ЦӨЛД ХАЯГДСАН МОНГОЛЧУУДЫН ХОТ

Оросын эрдэмтэн судлаачид, аялагчид өмнөд говь цөлд хаягдаж мөхсөн хот байдаг талаар эртнээс мэддэг байжээ. 1907 онд эрдэмтэн Прежевальский болон нэрт судлаач П.К.Козлов нар Монголд экспедици зохион байгуулав. Козлов Монголд ирээд хэдэн 7 хоногийн турш хөтөч хайгаад бүтэлгүйтжээ. Ингээд эцэст нь энэ нутагт аж төрдөг торгууд угсааны бэйлийн вантай тохиролцож, түүний дэмжлэгтэйгээр хөтөч олоод 1907 оны 3 дугаар сарын 19-нд мөхсөн хот оршдог Энцин голын тохойд иржээ.




Бат нэртэй хөтөч Хар хоттой холбоотой вангийнхаа хориг зааврыг судлаачдад үзүүлэв. Үүнд харийнхан хотын дэргэд түүдэг асаах, хоол идэх, ачааны малаа оруулах зэргийг хориглосон аж. Мөн энэ хотод эмэгтэй хүн ирэхийг зөвшөөрдөггүй. Домог ёсоор бол дээрх хоригийг зөрчвөл Хар хотыг байгуулагчдын сүнс хилэгнэдэг гэнэ. Үүнийгээ батлахын тулд Бат аялагчдад нэгэн түүх ярьж өгсөн юм.100 жилийн өмнө нутгийн нэгэн эмэгтэй адуугаа хайж яваад энд санамсаргүй иржээ. Тэрбээр эвдэрхий балгас дотроос хэд хэдэн хэлхээ сувд олсон байна. Ингээд бүсгүй хотоос гарч явтал аймшигт  угалз түүнийг ороон авч одов. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа хотын хажуугаар жин тээж явсан хүмүүс тал бие нь элсэнд дарагдсан бүсгүйн цогцсыг олсон аж. Бүсгүйн гарт эртний хотоос олсон хэлхээ сувд атгаастай байсан гэнэ. Түүнчлэн торгууд бэйлийн ван экспедицийнхнээс Хар-зянь-зяний эрдэнэсийг олбол өөрт нь өгөөрэй гэж захижээ.


Гайхамшигт олдвор: Оросын аялагчид элсэнд бүрэн дарагдсан, өндөр, халдашгүй цайз олж харжээ. Цайзын баруун ханын дэргэд хоёр мавзолей буюу суварга сүндэрлэнэ. Үүний нэг нь хуучин янзаараа хадгалагдан ирсэн бол нөгөөг нь бүрэн сүйтгэжээ.Цайзаас гараад бас нэг мавзолей хэвээр үлджээ. Эндээс эрдэмтэд түүхийн үнэт бүтээл болох олон тооны гайхалтай олдвор олжээ. Тухайлбал торгон дээр өнгийн будгаар зурсан Будда бурхны ховор хөрөг, түүнчлэн модон болон металл баримлууд мавзолейд байв.Гэхдээ эдгээрээс хамгийн их үнэ цэнэтэй зүйл бол маш сайн хадгалагдсан 2000 гаруй гар бичмэл, ном, хуйлаастай бичиг. Суваргын төвд дээшээ металл баганатай чулуун довжообайжээ.


Довжоон дээр хүний хэмжээтэй 20 шавар дүрс тавьсан бөгөөд хажууд нь гар бичмэл бүхий хуудсуудыг хэдэн зуугаар нь давхарлан өрсөн байжээ. Харин мавзолейн хамгийн цаад булангаас сууж буй хүний араг яс олсон байна. Эрдэмтэд үүнийг гэгээнтний цогцос гэжтаамаглаад энэ суваргыг түүнд зориулан босгосон байх хэмээн дүгнэжээ. Экспедицийнхэн энд сонирхол татамолон нээлт хийсэн. Хар  хотын төвийн элсэн дундаас судлаачид 2.5м өндөр, дугуй хэлбэртэй чулуун байгууламж олжээ.


Байгууламжийн дээд талд буй үл мэдэгдэх бичиг нь гар бичмэлүүд дээрх ханзнаас огт өөр. Тэгэхээр илүү эртнийх байх магадлалтай юм.Энэхүү байгууламжийг дугуй дүрс, шулуун шугам бүхий аалзны тор шиг эргүүлгээр чимжээ. Зураг, бичгийг чулууны хатуу гадаргуун дээр сийлсэн байна. Энэ дугуй байгууламж Хар хотын эртний оршин суугчдын ариун шүтээний газар бөгөөд тайлгач бөөнар энд бурханд өргөл өргөдөг байх гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ.


Оросын аялагчид хагас сүйдэлсэн байгууламжаас өөр сонирхолтой нээлт хийв. Барилгын элсийг сайтар цэвэрлэтэл ханын зургийн үлдэгдэл олджээ. Сайтар хадгалагдсан энэ зурган дээр гэгээнтний дүрээс гадна хүн толгойтой загас, хоёр толгойт шувуу, аюулт луу зэрэг өвөрмөц амьтдыг дүрсэлжээ. Домгийн амьтадын дэргэд хүний жижигхэн дүрс ч байв.


Эртний хот нууцаа дэлгэв. Козлов 1907 оны зун Монголын засаг захиргаанаас малтлагаа зогсоож, тус улсаас нэн даруй гарах зарлиг хүлээн авсан байна. Үүний шалтгаан нь нутгийн иргэдийн гомдол байв. Харийнхан хориотой хотыг хөндөж, сүнснүүдийг хилэгнүүлж байна гэж тэд үзжээ. Тухайн үед Монголд их ган гачиг болж, төвийн бүс хүчтэй газар хөдлөлтөд өртсөн нь үнэхээр тохиолдол уу, эсвэл давхцал уу. Өвгөд хөгшчүүд байгалийн гамшигт үзэгдлийг «Харийнхан манай газар нутагт хөл тавихад өвөг дээдсийн сүнс хилэгнэсэн» хэмээн тайлбарлаж байв.


Ингээд Козлов Монголын засаг захиргаа хориглосоор байтал олж илрүүлсэн өчнөөн олдвор, гар бичмэлийг Санкт-Петербургийн Газарзүйн нийгэмлэгт аваачсан аж. Эртний хотын номын сангаас “си-ся” буюу тангуд хэлний толь бичиг олдсон нь ихэнх гар бичмэлийг тайлж уншихад дөхөм болжээ. Зарим хуйлмал бичигт хүн, гэрийн тэжээвэр амьтдыг анагаах эмийн жор байсан бол нэлээд хэдэн номонд XIII зууны 26-27 онд Чингис хаан Тангудыг эзэлж, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оруулсан тухай өгүүлсэн байв. Гэсэн хэдий ч эдгээр хуйлмал бичгийн зарим хэсгийг одоо хүртэл тайлж, уншиж чадаагүй аж. Тэдгээрийг эрдэмтдийн мэдэхгүй хэлээр бичжээ. Зарим нэг таамаглалаар бол энэ бичгийг эртний тайлгачид нууцаа дэлгэхгүйн тулд үйлдсэн байх магадлалтай гэнэ.


Эрдэмтэд “Энэхүү бичиг бол Хар хотыг барьсан оньсого мэт соёл иргэншлийн материаллаг нотолгоо байж болох юм” гэсэн бас нэг хувилбар дэвшүүлсэн.


Оросын нэрт гүн ухаантан, Азийн ард түмнийг судлагч Н.К.Рерих мөхсөн хотоос авч ирсэн археологийн баримтыг судалж үзээд, эмэгтэй хүний толгойг гайхалтайгаар дүрсэлсэн нь маш их сэтгэгдэл төрүүлсэн тухай өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ. Эрдэмтэн “Хэзээ нэгэн цагт цөлийн хотод ийм хүмүүс амьдарч байсан учраас энэ газрыг зэрлэг гэж нэрлэж болохгүй” гэсэн байна.Мэдээж тус хотыг тухайн үеэсээ илүү өндөр хөгжсөн соёл иргэншил бүтээжээ хэмээн нэрт эрдэмтэн хэлсэн нь үнэний ортой. Харин тийм соёл иргэншил байсан гэдгийг өдгөө олон сайхан домог бүхий элсэнд дарагдсан эвдэрхий балгас л сануулах мэт.


Эдүгээ Хар хот Монголын хилийн цаана 100 км-т Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймаг, Эзний голын эрэг орчимд элсэн цөлд үлдсэн ба  500 гаруй жил булаатай байжээ. Хар хотыг цэргийн хүрээ бэхлэлт байдлаар 1032 онд Баруун Сяо буюу Тангудууд барьсан гэж үзэх бөгөөд 1032-1227 он хүртэл Тангудын мэдэлд байж байгаад 1227 онд Чингис хаан цэргийн хүрээгээ байгуулан байрлууснаас хойш 150 орчим жил монголчуудын мэдэлд хот болон цэцэглэжээ.  Хар хот нь элсэн цөлийн дунд ногоон арал мэт үржил шимт хөрс бүхий хот байсан ба Юань гүрний үед Хархорум, Хами, Шанду хотуудыг холбосон дамжлага чухал газар байжээ.


1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс дүрвэн Монголдоо ирж, Мин улсын эсрэг байлдахаар бэлтгэж цэргийн ихээхэн хүчийг Хар хотод төвлөрүүлж байжээ. Мингийн цэрэг Хар хотод ирэхэд хотын хана хэрмийг нэвтлэх аргагүй байснаас гадна монгол цэргийн хүч батлан хамгаалж байжээ. Удаан хугацаанд эзэлж чадахгүй байсаар эцэст нь хотын ундны усны эх үүсвэрийг таслахаар шийдэж, хотын дундуур урсах Эзний голын усыг өөр тийш урсгахаар суваг шуудуу ухаж урсгалыг өөрчилснөөр хот усгүй болж эзлэгджээ. Хар хотыг хамгаалж байсан Цэргийн жанжин Хар баатар гүн худаг ухаж эхнэр хүүхдийнхээ амийг хороон хийгээд  дээрээс нь алт эрдэнэсээр дарж нуужээ. Хар хотыг хамгаалж байсан цэргүүд Мингийн цэргийг орж ирэхэд бүгд амиа егүүтгэн энд тэндгүй хэвтэж байсан гэдэг.  Хотод орж ирсэн Мингийн цэргүүд Хар хотын алт эрдэнэсийг цөхрөлтгүй хайсан боловч хайж олсонгүй бөгөөд харин Хар баатар жанжны сүнс тэдэн рүү улаан, ногоон могойнуудыг илгээж үлдэн хөөж байсан гэнэ.  Хар хотыг ийнхүү түйвээснээс хойш худалдаачид ч ирэхээ байж, хүн амьтан ч суурьшихаа байж, аажимдаа орхигдон мартагджээ. Хар хот элсэнд дарагдаж хаана байдаг нь ч мартагдаж, гагцхүү Хар баатарын нуусан эрдэнэс л домог мэт яригдсаар иржээ. 



Эмхэтгэсэн Ч.Буянбадрах

ТОО
0
0
0