МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТҮҮХ

1954-1990 оныг Монголын аялал жуулчлалын суурь хөгжлийн үе гэж тодорхойлдог ба  Монголын хувьд харьцангуй шинэ залуу салбар юм.

1954 онд одоогийн Жуулчин компани нь Гадаад Худалдааны Яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж анчин, жуулчид болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын групп жуулчдад үйлчлэх болсноор Монгол оронд аялал жуулчлал хөгжих эх үүсвэр тавигджээ.

Эл товчоог байгуулж байх үед 60 хүн хүлээн авах хүчин чадалтай “Алтай” зочид буудал болон ресторан, 21 автомашин бүхий бааз бий болж, захиргаа ба үйлчилгээний ажилтнуудыг хамруулан нийт 107 хүний орон тоотой байжээ. 1956 оны 7 дугаар сард ЗХУ-ын 15 жуулчинг 9 хоног аялуулахаар хүлээн авсан нь анхны зохион байгуулалттай аялал байв. Мөн оны 10 дугаар сард Прага хотноо болсон “Социалист орнуудын жуулчдын байгууллагын анхдугаар бага хурал”-д Монголын төлөөлөгчид оролцсон төдийгүй 10 орчим оронтой жуулчин хүлээн авах гэрээг байгуулсан байна.

1962 онд АНУ-ын “Космос трэвэл” компаний ерөнхийлөгч Гаврил Рейнер тэргүүтэй жуулчид Монголд ирснээр гуравдагч оронтой жуулчны асуудлаар харилцах эхлэл тавигджээ.

1962 онд Тэрэлжид, 1964, 1968 онд Өмнөговь аймагт анхны жуулчны баазуудыг байгуулжээ. Тухайн үеийн аяллын чиглэлд Улаанбаатар хот, Ёлын-Ам, Хонгорын элс, Орхоны цутгалан, Хужирт, Хархорин, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр хэмээх газрууд хамаардаг байв.

1975 онд МХЗЭ-ийн дэргэд “Залуу аялагчдын товчоо”, 1976 онд МҮЭ-ийн ТЗ-ийн дэргэд “Аялал жуулчлалын товчоо” тус тус байгуулагджээ. 1976 онд 3681 анчин, жуулчин хүлээн авсан бол 1989 онд 10291 анчин, жуулчин хүлээн авч үйлчилсэн нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

1991 онд Монгол Улс Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн орон болсон байна. 1990 онд “Гадаадын жуулчдыг үйлчлэх газар”-ыг бие даасан “Жуулчин” нэгтгэл болгож, 1991 онд Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр “Жуулчин” хувьцаат компани болгон өөрчилсөн байна. 1995 онд Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 1995-2005 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Худалдаа Үйлдвэрийн Яаманд аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны нэгжийг бий болгожээ.

1998 онд Засгийн газрын тогтоолоор “Аялал жуулчлалын бодлого зохицуулах Үндэсний Зөвлөл”-ийг байгуулж, дүрмийг баталжээ. 1999 онд Засгийн газрын 214 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Аялал жуулчлалын газар”-ыг байгуулж, улмаар 2004 онд татан буулгаж, шинээр байгуулагдсан Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны бүтцэд нэгтгэсэн юм. 2008 оноос Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон өөрчлөгджээ.

1999 онд Монгол Улсад Үндэсний Аялал Жуулчлалыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”,  2000 онд УИХ-аас “Аялал жуулчлалын хууль”-ийг батлан гаргаж эрхзүйн орчинг бүрдүүлж эхэлсэн.

2003 онд “Монголд зочлох жил”, 2004 онд “Монголыг нээх жил”, 2006 онд “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил” болгон тус тус зарлаж, монголыг гадаадад сурталчлах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, Монгол орны түүх дурсгалын зүйлсийг хамгаалах чиглэлээр бодитой ажлууд хийгджээ.

Эдүгээ Монгол улсад ирж буй жуулчдын 92 хувийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ, ХБНГУ, Их Британи, Казахстан, Австрали зэрэг орны жуулчид бүрдүүлдэг.

Монгол бол аялал жуулчлалын хувьд аюулгүй орон: Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас Монгол улсыг аялал жуулчлалын нөөцөөр “үнэ цэнэтэйд орох газар” хэмээн дүгнэж, Монгол орныг жуулчдад аюулгүй, найдвартай орны тоонд оруулан зарлажээ.

Тус байгууллагаас гаргасан судалгааны илтгэлд Монгол улсыг Азид гарч буй элдэв халдварт өвчин, SARS, гахай ба шувууны ханиад, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ зэрэг аюулт өвчний тархалтаар хамгийн бага, өөрийгөө хамгаалах өвөрмөц нөхцөлтэй орон хэмээн дурдсан байна.  

Далай тэнгис, газар хөдлөлт, галт уулсын идэвхтэй бүсээс алслагдсан учраас далайн хар шуурга, цунами, үер усны аюул зэрэг цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг үүсэх тухайд айх аюул багатай, харьцангуй тогтвортой орон боловч дэлхийн дулаарал, элсний нүүдэл, цөлжилт зэрэг нь аажмаар Монголын аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлэх талтай хэмээн дүгнэжээ.

Монгол оронд тохиолддог байгалийн гол гамшиг болсон зуд нь өвлийн аялал жуулчлал дөнгөж хөгжиж буй Монголын хувьд гадаадын жуулчдад тийм ч нөлөө үзүүлэхээр хэмжээнд биш юм.

Нийгмийн байдал тогтвортой учраас хүн барьцаалах, алан хядлага үйлдэх, дайн тулаан гарах зэрэг үндэстэн хоорондын дотоод зөрчлөөс ангид тайван газар юм. Монголд жуулчид хулгай, дээрэм, гадны халдлагад өртсөн тохиолдол байхгүй бөгөөд энэ талаар найдвартай нөхцөл бүрдүүлж чадсан орон хэмээн үзжээ.

 

Жуулчдыг татах Монгол орны давуу тал: Дэлхийд монголчуудыг юугаар нь илүү мэдэх билээ, Монгол орон юугаараа илүү танигдах билээ. Тэдгээр таних болоод мэдэх зүйл нь жуулчдыг татах Монгол орны имиж болно. Жуулчдын сонирхож буй тэдгээр зүйлс нь түүхийн удаан хугацааны туршид бүрэлдэн бий болсон байдаг.

Монгол орон нь хориод жилийн тэртээ дэлхий ертөнцөөс хаагдмал социалист орон байсан боловч энэ хэрээр унаган байгаль, түүх соёлоо тодорхой түвшинд хадгалан үлдэж чадсан гэж үздэг. Нүүдэлч амьдралын хэв маяг нь олон мянган жилийн турш байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх гол үндэс болжээ.

Гадаадын нэгэн сэтгүүлч “Монгол бол олон зуун жилийн тэртээ хүн төрөлхтөн унаган байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч байсныг эргэн дурсуулах газар нутаг юм” хэмээн хэлсэн байдаг.

 

Монголчууд бол зочломтгой ард түмэн. Монголчууд, тэр дундаа хөдөөгийн ард түмэнд зочломтгой, тусархуу зан чанар хадгалагдан үлджээ. Айлчлан ирсэн ямар ч зочинд санаа тавьж, халамж үзүүлдэг учраас жуулчинд таатай сэтгэгдэл төрүүлж, аюулгүй орчинг бий болгодог байна.   

Монгол бол агуу түүхийн орон. Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрний түүх бол хүн төрөлхтний түүхийн нэгэн чухал хэсэг юм. Эл гүрэн Ази, Европын улс орнуудын голлох соёл иргэншлүүдийг холбосон хүчирхэг гүүр байсан төдийгүй хүн төрөлхтний хувьд олон шинэ хөгжил дэвшлийг бий болгож чаджээ. Тийм учраас Монгол угсаатан нь дэлхийн түүхэнд хэзээ арилшгүй ул мөрийг үлдээсэн юм.

Монгол бол унаган байгалийн орон. Монголчуудын байгалиа шүтдэг уламжлал, байгальд харьцангуй бага сөрөг нөлөөлөлтэй нүүдэлч амьдралын хэв маяг эдүгээ ч хэвээр хадгалагдан үлджээ. Байгалийн бүс бүслүүрийн олон хэв шинжийг агуулсан өргөн их талууд, өндөр сүрлэг уулс, уудам говь цөл, их тайга бүхий ой хөвч, том гол мөрнүүд, үзэсгэлэнт сайхан нууруудтай. Дэлхийд ховордсон ан амьтад, жигүүртэн шувууд, өвс ургамалтай. Эдүгээ Монгол орны нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд багтаан хамгаалалтанд аваад байна.

Монгол бол эсгий туургатан нүүдэлчдийн орон. Дэлхий дээр олон нүүдэлч угсаатан байсан боловч оршин тогтнох чадвараараа анхаарал татсан үндэстэн бол монголчууд юм. “Монголчууд бол эртний зан заншил, ахуйн соёл, амьдралын гүн ухаанаа өнөөг хүртэл хадгалж ирснээрээ дэлхий дээрх эсгий туургатан нүүдэлчдээс шалгаран үлдсэн цорын ганц угсаатан юм” хэмээн гадаадын судлаачид дүгнэдэг ажээ.

Монгол бол буддист соёлын гүнзгий уламжлалтай орон. Монгол дахь буддын шашин 1000 орчим жилийн түүхтэй. Цэрэг дайны байлдах ур чадвараар гайхагдаж байсан монголчууд буддын шашны монархи системтэй орон болж өвөрмөцөөр өөрчлөгдсөн юм. Буддын гүн ухаан болон буддын шашны соёл боловсролд монголчууд тодорхой байр суурь эзэлж чадсан билээ.

XIX зуунд “Номт гурван улс” хэмээн алдаршсан орнуудын нэг нь Монгол байсан бөгөөд Далай лам, Богд гэгээн, Банчин-Эрдэнэ хэмээх гурван хутагтыг буддын шашны гурван оргил хэмээн дээдэлсээр иржээ. Далай лам Төвдөөс, Богд гэгээн Ар Монголоос, Банчин-Эрдэнэ нь Энэтхэгээс тодордог уламжлалтай билээ. Монгол бол шарын урсгалыг дагалдагч орон бус дэлхий дээр эл шашныг хөгжүүлсэн тэргүүлэгч улс орнуудын нэг юм. 

Монгол бол коммунист дурсгалын орон. Монгол оронд 70 жилийн түүхт социализм, коммунизмын дурсгалууд нэлээд бий. Үзэл суртлын түүхэн гэрчүүд болох тухайн үеийн удирдагчдын хөшөө дурсгалууд, зөвлөлт маягийн нэг ижил загварын байшин барилгууд, хуучны социалист нөхөрлөлийн орнуудын дэмжлэг туслалцаатайгаар байгуулагдсан үзвэр үйлчилгээ, соёлын байгууллагуудын барилга эдүгээ түүх өгүүлэн оршиж, жуулчдын сонирхлыг ихээр татдаг үнэт үзмэрүүд болон хувирчээ.  

 

Аялал жуулчлалын талаарх дүгнэлт: Дэлхийн Эдийн Засгийн Форумаас “Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар”-ын судалгааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд “Аялал жуулчлалын зохицуулалт ба эрх зүй”, “Аялал жуулчлалын бизнесийн орчин ба дэд бүтэц”, “Хүн, байгаль ба соёлын нөөц” гэсэн бүлгүүдэд хуваагдах 14 чиглэлийн нийт 71 үзүүлэлт дээр тулгуурлан дэлхийн улс орнуудыг эрэмбэлэн жагсаадаг. Тухайлбал, салбарын бодлого чиглэл, журмын хэрэгжилт, байгаль орчны тогтвортой байдал, баталгаат ба аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй орчин, ажиллагсдын эрүүл мэндийн байдал, аялал жуулчлалын салбарт оруулах хувь нэмэр, тээвэр ба дэд бүтэц, чадамж, мэдээлэл технологийн чадамж, хэрэглээ, хүний нөөцийн чадамж, туршлагажилт, ажлын баталгаат байр, салбарыг дэмжигч бусад салбарын нөлөөлөл, байгалийн нөөц, үнэ цэнэ, нөлөөлөл, соёлын нөөц гэх мэт үзүүлэлтүүд ордог.

Дээрхи үзүүлэлтээс Монгол улс “аялал жуулчлалын зохицуулалт ба эрх зүй” гэсэн үзүүлэлтээр 2011 оны байдлаар 139 орноос 131 дүгээр байранд, Ази, Номхон далайн орнуудаас 19 дүгээр байранд багтсан байна. Харин аялал жуулчлалын хүний нөөцийн хангамжаар 109 дүгээр байранд, хүрэлцээ гэсэн үзүүлэлтээр 77 дугаар байранд, аялал жуулчлалын салбараас олох орлогын үзүүлэлтээр 135 орноос 98 дугаар байранд тус тус орсон нь хангалтгүй үзүүлэлт ажээ.

Одоогийн байдлаар Монголын аялал жуулчлалын салбарт 12000 хүн ажилладаг гэсэн ерөнхий мэдээлэл бий. 2010 онд Голландын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлсэн “Аялал жуулчлалын экспортыг дэмжих” төслийн хүрээнд нийт 50 томоохон тур оператор компаний дунд явуулсан судалгаагаар Монголын аялал жуулчлалын компаниудын захирал менежерүүдийн нийт 30 хувь нь эрэгтэй, 70 хувь нь эмэгтэй гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Эл салбарт ажиллагчдын 60 хувь нь 40 хүртэлх насны залуучууд эзэлж, тур оператор компаний 80 хувь нь 11-50 хүртэл ажилтантай гэсэн тоон мэдээ гарчээ.

Монголд аялал жуулчлалын салбараас олох орлогын ихэнхийг Европ, Австрали, Америкийн жуулчид эзэлдэг. Улсын бүртгэлийн газарт 400 гаруй тур оператор компани бүртгэгдсэн байдаг боловч аялал жуулчлалын салбарын судалгаанаас үзэхэд 1000-2000 орчим жуулчин авдаг компани 10 орчим, 500-1000 жуулчин авдаг компани 30 орчим байдаг байна. Тэдгээр компаниуд жилдээ 60 мянга орчим жуулчин авдаг ба үүргэвчтэй аялагч нарыг нэмбэл Монгол орны хэмжээнд жилд 100 мянга орчим жуулчин ирдэг гэсэн таамаглал бий.  

Дэлхийн Аялал Жуулчлалын Удирдагчдын Консулын тайлан мэдээнд дурдсанаар: Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь Ази, Номхон далайн орнуудын аялал жуулчлалтай харьцуулбал, эдийн засгийн хувьд “үнэтэй аялал”-д тооцогдож байгаа юм. Аялал жуулчлал гэдэг бол цогцоороо технологи бөгөөд Монголд ирсэн олон аялагчдын дүгнэлтээс үзэхэд Монголд ирж аялахаас илүү Хавайд очиж амрах нь маш хямд өртөг зардалтай ажээ.

Монголд аялал жуулчлалын салбарын үзүүлэлт хангалтгүй байгаа хамгийн гол шалтгаан нь дэд бүтэц муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, төрийн нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Агаарын, төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүйгээс Европоос авах жуулчдынхаа бараг тал хувийг алддаг, тээвэрлэлтийн цагийн хуваарийг эрт зарладаггүйгээс гэрээ байгуулахад хугацаа алддаг хэмээн аялал жуулчлалын ихэнх компаниуд үүнд шүүмжлэлтэй ханддаг.  

Мэргэжилтэй боловсон хүчин хомс, бакалавр ба магистрын шатны сургалтын чанар муу, дотоодын жуулчдын байгаль экологи, аялал жуулчлалын боловсрол хангалтгүй, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй, бүс нутгийн аялал жуулчлалын үйлчилгээ ба бүтээгдэхүүн нь өөр хоорондоо ялгарах онцлоггүй, ихэвчлэн ижил төстэй, аялал жуулчлалын бүртгэл судалгааны тогтолцоо төлөвшөөгүй, нэгдсэн аргачлал хэрэглэдэггүй, аялал жуулчлалаас эдийн засагт оруулж буй хувь нэмэр бодитой бус, орон нутагт сургалт сурталчилгаа, мэргэжилтэй боловсон хүчний хангамж хүрэлцээ дутмаг гэх мэт олон дутагдалтай талууд Монголын аялал жуулчлалын салбарт оршсон хэвээр байна.  

 

Аялал жуулчлал хөгжүүлэх бусад боломж: Монгол угсаатан нь өөрийн өвөрмөц онцлогоороо Зүүн Азийн бусад үндэстнүүдээс ялгарч, эртнээс нааш тутаргын талбайд бус өргөн уудам хээр талд мал аж ахуй эрхлэн нүүдэллэж ирсэн билээ. Соёлын эл онцлог байдал нь Монгол орныг хөрш зэргэлдээ орших бусад орноос эрс ялгаруулдаг төдийгүй аялал жуулчлал амжилттай хөгжих өвөрмөц хөрс нь болж байдаг.

Монгол орны хангайн бүсийн малчдад тулгуурлан мал аж ахуй, ноос ноолуур дээр тулгуурласан аялал жуулчлал, ашигт малтмал, эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлал, уламжлалт зан заншилд тулгуурласан олон угсаатны бүлэгтэй танилцах аялал жуулчлал, сум ба багийг хөгжүүлэх аялал жуулчлал гэх мэт олон төрлөөр үйлдвэрлэл явуулах боломжтой юм. Жуулчдад зориулсан барилга байшин бүхий үйлчилгээний цэгүүдийг хөдөө орон нутагт тухайлбал, сумын төв, багийн нутагт дэвсгэрт байгуулбал жуулчид хажуугаар нь гарч явах бус дайрч явах боломж бүрдэх юм.  

Улаанбаатар хотод жуулчдыг саатан тухалдаг болгохын тулд хотын соёлыг нэвтрүүлэх нь чухал бөгөөд аялал жуулчлал өөрөө Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдэх гарц нь байх боломжтой. Ямар ч тохиолдолд жуулчдын 88-92 хувь нь Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг. Монголчууд дэлхийн чиг хандлагыг дагаж “суурьших” гэж оролдон энэхүү Улаанбаатар хотыг байгуулсан. Дэлхий дээрх “жинхэнэ хот” гэдэг ухагдахуунаас тэс өөрөөр хөгжиж байгаа хот билээ. Тухайлбал, хотын замын хөдөлгөөнд оролцож буй машин нь хээр хөдөө давхиж яваа морьтон шиг байдаг бол хогоо гудамжинд шууд хаядаг нь санамсаргүй зүйл биш ажээ.

Гэр хороололд гар урлалын зах байгуулж, зарим гудамжинд морин тэргээр аялдаг болгож, Сэлбийн голын сайрыг ашиглаж скит, дугуйны зам байгуулах гэх мэт олон арга замаар аялал жуулчлал болон хотын хөгжилд аль алинд нь ашигтай байдлаар хөгжүүлэх боломжтой юм. Монгол гар урлалд заавал монгол дүр төрх байх албагүй бөгөөд эсгийн дээр Таж Махал, Виктория бурханы зураг, Парисын цамхаг, Эрх чөлөөний хөшөөний зураг байсан ч жуулчдын сонирхлыг татах болно.

 Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном. Зургадугаар бүлгээс. 

ТОО
0
0
0