ үед байгалийн сайхныг бахдан үзэх бус өөр зорилгоор аялдаг байв.

Судлаач Г.Сүхбаатар “аялал” хэмээх үг нь Хүннү, Сяньби, Жужан улсын үед “алхинч” хэмээн хэрэглэгдэж байсан бөгөөд он цагийн уртад “аялагч” болсон хэмээн үздэг. Аялал нь эрт үед аян дайн хийх, жин тээх, худалдаа наймаа хийх, бадарчлан хэсүүчлэх, мөргөл үйлдэхээр алс хол явах зэрэг хэлбэрээр хийгддэг байжээ.  

Хүн төрөлхтөн шинжлэх ухааны нээлтүүдийг хийж эхлэхээс өмнө зөвхөн аялагчдын тэмдэглэл, томоохон аян дайнууд, Зүүн Европ болон Дундад Азийг холбосон худалдааны замын түүх л байсан билээ. 1246 онд Их Монгол Улсад ирсэн Ромын элч Плано Карпини, 1254 онд ирсэн Францын элч Вильгельм Де Рубрук нар нь Европоос Төв Азид ирсэн бараг хамгийн анхны аялагчид бөгөөд тэдний бичсэн аяллын тэмдэглэлүүд тухайн үеийн “Монгол гүрэн”-ийг хожим дэлхийд таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Монголчуудын хуурай замаар хийсэн аян дайнууд нь газарзүйн хувьд шинэ нээлтүүдийг бий болгон дэлхийн улс орнуудыг холбох, тэдгээрийг таньж мэдэхэд нэлээд ач холбогдолтой аяллууд болж байсан хэмээн судлаачид дүгнэжээ. Доктор Ш.Шагдарын тэмдэглэсэн “Монголчуудын аян дайны зорилгоор хүрч байсан газар” өгүүлэлд дэлхий дээр газарзүйн нээлт хийж эхэлсэн далайчдаас 250 жилийн өмнө монголчууд дэлхийн хагасыг мэддэг, тэр газар нутгаар хөндлөн гулд аялдаг байсан тухай өгүүлжээ.

Профессор Г.Батнасан “Аялал жуулчлалын хөгжлийн түүхээс” өгүүлэлдээ Монголоос гадагш гарсан холын 13 замыг онцлон өгүүлж XYI-XYII зуунд монголчууд шашин мөргөл болон жин тээх зорилгоор алс хол газар ердийн хөсгөөр аялж байсан нь аяллын нэг хэлбэр байсан хэмээн тэмдэглэжээ.

Монголчуудын эрин үеийн дараа Португалийн далайчин Магеллан, Васко Да Гама, Италийн далайчин Христофер Колумб нарын далайн аялал шинэ газар, тив нээж Европыг шуугиулж эхэлсэн ба эр зориг шаардсан бахархалт үйл явдал байсан юм. Мянга мянган далайчид аяллын бүрэлдэхүүнд орох гэж өрсөлдөж, хаад ихэс дээдэс нь санхүүжүүлж, хэдэн зуугаараа аялалд гарч яваад, арвуул хориулхнаа буцаж ирдэг. Эсэн мэнд эргэж ирсэн нь алдаршин манддаг эл үйл явдал нь Европод аялал жуулчлалын үндсийг тавих эхлэл болжээ.

Европчуудын газарзүйн их нээлтийн дараа америкчуудын алт ухах аян эхэлсэн юм. Шинэ газарт очиж алтны уурхай нээх, шинэ үйлдвэр байгуулах, шинэ бизнес, технологи нээж хэрэгжүүлэхээр хэрэн тэнэж эхэлсэн нь тэдний хувьд тодорхой зорилго бүхий аялал байсан юм. 

 Аялал жуулчлалын хөгжлийн дунд үе: 1800 он хүртэл аялалд морийг өргөн ашиглаж байсан бол түүний дараа усан тээвэр, төмөр замын эрин үе эхэлсэн юм. Европод галт тэрэг үүсэж бий болсноор аялагчдын тоо өсөн нэмэгдэж 1835-1885 оны хооронд зорчигчдын тоо даруй 10 дахин нэмэгдсэн байна. XIX зууны дунд үе гэхэд Европ болон Америк тивд төмөр замын тээвэр давамгайлж байсан бол тив хооронд далайн усан аяллууд зонхилж байв.

Дэлхийн хоёр том дайны хоорондох үед дайнаас зугтсан, орогнох газар хайсан шилжилт хөдөлгөөнүүд зонхилж, хүмүүсийн сэтгэлзүй түгшүүрийн байдалтай байсан билээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн нь хүн төрөлхтөнд олон хор уршиг, хагацал зовлон авчирсан боловч техник, технологийн асар олон дэвшлүүдийг бий болгож чадсан юм. Дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин, уурын хөдөлгүүрт галт тэрэг, усан онгоц, нисэх онгоц болон мэдээлэл холбооны хэрэгслийг аян дайны зориулалтаар бүтээж тэдгээрийн техник үзүүлэлт, хурд хүч, багтаамж, чадал зэрэгт цоо шинэ дэвшлүүд гарсан нь аялал жуулчлалын хожмын хөгжилд материаллаг талаас нэлээд эерэг үр дагаврыг авчирсан гэж хэлж болно. Мөн эдгээр дайнууд нь газарзүйн шинэ ойлголт, мэдээллийг бий болгосон ажээ.

 Аялал жуулчлалын хөгжилтийн шинэ үе: Дайны дараа хүмүүс сэргээн босголт хийх, өлсгөлөн ядууралтай тэмцсээр ядарч сульдсан, хөл үймээнээс залхсан байдалтай болсон байв. Энэ үед амрах, зугаалах сонирхол давамгайлж эхэлсэн нь аялал жуулчлалын шинэ хөгжилт болсон юм. 1970 онд дэлхийн хэмжээнд 183 сая хүн аялж байсан бол 1990 онд 459 сая хүн, 2007 онд 870 сая хүн аялсан гэх мэдээ бий.  

Олуулаа аялдаг масс хэлбэрийн аяллаас гадна тусгай сонирхлын адал явдалт аяллууд давамгайлан хөгжих хандлагатай болж иржээ. Эл сонирхол, хандлагыг даган уламжлалт зан заншил, соёл, түүх, орчин үеийн хөгжил дэвшил, технологийн гайхамшгийг үзүүлэх соёлын болон бизнес аяллууд бий болсон юм.

Дэлхий дээр хамгийн их аялдаг хүмүүс бол германчууд бөгөөд 70 сая хүн амын 60 сая нь аялдаг бол францын 60 сая хүн амын 45 сая нь аялдаг гэсэн статистик тоо байдаг ажээ. Тэд хөрш зэргэлдээ орнууд руугаа хэд алхаад л ордог байна.

Хамгийн их жуулчин хүлээн авдаг орон БНХАУ бөгөөд жилд 90-100 сая жуулчин тус оронд жуулчилдаг. БНХАУ-ын аялал жуулчлалын гол орлого Макао, Хонконг, Сингапур зэрэг орнуудад төвлөрдөг бол нийт орлогоороо дэлхийд АНУ тэргүүлдэг.

 Эдүгээ аялал жуулчлал нь “утаагүй үйлдвэрлэл”, “үл үзэгдэгч экспорт” гэдэг утгаараа эрчимтэй хөгжиж байгаа салбар бөгөөд сүүлийн 50 жилд эл үзүүлэлт 30 дахин өссөн байна. 2020 он гэхэд 1.5 миллиард хүн аялж, аялал жуулчлалын орлого дэлхийн нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэнэ хэмээн эдийн засагчид үзэж байна.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд XXI зуунд адал явдалт аялал (Adventure tourism), эко аялал жуулчлал (Eco tourism), тусгай сонирхлын аялал жуулчлал (Special interest tourism), тойрон аялал (Round trip), соёл-танин мэдэхүйн аялал (Culture tourism) гэсэн 5 төрөл давамгайлах хөгжих хандлагатай байгаа ажээ. 2020 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ гэж судлаачид үзжээ.

Жуулчилж буй хүмүүсийн хувьд Герман, Япон, АНУ, БНХАУ, Их Британи, ОХУ-ын жуулчид давамгайлах ба 55-59 насныхан ихэнх хувийг эзэлж, 15-25 насны жуулчид нийт аяллын 20 орчим хувийг эзэлнэ гэж таамаглажээ.  

 Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном.

ТОО
0
0
0