МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.

Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна.



Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэстний их түүхийн нэг хэлтэрхий, салаа салбар нь юм. Үүнийг дэлхийн монгол судлаач эрдэмтэд төдийгүй энэтхэгийн түүхч мэргэд хүртэл ном бүтээлдээ зүйл бүрээр бичиж тайлбарласаар иржээ.



Египет, Ойрхи дорнод дахь Ил хаант улс, Дундад Ази дахь Цагаадайн улс, Орос ба Дорнод европ дахь Алтан ордны улс, Хятад болон Зүүн өмнөд Ази дахь Юань улсын түүхийг Монголчууд бүтээсэн.


Энэтхэг дэх Их Могол хэмээн түүхэнд үлдсэн байдаг. “Монгол” хэмээх үг перс, хинди хэлэнд “могол” болон хувирсан байна.



Энэтхэгийн Таж махал бунханыг байгуулсан Бабур хааныг Дундад Азиас ирсэн түрэг эсвэл Узбекээс гаралтай гэсэн ойлголт түгээмэл байдаг. Түүхчид Бабур хааныг XIV-XVI зуунд Дундад Азид оршиж байсан Моголстан хэмээх Цагаадайн улс болон Төмөр хааны үр хойчоос гарвалтай хэмээн үздэг.




 


Дели их сургуулийн дэд ерөнхийлөгч Сатиш Чандра нь Энэтхэгийн дундад зууны түүх, тэр дундаа Их Монголчуудын түүхийг нарийвчлан судалсан хүмүүсийн нэгэнд тооцогддог. Тэрбээр “Дундад зууны Энэтхэг: Султанаас Моголчууд хүртэл. Моголын эзэнт гүрэн” (Medieval India: From Sultanat to the Mughals. MUGHAL EMPIRE (1526-1748)) номондоо Энэтхэг дэх Их монголчуудын угсаа гарвалыг Барлас овгийн Төмөр болоод Чингис хааны хүү Цагаадайн угсааныхан болох Монгол хан, Казан ханаас гаралтай болохыг онцолсон байна.



Жавахарлал Неру “1526 онд Дели дэх дорой буурай, өөдгүй афганы султаныг Бабур ялснаар Энэтхэгт шинэ эрин үе, Монголчуудын шинэ эзэнт улсын үе эхэлжээ” хэмээн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номынхоо хоёрдугаар ботийн 88 дугаар бүлэгт бичжээ. Тэрбээр “Моголуудын” гэхгүйгээр “Монголчуудын шинэ эзэнт улсын үе” хэмээн зориуд цохон бичсэн байдаг.



Энэтхэгт сайн танил болсон Алекс Рутерфордын “Моголын эзэнт гүрэн: Умардын түрэмгийчүүд” (Empire of the Moghul: Raiders from the North) романд Бабур хаан нь өөрийн өвөг дээдэс болох монголчууд хийгээд Чингис хааны түүхийг сайтар мэддэг, түүнээс олонтаа үлгэр авдаг, бахархдаг байсан тухай хэд хэдэн газарт дурдсан байна. Энэ ном түүхэн роман учраас эх үндэс дээр суурилсан нь тодорхой.



Мөн германы нэртэй дорно дахины судлаач Аннемари Шиммэлийн “Их Моголын эзэнт гүрэн: Түүх, урлаг, соёл” (The Empire of the Great Mughals: History, Art and Culture) номд ч Могол хийгээд Монголын хоорондох холбоог тодорхой дурдсан байдаг.



Дели хотын Educational Trust хэвлэлийн газрын эзэн Сри Самаж “Монголчуудаас Чингис, Хубилай, Хүлэг, Бабур, Акбар гээд олон их хаад төрсөн” хэмээж байсан.



Бабур хаан нь эцгийн талаасаа Төмөр хааны, эхийн талаасаа Чингис хааны шууд угсаатай хүн юм. Бабур өөрөө бичсэн намтар болох “Бабаарнама” номонд үүнийг маш тодорхой бичиж үлдээжээ. Түүний эцэг Ферганы захирагч Омар шейх Мирза нь Доголон Төмөр хааны дөрөвдэх үе, харин ээж Хөтлөг хатан нь Цагаадайн улсын үлдэгдэл болох Моголстаны хаан Үнүсийн охин байжээ.  


Бабур нь түрэг биш монгол гаралтай ажээ. Түрэгүүд Төмөрийг монголжсон түрэг хүн гэж зүтгэсэн байдаг ч зарим түүхийн эх сурвалжид “харийн түрэмгийлэгч” гэж бичсэн нь байдаг. Тухайлбал, өнөөгийн Болгар, Босни-Серби, Унгарыг ниргэж Европыг чичрүүлж явсан Түрэгийн Их султан сохор I Биязидийг 1402 онд доголон Төмөр хаан эх нутаг дээр нь хиар цохиж, өөрийг нь олзлоод шувуу мэт алтан торонд хийж, зугаа цэнгэл хийн дэргэдээ авч явдаг байсан гэдэг. Үүнийг түрэгүүд “харийн түрэмгийлэгч манай хааныг гутаан доромжилж байна” хэмээн тэмдэглэж байжээ. Үүнээс үзвэл, Бабур хаан нь түрэг гаралтай бус монгол гаралтай ажээ.



Өнөөгийн Узбекстан улсын үндэслэгч нь Төмөр хаан болон түүний эцэг бөгөөд узбекчүүдийн бахархал юм. Төмөр нь язгуурын монгол байсныг түүх судар илхэнээ гэрчилдэг. Язгуурын монгол аймаг болох Барласын их ноёны хүү бөгөөд эхийн талаас бол Зүчи ханы угсаатай. Барлас нь 1206 онд Их Монгол улс байгуулагдахад бүрэлдэхүүнд нь багтаж байсан 26 овог аймгийн нэг. Барласын Хубилай жанжин нь Чингис хааны шадар өрлөг, дөрвөн хошуучийн нэг юм. Төмөр хаан Цагаадайн угсааны хааны гүнжтэй гэрлэж байсан.



100 гаруй жилийн дараа ч Бабур хаан мөн монгол угсааны Мэнлиг (Manglig) гэдэг овгийн тэргүүний охин Аюушийг их хатнаа болгож байсан гэдэг. Тэгэхээр 1500 оны үед Дундад Азид Мэнлиг (Mаnglig) нэртэй монгол овог аймаг оршиж байжээ. Энэ нь Тэв тэнгэрийн эцэг, Хонхотны Мэнлиг эцгийн 13 хүүхдийн үр хойч гурван зууны дараа овог аймаг болтлоо өсөж өндийжээ.



Чингис хаан бүх монголын аймаг, овгуудыг үр хүүхдүүддээ хувааж өгсөн уламжлал дундад зуунд нэгэнт бий болоод байв. Нэн ялангуяа дундад азид сохор, доголон, тэнэг мунхаг ч хамаагүй алтан ургийн шууд удмын хүн л хаан, жолоодогч суух зөрчиж болдоггүй зарчимтай байжээ. Сатиш Чандра “Монголын эзэнт гүрэн нуран унасны дараа ч Төв Азид Чингис хааны үр удам биднийг хууль ёсоор захирах учиртай гэсэн ойлголт удаан хугацаанд оршиж байсан” хэмээн Гави Хамблийн “Central Asia” (London 1969) номоос иш татан тэмдэглэжээ. Тийм учраас Төмөр өөрийгөө их хаан гэж нэрлэж зүрхлээгүй бөгөөд эмир гэдэг удаах зэргийн цол хэргэм хэрэглэж байсан төдийгүй алтан ургийн Хусейн гэгчийг хаан ширээнд бэлгэдэл төдий залж, өөрөө өмнөөс нь бүхнийг шийдэж байсан билээ. Төмөрийн эцэг Барлас овгийн ноён Тарагай нь хэдий алтан ургийн гарвалтай ч шууд хаан ширээ залгамжлах эрхгүй холдож хөндийрсөн, хаан угсааныхны дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсантай холбоотой аж.



Монголд тайж угсаатай хэдэн мянган хүн байсан ба тэд бүгд Чингис хааны цустай, алтан урагт харьяалагддаг хүмүүс байжээ. Тайж гэдэг бол ван, гүнгийн адил гавьяа зүтгэлээр шагнал болгон өргөдөггүй, зөвхөн алтан ургийнхны л дархалсан нэр болон үеэс үед, үрээс үрд уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн боржигон овогт л тайж нар байсан юм биш урианхан, олхонуд, жалайр, бэсүд гэх мэт монголын бүх овог аймгуудын тайж нар нь угсаа гарвалын хувьд адилхан алтан урагт харъяалагдаж байжээ.



Европ дахинд дундад зууны үед монголчуудыг Татар хэмээн нэрийдэж байсан. Жастин Мароззи “Төмөрийн эцэг Тарагай нь Барласын ноён. Барласууд нь татарууд буюу Монгол гаралтай түрэг хүмүүс юм. Тэд XIII зуунд Төв Азийг байлдан дагуулсан Чингис хааны удмынхан билээ” гэжээ. Тарагай ноёны хатан нь Зүчийн удмын гүнж байсан.



Энэтхэгийн Их Монголчууд өөр хоорондоо Цагаадайн хэл хэмээх өдгөө нэгэнт устаж үгүй болсон хэлээр ярилцдаг байсан ба өнгөрсөн зууны эхэн хүртэл Энэтхэгт зөвхөн дээдэс язгууртны, ордны түвшинд буюу Их Монголчууд л өөр хоорондоо энэ хэлээр ярьдаг байжээ. Хэдэн зууны туршид оршиж ирсэн Цагаадайн улсын төрийн хэлийг ийнхүү Цагаадайн хэл (Chagatai language) гэж нэрлэж байсан байдаг. Дундад Азид нэгэн үе, ялангуяа XV-XVI зууны үед өргөн хэрэглэгдэж байсан энэ хэл нь түрэг хэлний ай савын нэг салбар болох уйгур хэлний нэлээд эртний хэлбэрт суурилсан, монгол язгуурын үг олонтой байжээ.



Бабур хаан энэ хэлээр намтраа бичсэн нь уг хэлний бичгийн томоохон дурсгалын нэгэнд ордог. Гагцхүү Дундад Азид аж төрсөн жалайр, барлас, бэсүд зэрэг олон монгол аймгууд нь он удаан жил түрэгүүдтэй холилдож, хожим цөөнх болж, дээрээс нь лалын шашинтан болцгоосноор түрэг, персийн соёлын нөлөөнд гүнзгий автсан нь тийнхүү түрэгжихийн үндэс шалтгаан болжээ.

 

ТОО
0
0
0