АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗМЭР ГЭЖ ЮУ ВЭ.

Аливаа хүн тодорхой нэг газар руу аялал хийхээр зорих учир шалтгаан нь “сэтгэл татах үзмэр” болно хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, аялахаар зорьсон газарт нь тухайн хүнийг татах ямар нэгэн хүчин зүйл байна гэсэн үг юм.

2011 оны дэлхийн аялал жуулчлалын шилдэг үзмэрийн эхний 10 байранд Энэтхэгийн Амарнатх (Amarnath cave in India) агуй, Индонезийн Бали арал дахь эмчилгээ сувилгааны газар (The Treatment place in Bali, Indonesia), Египетийн Синай цөлийн аялал (Sinai desert tour), Их Британий Сассекс дэх эрүүлжүүлэх хөтөлбөр (The Sussex Health Programm in Britain), Испанийн  (Santiago de Compostela) сүм, Ираны Шираз дахь мэргэ төлгийн төв (The Prophecy center in Shiraz, Iran), Их Британий Корнэулийн хүрхрээ (Waterfalls in Cornwall, Great Britain), Японы Койасан буддын сүм (Koyosan temple in Japan), Монголын бөө цаатны өлгий Хөвсгөл нутаг, Энэтхэгийн Кажурао (Ancient temple Khajuraho in India) эртний сүм хийд багтжээ.

Судлаачид аялал жуулчлалын үйлдвэрлэл дэх жуулчны сэтгэл татах үзмэрийг ерөнхий байдлаар нь гурав ангилан авч үзсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хүрээлэн буй орчин буюу байгалийн үзмэр: Байгалийн үзэсгэлэнт байдал, уур амьсгал,  хүний үйл ажиллагаанд өртөгдөөгүй унаган байгаль, байгалийн бүс бүслүүрийн янз бүрийн хэв шинжийг хадгалсан газар нутаг, цэцэг ургамал, ой мод, ан амьтан бүхий амьд байгаль, газарзүйн сонин тогтоц бүхий уул, хад чулуу, гол мөрөн, халуун рашаан зэрэг нь жуулчдын сэтгэлийг татах гол орчин болно. Эдгээрт тулгуурлан ангын аялал, шувуу ажиглах, цэцэг үзэх, агуйгаар аялах, эрвээхэй барих, ургамал судлах, загасчлах зэрэг аяллын төрөл зүйлүүд хөгждөг.

Түүнчлэн байгаль экологийн өвөрмөц нөхцөлд хүний биеийг илааршуулах увидастай рашаан ус, ургамал, агаар, элс чулуу бүхий байгалийн хүчин зүйлд тулгуурласан эрүүл мэндийн аяллын хэлбэр бий болсон бөгөөд сүүлийн үед эл чиглэл эрчимтэй хөгжиж байна.

 Хоёрдугаарт, Хүний гараар бүтээгдсэн соёл, түүх, үйл явдлын үзмэр: Тухайн улсын түүх, соёлын дурсгал, эртний булш бунхан, хөшөө, түүхэн дурсгалт барилга байшин, сүм хийд, гудамж талбай болон аливаа түүхэн дурсгалт газрууд хамаарагдах бөгөөд эдгээрийг үзэж сонирхох аяллын хэлбэрийг “соёлын аялал жуулчлал” хэмээн нэрлэдэг. Дэлхийд алдартай Парисын цамхаг (The Eiffel Tower in Paris), Америкийн Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberity in New York, America), Египетийн пирамид (Egyptian Pyramids), Хятадын Цагаан хэрэм (The Great Wall of China), Энэтхэгийн Таж махал (The Taj Mahal in India), Зүүн Өмнөд Азийн орнуудын буддын сүм хийдүүд (Buddhist Temples in East Asia), Монголын Цонжинболдог толгойн Чингис хааны хөшөө (The Chinggis khan Statue, Tsonjin Boldog, Mongolia) зэрэг аварга том байгууламжууд нь хүний гараар бүтээгдсэн аялал жуулчлалын онцгой үзмэрүүд болно. 

Янз бүрийн чиглэлийн музейнүүд, тухайлбал, байгалийн, түүхийн, археологийн, угсаатны, урлаг соёлын, шинжлэх ухааны, технологийн, үйлдвэрийн, шашны, цэргийн, спортын зэрэг олон төрлийн музей нь хүний гараар бүтээгдсэн үзмэрт хамаарна. Эдүгээ мянга мянган жуулчдын сонирхлыг татаж байдаг Нью-Йоркын Байгалийн түүхийн музей (American Museum of Natural History, New York City), Вашингтоны Смидсониан цогцолбор музей (Smithsonian Museum, Washington DC), Лондоны Британы музей (British Museum in London), Парисын Лувр (Louvre Museum in Paris), Санкт Петербургийн Эрмитаж (Ermitage Museum St Petersburg), Мексикийн Антропологийн музей (The National Antropology Museum in Mexico city) зэргийг дурдаж болно. Харин Монголын хувьд Байгалийн түүхийн музейн “Палеонтологийн танхим” нь жуулчдыг сонирхлыг татах гол үзмэр болдог.

Төрөл бүрийн фестиваль, баяр наадам, соёлын арга хэмжээнүүд нь тухайн аяллын зорилго буюу үзмэр болдог. Дэлхийд алдартай Рио Дэ Жанейрогийн Карнавал (Carnival in Rio de Janero), Германы шар айрагны баяр (German Beer Festival in Munich, Germany), Шинжлэх ухаан технологийн ЕХРО үзэсгэлэн (The Science and Technology EXPO), дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн (World Cup), олимпын наадмууд (Olympic Games), Шинэ Орлеаны Марди Грас (Mardi Gres in New Orleans), Бали, Хавайн арлын фестивалиудыг (The festivals in Hawaii and Bali) энд дурдаж болно. Монгол орны хувьд үндэсний их баяр наадам нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Ямар нэгэн агуулга сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй амралт цэнгээний газрууд ч аяллын бас нэгэн үзмэр ба зорилго болно. Тухайлбал, Америк, Японы диснейланд (Disneyland), Индонезийн Джакартагийн хүрээлэн (The Central Park Jakarta, Indonesia), Бээжингийн усан парк (Chinese Water Park)зэргийг дурьдаж болно.

Улс үндэстнүүдийн өвөрмөц соёл, уламжлалт ёс заншил, амьдралын хэв маяг, хувцас хэрэглэл, шашин шүтлэг, үндэстний язгуур урлаг болон орчин үеийн дуу бүжиг, хөгжим, уран зураг, уран баримал зэрэг нь хүний гараар бүтээгдсэн соёлын бас нэгэн чухал үзмэр болно. Аялж буй тухайн газар нутгийн эдийн засаг, уламжлалт аж ахуйн талаар онцгойлон сонирхох нь байдаг. Монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, таван хошуу мал, түүний ашиг шимийг боловсруулж буй арга технологи, мал аж ахуйд гарч буй өөрчлөлтүүд зэрэг нь бас нэг төрлийн үзмэр болдог ажээ.

Хот, суурин газрын хөгжил, өвөрмөц дүр төрх, хүмүүсийнх нь аж төрөх хэлбэр, барилга байшин, худалдаа наймаа, төр засаг, үйлчилгээний газрууд, үйлчилгээний хэлбэр, дэлгүүр хоршоо, гудамж талбай, шөнийн амьдрал зэрэг нь бүхэлдээ өвөрмөц соёлыг бүрдүүлдэг. Дэлгүүрээр явах, худалдаа наймаа хийх нь жуулчдын хувьд томоохон сонирхол байдаг. Ялангуяа тухайн улс газар орны нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг жуулчид худалдан авах дуртай. Монголын ноолууран бүтээгдэхүүн нь монголыг төлөөлөх гол бараа болдог.

Ард түмнүүдийн элгэмсэг найрсаг байдал, зочломтгой харилцаа нь жуулчдад хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Уулзалт, хурал зөвлөлгөөн явагдах үндсэн нөхцөл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, орчин ахуйг бүрэлдүүлэх нь тухайн газар орны соёлын нэг илэрхийлэл болдог байна.  

 Гуравдугаарт, Жуулчинд зориулсан байгууламж, үйлчилгээний үзмэр: Эл ангилалд зочид буудал, жуулчны бааз, тээврийн үйлчилгээ, үндэсний хоол унд, хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ, аялалд хэрэгтэй бусад хангамж хэрэгсэл хамаарна.

Орчин үеийн зочид буудлын хөгжил, дүр төрх бүрэлдэхэд англи, америкчууд тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Английн зочид буудлууд ихэвчлэн дээдсийн хүрээнд үйлчилж байсан бол Америкт боломжийн үнэтэйгээр нийгмийн бүхий л хүрээнд үйлчилгээ үзүүлж байв. 1750-1825 онд зочид буудлын хөгжилд эрс өөрчлөлт гарч, өрөөний үйлчлэгч, утас залгагч зэрэг үйлчилгээний ажилтнууд бий болж, өрөөг цэвэрлэх, үнэгүй оо, саван тавих, буцалгаж хөргөсөн ус зөөж авчрах болсноор орчин үеийн зочид буудлын үйлчилгээний хэв шинжүүд бүрэлдэж эхэлжээ.

Жуулчдад үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн эртний болон уламжлалт онцлог бүхий зарим тээвэр нь аяллын нэгэн сонирхолтой үзмэр болдог. Тухайлбал, үхэр тэргээр явах, морь ба тэмээ унах, заан унах, сүйх тэрэг ба хүн тэргээр аялах, дарвуулт хөлөг онгоцоор явах зэрэг нь жуулчдыг татах үзмэрүүд болно.

Тухайн орны үндэсний хоол унд жуулчдын сэтгэлийг татдаг бөгөөд улс орон бүр ямар нэгэн үндэсний хоол хүнсээрээ алдартай байдаг. Тухайлбал, германы шар айраг, монголын гүүний айраг, итали францын дарс гэх мэтээр олон жишээ дурдаж болох юм.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном. Зургадугаар бүлэг.

ТОО
0
0
0