МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.

Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоололд шилжсэний дараа оросууд 1919 оноос эхлэн Григорийн тооллоор шинэ жил тэмдэглэх болж “С Новым годом” хэмээн мэндчилэх болжээ.

 

Домгоор бол, Хүмүүс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг заншилтай байжээ. Хүмүүсийн ядуу зүдүү, өлмөн зэлмэн амьдрал нь өвөг дээдэс, бурхан шүтээн, лус савдагт өргөл барьц өгөөгүйгээс болсон гэж үзэж байв. Тиймээс лус савдгаа аргадахын тулд мал адгуусны арьсаар муухай зүстэй мануухай босгон Өвгөн савдаг хэмээн нэрлээд өмнө нь өргөл барьц өргөдөг байжээ. Өвгөн савдагийн зан авир ширүүн байдаг ч сайхан сэтгэлтэй, сайн хүмүүсийг ивээлдээ авч муу муухай сэтгэл агуулсан хүнийг шидэт амьсгалаараа үлээгээд л хөлдөөчихдөг гэж итгэж иржээ. Цаг хугацаа он жилүүд өнгөрсөөр өвгөн савдагийн нэр аажимдаа өөрчлөгдөн Улаан хамарт өвөө, Цагаан өвөө, Өвлийн өвөө гэх мэтээр нэрлэгдсэн аж. Өвгөний арьсан хувцас газар шүргэм урт цагаан нэхий дээлээр солигдон, сахал нь шулуун өтгөн ургаж,  дугуй бариултай таван хошуу бүхий урт таяг тулдаг болж, эсгий цагаан гутал өмсөж, гурвалсан цагаан морьд хөлөглөн ирж, айл бүрийн хаалга үүдээр морилон орж ирдэг болж гэнэ.


 

Шинэ жилийн гацуурыг Скандиновын орнуудаас үүсэлтэй гэж үздэг ба Европын орнуудад 150 жилийн өмнөөс  12-р сарын 25-нд хотын гудамжинд болон гэртээ засаж, тоглоомоор чимэглэн гэрэл асаадаг болжээ.  Шинэ жилийн баярын ширээнд заавал оргилуун дарс, бялуу тавьж, ногооны салад, жимсээр таваг засдаг уламжлал тогтож, тухайн орны Ерөнхийлөгч нь 12-р сарын 31-ны 00 цагт ард түмэндээ хандан үг хэлж, баярын хонх дуугаргадаг болжээ.

 

Монголчуудын хувьд, Шинэ жилийн баярын цэнгүүний хамгийн хүндтэй зочин Өвлийн өвөө нь Монголд хамгийн анх 1947 онд “иржээ”. Өвлийн өвгөний дүрд МУ-ын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай 28 настай байхдаа “тогложээ”. Түүнээс хойш тасралтгүй 50 гаруй жил өвлийн өвгөний дүрд хувирч үе үеийн хүүхдүүдэд баргил сайхан хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн амтат чихэр, алим жүржийн бэлэг түгээсээр иржээ. Г.Гомбосүрэн гуайгаас хойш Монгол өвлийн өвгөний дүрийг МУ-ын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, МУ-ын Гавъяат жүжигчин З.Жарантав, Б.Жаргалсайхан нар “албан ёсоор” амилуулжээ. Жил бүрийн төгсгөлд цасан охидоо дагуулан ирж тухайн жилд сурсан мэдсэн бүхнээрээ шалгарсан шилдэг тэргүүний хүүхэд багачууд, ажилтан ажилчдад бэлэг гардуулан урамшуулж “Шинэ жилийн мэнд” хэмээн мэндчилдэг ёсон тогтжээ.

 

Өвлийн өвгөний хувцас цагаан байдаг нь ариун цагаан сэтгэл, уужим саруул ухаан, амар амгалан байдлыг илтгэдэг бол цагаан сахал нь урт насыг бэлгэддэг. Малгайных нь орой улаан сампин зангилаатай байдаг нь Улаан залаат монголчууд гэсэн утга ажээ.

 

...Цал буурал өвгөн аав нь цас мөсний их орноос цан хүүрэг татуулан, үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр, цалин цагаан морио унаад, цасан охидоо дагуулан бүжсээр, Цадиг түүхийн алтан өлгий болсон, Амжилт бүтээлийн эзэд, Алдар гавъяаны ирээдүй Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад урамтай байна, баяртай байна... хэмээн мэндчилсээр орж ирдэг.

 

Монголын “Сүлд модны наадмын дуу” нь анх 1959 онд зохиогджээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа нар зохиосноос хойш 56 жил улиран оджээ. “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, Цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан...” хэмээх энэ түүхэн дууг 1962 онд МУ-ын Ардын жүжигчин Б.Зангад гуай дуулж Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичүүлжээ. Мөн шинэ жилийн цэнгүүнийг “Уран хас” бүжгэн жүжгийн аягүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд монголчууд бид аль хэдийн “шинэ жилийн вальс” хэмээн нэрлэж заншжээ. Уран хас-ыг 1973 онд МУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Чулуун гуай зохиожээ. 

ТОО
0
0
0